The International тэмцээн нэг жил завсарласны эцэст 2021 онд TI10 нэрийн дор Шведийн Стокхолм хотод зохион байгуулагдахаар болсон билээ. Гэвч Шведийн Спортын Холбооноос esport-ийг спортын төрөл хэмээн хүлээн зөвшөөрөөгүй нь тэмцээнийг зохион байгуулахад саад үүсгэлээ. Спортын холбооноос нь esport-ийг хүлээн зөвшөөрөөгүйгээс тамирчдын виз, Швед улсад очих зэрэг дээр саадууд үүсэх бөгөөд үүнээс шалтгаалж тэмцээнийг тус улсад зохион байгуулах бараг боломжгүй болж байна.
Шведийн хувьд esport-ийн олон төрлөөр олон улсад амжилт гаргадаг боловч засаглалын талаас ийм шийдвэр гарсан нь тун сонирхолтой. Шведээс CS:GO төрөлд ялангуяа маш олон тооны тамирчид төрөн гарч мэргэжлийн тамирчдын нилээдгүй их хувийг эзэлдэг билээ.
Ийнхүү Valve-ийн зүгээс тэмцээн болох байршлыг өөрчлөх төлөвтэй байгаа ба Европын өөр улсуудад хувилбар хайж байгаа ажээ. Харин үүнээс шалтгаалан тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад өөрчлөлт орохгүй юм байна.