Бямба, 10 сар 23, 2021
top banner

Valve-аас Checkmate, NKT багууд IEM Fall-д түрүүлсэн ч major-т оролцох боломжгүй болголоо

PGL Major Stockholm тэмцээний үндсэн сонгон шалгаруулалтын хуваарь гарсан талаар бид өнөөдөр та бүхэнтэй хуваалцсан билээ. Эхний RMR тэмцээнийг Perfect World 5 сарын өмнө зохиож 8 багийн дунд болсон тэмцээнээс эхний 4 багт нь оноо өгсөн. Тэр дунд Монгол баг багтаж чадаагүй бөгөөд Монгол багууд оноогүй хоцорч, Хятад 4 баг 1000+ оноо авсан билээ.

Тэгвэл энэ удаагийн намрын RMR тэмцээнийг ESL зохион байгуулах болсон. Нээлттэй сонгон шалгаруулалт, хаалттай сонгон шалгаруулалтыг зарлаж, үндсэн тэмцээнийг 4 багийн дунд хийхээр болсон юм. Үүний хоёрыг нь Tyloo, Vici багууд өмнөх RMR-д тэргүүлсэн гэдэг үндэслэлээр авсан. Харин үлдсэн хоёр слотын төлөө бусад багууд нээлттэй сонгон шалгаруулалтаа эхэлсэн билээ.

Ингээд тэмцээний зарлагдах үед үндсэн тэмцээний 4 багаас эхний хоёр баг нь 2000+ оноо авах журамтай байв. Ингэснээр Монгол багууд, за цаашлаад Tyloo, Vici-ээс бусад багуудад боломж гарч ирсэн. Хэрвээ өмнөх тэмцээний оноотой 4 багаас өөр хоёр баг финалд шалгарвал тухайн хоёр багийн хожсон нь шууд эрхээ авах байв.

Valve-аас Checkmate, NKT багууд IEM Fall-д түрүүлсэн ч major-т оролцох боломжгүй болголоо image 2
Анх зарлагдахдаа эхний хоёр байранд орсон багт л оноо өгөх байв

Ингээд нээлттэй сонгон шалгаруулалт явагдаж 9 сарын 17-19-нд хаалттай сонгон шалгаруулалт эхлэх хугацаа дөхөв. Нээлттэй шатнаас Монголын Checkmate, Монгол хоёр тоглогчтой NKT багууд гарч ирсэнээр энэ хоёр баг цааш шалгарвал Монгол тамирчдад боломж байгаа гэдэг нь ил болсон. Гэвч 9 сарын 16-ны өдөр дүрмэнд өөрчлөлт орж үндсэн тэмцээнд оролцох 4 баг дөрвүүлээ 2000+ оноо буюу өмнөх RMR-д түрүүлсэнээс ч өндөр оноог авахаар болж гэнэт өөрчлөгдөв. Ингээд Монгол тамирчдын major-д оролцох боломж 0% буюу онолын хувьд ч боломжгүй боллоо.

Гэвч энэ бол логикийн хувьд, дүрмийн хувьд, шудрага ёсны хувьд ч аваад үзсэн тун эргэлзээтэй шийдвэр болсон. Нэгдүгээрт RMR тэмцээн эхлэхээс өмнө онооны хуваарилалтыг олон нийтэд ил болгож, Liquipedia дээр ч тавигдсан байсан. Гэтэл тэмцээн эхлээд альхэдийн нээлттэй сонгон шалгаруулалт дуусаад Монгол тамирчид тэргүүлж эрхээ авсаны дараа гэнэт дүрмийн өөрчлөлт оруулж 4 багт дөрвүүлэнд нь оноо өгөхөөр болсон. Ингээд сонгон шалгаруулалтын багуудын шалгарах боломж тэмцээний дундаас гэнэт үгүй болов.

Valve-аас Checkmate, NKT багууд IEM Fall-д түрүүлсэн ч major-т оролцох боломжгүй болголоо image 1
Оноогүй хоёр баг буюу Монголын тамирчид эрхээ авсаны дараа гэнэт 4 баг оноо авахаар болов.

Хоёрдугаарт тэмцээнд урилгаар оролцоод нэг ч хожил аваагүй байсан ч өмнөх тэмцээний аварга авсанаас ч өндөр оноог шууд авна гэдэг тун логикгүй шийдвэр байлаа. Өмнө нь 8 баг оролцсоноос тал хувьд нь буюу эхний 4 багт оноо өгсөн (гэхдээ энэ нь ч бас тийм сайн онооны систем байгаагүй). Гэтэл энэ удаа 100% 4 багт нь суурь 2031 оноо өгсөнөөр Tyloo, Vici гэсэн багууд нэг ч хожил байгуулаагүй байсан ч 2031 оноо авсанаар ямар ч багт ардаасаа гүйцэгдэх боломжгүй болж байгаа юм. Хэрвээ ийм онооны систем хийх байсан бол Valve өмнөх RMR дээр ч 8 багт тодорхой хэмжээгээр бүгдэнд нь оноо өгөх ёстой байв. Ер нь ямар ч онооны уялдаатай тэмцээнүүд хоорондоо учирзүй, логикийн хувьд ижил байх ёстой. Нэг нь нөгөөгөөсөө цоо шинэ болоод ирэхээр онооны уялдаа алдагдаад шал буруу тооцооллоор ялаг ч нь тодордог.

Гуравдугаарт гэвэл энэ тэмцээнийг тэгвэл Valve, ESL яагаад энэ олон багийн дунд хийх болов. Хэрвээ Tyloo, Vici шууд уригдаад 2031 оноо авчих юм бол онолын хувьд Wingsup, Invictus-ээс бусад багуудад ямар ч боломж байхгүй. Хэрвээ ингэх байсан бол тэмцээнийг зөвхөн энэ 4 багийн дунд хийх л ёстой байв. Цаашлаад Checkmate, NKT багуудын боломжийг тэмцээний дундаас ийнхүү үгүй болгосон нь тун шударга бус үйл явдал боллоо.

Энэ талаар Checkmate багийн дасгалжуулагч Kaine-ээс тодруулахад:

“Бид нарын хувьд нээлттэй сонгон шалгаруулалтаас нь эхлээд хожсоор энэ шатанд гарсан. Гэвч гэнэт л major-т шалгарах ямар ч боломжгүй болчихсон. Эхлээд хоёр багт оноо өгөхөөр зарлагдахад бидэнд боломж байсан. Гэтэл биднийг эрхээ авсаны дараа гэнэт л дөрвөн багт оноо өгөхөөр болсон. Лавлаж асуухад цаанаасаа ингэ гэсэн шийдвэр гарсан л гэсэн. ESL-ээс лавлаад асуухад Valve-ийн шийдвэр гээд цааш нь шилжүүлэхээр нь за одоо яахав дээ гээд орхисон доо. Одоо тэмцээнд оролцож буй шалтгаан нь зөвхөн ESL Pro Tour-ийн л оноо байна” хэмээв.

Ийнхүү Valve, ESL, Perfect World гээд major, minor тэмцээний зохион байгуулагчид азийн бүст ялгавартай хандаж буйгаа ээлжит удаагаа харууллаа. Бусад тэмцээн дээр дүрэм журам дээр нарийн ханддаг бол азийн бүсийн дүрэм дээр тэмцээний дундаас л дүрмийг хүссэнээрээ өөрчилж, ямар баг шалгарснаас хамаараад онооны системийг өөрчилж, онооны систем, тэмцээний уялдаа дээр ч Европын бүс болон том багууд ихтэй бүсийнх шигээ байж чадахгүй байгаа нь харамсалтай. Цаашлаад эдгээр шийдвэрүүдийг харвал бүгд Хятадын багуудад ээлтэй, хэрвээ Хятадын баг шалгарахгүй бол яах вэ гэсэн үндсэн дээр гаргасан гэж хардахаар байгаа юм. Хамгийн гол асуудал бол яагаад Valve тэмцээний дундаас Монгол тамирчид хаалттай сонгон шалгаруулалтын эрх авсаны дараа, гэнэт дундаас нь Tyloo, Vici багуудад нэг ч хожил аваагүй байсан ч 2031 бэлэглэж бусад багуудын боломжийг онолын хувьд ч гэсэн 0% болгов гэдэг байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img