Лхагва, 10 сар 27, 2021
top banner

Тоглоом

Би тоглоом л гэж бодож байсан. 10 гаруй жилийн өмнө хүүтэйгээ “Counter strike” гэгчийг тоглож байтал “Өө, ээжээ та намайг буудчихлаа ш дээ” гэж хэлэхэд нь “ёстой нүгэлтэй эд байна” гээд тэр дороо больсон.

2 жилийн өмнө “Ээжээ энэ чинь спорт” гэхэд “Балдуушны чинь спорт” гэж ирээд л хүүгээ айхтар их загнаж билээ. (Тэгэх шалтгаан байсан юмаа бас.)

2015 онд Монголын цахим спортын “The Mongol Z” баг Азийн том тэмцээнд маш амжилттай оролцсон тухай уншсанаас хойш “ер нь юу байдаг юм бол” хэмээн  анхаарлаа хандууллаа. Бид л (ялангуяа миний үеийнхэн) ойлгодоггүй, мэддэггүй болохоос цаагуур чинь их юм болж байна. Монголд үүссэн цагаас нь эхэлж тоглосон хүүхдүүд өнөөдөр аль хэдийн аавууд болжээ. (Мэр сэр ээжүүд ч байгаа бололтой.) 2009 оноос хойш жил бүр уралдаан тэмцээн зохиосоор бүр УАШТэмцээн явуулж, тамирчид нь олон улсын хэмжээнд, гаднын том багуудад тоглодог болж.

Жил ирэх тусам тоглогчид, үзэгчид, тоглоомын төрөл зэрэг нь асар хурдтай нэмэгдэж байгаа энэ  хөгжлийг бид зогсоож чадахгүйгээс хойш бага ч болов мэдээлэл, мэдлэгтэй болох хэрэгтэй байна. Тэгж баймааж нь  буруу зөвийг ялгаж, хаана нь хорьж цагдахаа, хэзээ нь зөвлөж дэмжихээ мэдэх бололтой догоо. Монгол хэл дээр мэдээлэл олоод авчих санаатай хайсан боловч бодитой тоо баримт мэдээлэл ховор юм.

Саяхных гэж бодож байсан видео тоглоом 1958 онд үүсжээ. (Тэрнээс өмнө 1947 онд пуужин харвадаг тоглоом бүтээсэн гэх хэдий ч баримт байдаггүй юм байна.) 1983 оны 7-р сард Японд Nintendo, 1990 онд Sega гарч өнгө, хөдөлгөөн, дүрслэлийн чанар, агуулга, хурд зэрэг нь улам сайжирсаар өнөөдөр дараах олон төрлүүдийг бий болгожээ.

Action adventure – адал явдалт болон өрнөлт;

 Adventure-адал явдалт;

Role playing game-үүрэг гүйцэтгэгч тоглоомууд;

Strategy-стратеги тоглоомууд;

Sport games-спортын төрлийн тоглоомууд;

Simulation games- машин техниктэй харьцдаг тоглоомууд

Arcade games. Миний ойлгосноор MOBA (multiplayer on line battle agenda) гэдэг нь хамгийн их хөгжиж байгаа төрөл юм байна.

Цахим спортын саар талыг дурдвал гарын 10 хуруу багадна, харин сайн талыг нь дурдвал гарын 10 хуруу бас л багадаж байна.

Юм л бол буудаж унагаад, дэлбэлээд, шатаагаад байдаг ч эд биш бололтой, сагс, хөл бөмбөг, шатар гээд олон төрлүүд байдаг юм байна.

ESPN спортын сувгийн Тайлер Эрцбергер (Tyler Erzberger) цахим спортын 2016 оны шилдэг тоглоомуудыг нэрлэснийг цухас танилцуулъя.

1. Counter strike: Global offensive (Valve)-CS:GO -хамгийн олон үзэгчтэй, Хойд Америк, Өмнөд Америк, Европ, сүүлийн үед Хятад улсад их тоглодог

2. League of legends – мэргэжлийн лигтэй, алдар цуутай мэргэжлийн тоглогчидтой Америк, Европ, Хятад улсад их тоглодог.

3. Dota- анхлагчдын нэг хэдий ч шилдэг гуравт байнга ордог. Түүнчлэн Overwatch; Street fighter; Super smash Bros. Melee; Call of duty; Hearthstone; Super smash Bros.; StarCraft. New meta-аас хийсэн “PC тоглоомоос дэлхийн тавцан руу” баримтат киноны талаарх сэтгэгдлүүдийг уншиж байхад үнэхээр сайн бүтээл болсон нь илт.

Бага залуу нас л хойно хорих тусам улам их тэмүүлж, зүгээр ч нэг тоглоом биш ЦАХИМ СПОРТ болтол нь хөгжүүлсэн байна, цаад хүүхдүүд чинь. Одоо бид жаахан дэмжээд өгвөл дэлхийн хэмжээний амжилт энүүхэн хаяанд.

ЭХ СУРВАЛЖ:ESPN.COM
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img
Дараагийн нийтлэлThe MONGOLZ

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img