Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Women in Esports: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь

Шинэ эриний спорт гэгдэж буй esport-д эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй бага буй нь нууц биш. Олон нийтийн анхаарлыг татаж, спонсоршип татаж буй төрлүүд,тэмцээнүүд, төслүүд гээд бүгд эрэгтэйчүүдийн өрсөлдөөн, тэдний удирдлагын дор явагдаж буй. Гэтэл esport-ийн өөрөө потенциал нь эмэгтэйчүүдийн оролцоо бусад спортуудыг бодвол харьцангуй өндөр, эрх тэгш байх боломжтой гэдэг нь тодорхой харагдана.

Асуулт 1: Ирээдүйд заавал жендерээр хуваагдаж өрсөлдөх шаардлагатай юу?

Уламжлалт бүхий л спортуудад эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй өндөр байдаг ч өрсөлдөөний хувьд нэг талбарт байх боломж бүрдээгүй байдаг. Уламжлалт спортууд ихэвчлэн биеийн хөгжил, хүч, хурд гээд атлетик чанаруудыг илүү ихээр шаарддаг тул эрэгтэйчүүдийн хувьд атлетик талаас эмэгтэйчүүдийг өрсөлдөөний хувьд илүүрхэх магадлал олонхийн хувьд аваад үзвэл өндөр. Үүний шалтгааныг хайвал улс орнуудын нийгмийн тогтолцоо, дээр үеэс ирсэн жендерийн тэгш бус байдал, шашин зэрэг зүйлсийг ухах шаардлагатай болно.

Эртнээс ихэнх улсуудад нийгмийн тогтолцоо, шашин гээд олон зүйлсээс шалтгаалаад эрэгтэйчүүд аливаад илүү өндөр оролцоотой, оролцоход нээлттэй байдаг байв. Одоо ч зарим улсуудад эмэгтэйчүүд спортод өрсөлдөх нь байтугай үзэх эрхгүй байдаг жишээнүүд бий.

Women in Esports: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь iran women
2019 он Ираны Тигран хот. Ираны эмэгтэйчүүд анх удаагаа хөлбөмбөгийн тоглолтыг цэнгэлдэхэд үзэх эрхтэй болоод үзэж буй нь.

Тийм ч учраас эрэгтэйчүүд уламжлалт спортуудын эхлэлийн жилүүдэд эхний алхмыг хийж байсан гэж хэлж болно. Зөвхөн эрэгтэйчүүдийн өрсөлдөх талбар мэтээр олон нийтэд ойлгогдож, бүхий л талаараа эрчүүдэд ээлтэйгээр хөгжиж байлаа. Анхнаасаа л эмэгтэйчүүдийн оролцоогүй шахуу эхэлсэн спортуудад эмэгтэйчүүд байр суурь эзлэх, оролцоог үүсгэх боломж хомс байсан юм. Тиймээс эмэгтэйчүүд он цагийн хугацаанд өрсөлдөөнөөс нь хоцорч, эрэгтэйчүүдтэй тулж өрсөлдөх боломж бага болсон билээ. Одоо үүний хамгийн зөв шийдэл нь эрэгтэйчүүд тусдаа, эмэгтэйчүүд тусдаа өрсөлдөх болсон бөгөөд ихэнх спортууд энэ шийдлийг урьтал болгож буй.

Харин esport-ийн хувьд бусад спортыг бодвол атлетик чанар шаардаагүй, биеийн хурд хүч голлоогүй учраас эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй өрсөлдөх бүрэн боломжтой гэгддэг. Гагцхүү esport, gaming сонирхол талаас эрэгтэйчүүд давамгайлж буй нь өрсөлдөөний талбарт эрэгтэйчүүд давамгайлах суурийг тавьж буй. Эмэгтэйчүүдийн хувьд gaming, esport сонирхох нь элбэг байдаг ч эрэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй бага. Тийм ч учраас олны дундаас олон тамирчин төрөх магадлал өндөр байдаг зарчмаар эмэгтэйчүүдийн өрсөлдөөнийн талбар хөгжихөд нийт сонирхож, тоглож буй эмэгтэйчүүдийн тоо хангалттай бус байгаа юм.

Хэрвээ энэ тоо нэмэгдэж чадвал эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдтэй нэг талбарт өрсөлдөж, багууд жендерийн хувьд холимог байх бүрэн бололцоотой юм. Үүний нэг жишээ болж азийн CS:GO бүст эмэгтэй тамирчин эрэгтэйчүүдтэй нэг багт тоглож, албан ёсны тэмцээнд оролцож байсан түүхтэй.

Women in Esports: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь jinny
MITH багт 4 эрэгтэй тамирчны хамтаар CS:GO албан ёсны тэмцээнүүдэд оролцож байсан Jinny. Тэрбээр 2018 онд манай Монгол улсын 2990 багийг 2:0-ийн харьцаатай буулган авахад хоёр мап нийт 45 frag хийж байв.

Одоогоор esport сонирхогчдын 70% нь эрэгтэйчүүд, 30% нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа байна. Сайн мэдээ гэвэл жилээс жилд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага багаар өссөөр буй.

Асуулт 2: Бидэнд эмэгтэй нөлөөлөгчид дутагдаж байна уу?

Аливаа спортын сонирхогчид, ирээдүйн чадварлаг тамирчдын нөөц олшрох нь нөлөөлөгч тамирчид, олон нийтийн шүтээн болсон тамирчид төрөн гарахтай асар их холбоотой. Майкл Жорданаас хамаарсан сагсан бөмбөг сонирхогчдын тоо ихсэх, байрны гадаах шийдүүд нэмэгдэх гээд энгийн жишээнүүдийг харж болно. Португалийн хөлбөмбөгт Криштиану Роналду гарч ирсэнээр сүүлийн жилүүдэд түүнийг үзэж өссөн маш олон дэлхийн зэрэглэлийн потенциалууд төрж буй. Энэ мэтчлэн нөлөөлөгч, үлгэр дуурайлал болох тамирчид, зам гаргагчид гэдэг спортын дараагийн үеэ бэлдэх тулгуур хүчин зүйл.

Тэгвэл одоогоор esport-д тамирчны зүгээс олныг дагуулж буй, дэлхий нийтэд нөлөөлж буй тамирчид хараахан гарч ирээгүй байна. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн оролцооны өсөлт тогтмол байдалтай буй.

Ийнхүү эмэгтэй мэргэжлийн тамирчдын тоо цөөн, хүчирхэг нөлөөлөгчид байхгүйгээс болж эмэгтэйчүүд esport сонирхсон ч түүгээр цааш үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэл үүсэхгүй байгааг харж болно. Үүний шалтгаан нь gaming, esport гэдэг охидуудын биш хөвгүүдийн сонирхол гэсэн хуучинсаг үзлээс үүдэлтэй.

Эмэгтэйчүүд esport-ийн төрөлд эрэгтэйчүүдтэй хангалттай илүүрхэж чадна гэдгийг Blizzard-ийн зохион байгуулдаг Blizzcon-д Heartstone төрөлд VKLiooon хэмээх эмэгтэй тамирчид аваргаар тодорсон үйл явдал баталж байлаа. Тухайн үйл явдал esport-ийн коммюнитид том мессэжийг өгсөн үйл явдал болж байв.

Xiaomeng “VKLiooon” Li: “Энэ бол намайг зүгээр л охин учраас намайг чадахгүй гэж эргэлзсэн хүмүүст өгсөн хамгийн том хариулт байлаа. Үүгээр би охид ч гэсэн мундаг мэргэжлийн тамирчин байж чадна гэдгийг, залуусын хэмжээнд өрсөлдөж чадна гэдгийг нотоллоо.”

Үргэлжлэл бий…

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img