Монгол улсын боловсролын их сургуулийн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан University Open Dota2-ийн тэмцээн энэ долоо хоногт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд МУИС, МУБИС, ШУТИС тэргүүтэй нийт 9 их дээд сургуулиудын багууд оролцсон юм. Багууд хоёр хэсэгт хуваагдан тойргийн тоглолт хийж хамгийн их оноотой хоёр баг хэсгээсээ гаран хагас шигшээ шатанд шалгарч үлдсэн юм.
А хэсгээс ШУТИС нэг ч хожигдолгүй хэсгийнхээ нэгээр гарсан бол Шинэ Монгол нэг ялагдалтайгаар хоёроор гарч хагас шигшээ шатанд шалгарлаа. Харин B хэсгээс Хүмүүнлэг хэсэгтээ нэг ч ялагдалгүйгээр тэргүүлсэн бол МУИС нэг ялагдлаар тус тус хагас шигшээ шатанд шалгарсан юм.
Хагас шигшээ шатанд Хүмүүнлэг Шинэ Монголыг, МУИС ШУТИС-ийг 2-0ээр илүүрхэн хожиж гранд финалд шалгарсан юм. Ийнхүү хэсгийнхээ аваргын төлөө тоглосон Хүмүүнлэг, МУИС финалд ахин тоглосон бөгөөд энэ удаа МУИС даагаа нэхэж 2-0ээр хожсоноор энэхүү тэмцээний аварга багаар тодорлоо. Харин гуравдугаар байрны төлөө мөн хэсгийнхээ аваргын төлөө тоглосон ШУТИС, Шинэ Монгол хоёр ахин тоглож ШУТИС 2-0-ээр хожон гуравдугаар байр эзэллээ.
МУБИС нь 70 жилийн ойдоо зориулан dota2-оос гадна мөн шатрын тэмцээн түрүү долоо хоногт зохион байгуулсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй хоёр ангилалд МУИС-иас түрүүлэн аваргаар тодорсон юм.
Тэмцээн цаашдаа University Open нэрийн дор дахин зохион байгуулагдах төлөвтэй байгаа ба их дээд сургуулиудын дунд болдог испортын уламжлалт тэмцээн болох ажээ. Ерөнхий санаачлагчаар МУБИС, зохион байгуулалтыг Newmeta Esports хариуцан ажилласан байна. Newmeta Esports нь өмнө MCS группын аварга шалгаруулах тэмцээн, Монголын Банкуудын дунд зохиогдсон испортын аварга, их дээд сургуулиудын дундах тэмцээн зэрэг сонирхогчийн хэмжээний испортын тэмцээнүүдийг мэргэжлийн түвшинд зохион байгуулалт, продакшн, шууд дамжуулалт зэрэгтэй нь багцлан гүйцэтгэж байгаа юм.