Америкаас гаралтай esport-ийн байгууллага болох Team Liquid, технологийн Alienware компанитай хамтран Good in Gaming нэртэй платформ хөгжүүлэх болсоноо зарлав. Уг платформ нь esport-ийн боловсрол, карьер төлөвлөлт, олон нийтэд мэдлэг олгохуйц контэнт, олон улсын тэмцээн хийх зэргийг багтаасан аж.
Платформ нь цуврал esport-ийн боловсролын контэнтууд, подкаст, ярилцлагууд, 1v1 менторшип хөтөлбөр, сургалт курсууд, тэтгэлэгт хөтөлбөрүүд, олон улсын тэмцээнүүд зэрэг бүтцийг агуулсан байх юм байна. Ерөнхий бүтцийн хувьд дөрөв хуваагдах бөгөөд “Өсч хөгж, суралц, бэлэн бол, тэмц” гэсэн дөрвөн төрөлд хуваагдаж байгаа ажээ.
Өсч хөгжих буюу Grow хэсэгт Team Liquid x Alienware-ийн тэтгэлэгт хөтөлбөр байх ба интерн хөтөлбөрт хамрагдсан хүмүүсээс хоёр хүн дөрвөн сарын тэтгэлгийг хүртэх аж. Үүнд менторшип хөтөлбөр, зорилгодоо хүрэх алхмууд зэргээр Liquid-ийн мэргэжилтнүүд тулж ажиллах юм байна. Гэхдээ хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн хувьд Alienware Series тэмцээнд ядаж нэг удаа оролцсон байх шаардлага тавих ажээ. Цаашлаад бусад хэсгүүд дээр esport-ийн мэргэжлийн тамирчдын туршлагатай биеэр танилцах, сургалтын мөнгөн тэтгэлэг зэрэг маш олон боломжууд хүлээгдэж байгаа юм байна.
