Ням, 11 сар 27, 2022
Бусад

    Small 2 big арга хэмжээний талаар

    Small 2 big арга хэмжээг IHC-ээс энэ оны 6-р сарын 5-нд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд зохиож байгаа билээ. 

    Энэ төслийн хүрээнд Монгол залуусын “small 2 big« буюу жижиг зүйлээс ихийг бүтээсэн түүхүүдийг та бүхэнд хүргэж байна. 

    Интернет кафе-с Дэлхийн аваргын тавцан руу гарсан small 2 big түүх

    small 2 big
    Kabal

    Анх 10 настайдаа аав ээжийгээ шалсаар байгаад, маш олон амлалт өгөн байж энэ PC-гээ авахуулж байсан юм. Өөрийн гэсэн PC-тэй болоод хөл газар хүрэхгүй баярлаж байсан зураг минь. 7 настайгаасаа л аав ээжээсээ 100, 100 төгрөг илүүчилж аваад PC-нд 15хан минут Counter-strike гэдэг тоглоомыг тоглодог байлаа. Цаг дуусчингуут бусад хүмүүсийг араас нь тоголж байгааг хараад л. Энэ тоглоомондоо зүгээр л дуртай гэхээс илүү маш их хайртай гэж хэлж болохоор, боломж л гарвал хичээл номынхоо хажуугаар тоглоод суучихдаг байлаа. Анх Counter-Strike-ийн дэлхийн аваргын тэмцээн болдог гэж сонсоод тэр хүмүүсийн нэг нь болоод олон хүмүүсийн нүдэн дээр тоглож байх юмсан гэж их мөрөөддөг байсан юм. Тухайн үед монголд Esport хөгжөөгүй, энэ спортоор хичээллэнэ гэсэн ойлголт ч байдаггүй байсан үе юм. Том болохын зэрэгцээ тоглоом маань хүртэл маш хурдацтай хөгжиж, маш олон үзэгч, фэнүүдтэй болж тэмцээн нь хүртэл өргөн хүрээнд зохион байгуулагддаг болсон нь өнөө цагийн Major буюу Дэлхийн аварга юм. small  2 big. Одоо ингээд харахад хэрвээ тэр үед өөрийн гэсэн PC-тэй болоогүй бол өнөө цагийн MAJOR-т хүсэл мөрөөдөл өвөртөлсөн KABAL сууж байхгүй байсан болов уу? 

    Форбес сэтгүүлийн “30 under 30” жагсаалтад багтсан Tushigt-Erdene Davaa-Ochir-ий small 2 BIG түүх. 

    Small 2 big арга хэмжээний талаар 285556611 171129785274895 8305210072641446967 n
    Д.Түшиг-Эрдэнэ

    Долоон жилийн өмнө компьютертой анх танилцаж, вебсайт хөгжүүлэхийг сурч байхад манай гэрт интернет байдаггүй байлаа. Аймаг маань ч одоогийнх шигээ шилэн кабельд холбогдоогүй байсан үе. Тийм болохоор хичээл тарсны дараа мэдээлэл зүйн кабинетийн гадаа сууж, интернет ороод “Веб хөгжүүлэгчид” гэдэг Фэйсбүүк группээс кодоо үсэг, үсгээр нь асуудаг байсан. Ингэж явсаар халтуур хийж олсон мөнгөөрөө сервер, домайнаа аваад, боловсролын мэдээллээр дагнасан “GoodYouths” вебээ нээж байлаа. Веб маань маш богино хугацаанд 1 сая хандалт авч, сүүлдээ серверийн түрээсээ дийлэхгүй хаагдсан ч тэр жил надад Монголын хоёр том сайтаас гэрээт сэтгүүлчийн санал ирж байсан. small 2 big. Ингээд их сургуульд сурахгүйгээр шууд ажлын байран дээр гарч, зургаан жил технологи, хэвлэл мэдээллийн салбарт ажиллажээ. Харин өнгөрсөн жилээс өөрийн мөрөөдлөө бодит болгохоор, өрх тусгаарлаад:

    • – Web3 тэр дундаа NFT суурьтай технологиудыг хөгжүүлдэг MetaMori NFT -г хамтран үүсгэн байгуулж,
    • – Турк, Филиппинд суурьшин тоглож байгаа, Mobile Legends тоглоомын Монголын No.1 баг Positive Gaming Mongolia -г босгож,
    • – Forbes-ийн @Forbes Under 30@forbesunder30 жагсаалтад багтаж,
    • – Дөрвөн бестселлэр номын Ерөнхий редактороор ажиллаж амжсан байна.
    • Хөдөө байхдаа аймгийг мөрөөдөж, аймагт ирээд хотыг мөрөөдөж, харин хотод суурьшаад одоо бол олон улсыг мөрөөдөж сууна даа. Жижиг гэлтгүй өдөр бүр хичээвэл зорьсон том зорилгодоо хүрэх өдөр ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

    IHC ESPORTS Godless small 2 big түүх

    Small 2 big арга хэмжээний талаар 285498640 554712902771679 5581332843670066058 n
    IHC ESPORTS. Godless

    Анх би зүгээр л зугаагаа гаргаж хөгжилдөхийн тулд энэ тоглоомыг тоглодог байлаа. Тэгээд хагас жил гаруй энэ маягаараа тоглож хөгжилдөж байгаад утсаа сайжруулан сонирхогч түвшинд тоглож эхэлсэн. Удалгүй монгол тэмцээнүүдэд орж сайжран ТОП тоглогчдын нэг нь болж эхэлсээн. Хичээл номоо хажуугаар нь амжуулж тоглодог байсан болохоор сонирхогчийн түвшинд л байсаар байлаа. 2020 оны дэлхийн аваргын финалын тэмцээнд Дубай хот руу “ZEUS” баг оролцох эрхээ авч явах цаг нь дөхсөн байлаа. Дотроо энэ багт ороод өөрийгөө дэлхийн тэмцээнд харуулах юмсан гэж бодол тээж явдаг байв. Нэг өдөр боломж гарч ирж тэр боломжоо атган аваад багийнхантайгаа хамтдаа Дубай хотыг зорин Дэлхийн аваргын хүрэл цомыг эх орондоо авчирж чадсан.Энэ боломж гарч ирснээс үүдэн өдий зэрэгтэй амжилттай мэргэжлийн тоглогч гэсэн нэрэн дор хичээн ажиллаж байнаа.

    IHC ESPORTS Alex small 2 big түүх

    Small 2 big арга хэмжээний талаар 285834664 556447665931536 802379448823591444 n

    Анх 2019 онд сонирхогчийн төвшинд тоглож эхэлсэн тэр үед зүгээр л уйдаагаа гаргах гэж л тоглодог байсан. 2020 оноос тэмцээн уралдаан болдог гэж мэдэж уйдаагаа гаргах гэж биш тэмцээнд орж үзэхийг хүсэж өөрийгөө сайжруулах гэж бэлтгэл хийж эхэлсэн.Тэр үед ZEUS гээд баг ДУБАЙ -г зорин дэлхийн аваргад өрсөлдөн 3-р байранд орсон гэдгийг сонсоод ZEUS ийн шүтэн бишрэгч нь болж энэ хүүхдүүдтэй нэг баг болох юмсан мэргэжлийн тоглогч болох юмсан гэх бодлыг тээн бэлтгэлээ хийн өдөр ирэх тусам сайжран өөрийгөө бэлдэж байлаа. 2021 онд ZEUS-д 5 дахь гишүүнээ шалгаруулан авна гэдэг мэдэгдлийг хараад надад боломж байгаа гэж өөртөө итгэн шалгуулахаар боллоо. Маш их догдолж шүтэж явдаг багийнхантайгаа хамт тэмцээн уралдаанд орно гэхээр л баярлан бас сандарч байлаа. Хамтдаа 1сар гаруй хугацаанд тэмцээн уралдаанд орж 5дах гишүүн нь болж эцэст чадсан юм. small 2 big. Үүнээс маш их урам аван 4сар бэлтгэгдэн үндсэн гишүүн болж мэргэжлийн тоглогч нэрэн доор хичээн ажиллаж байна. 

    Сайн байцгаана уу ? CryptoVerse байна. “Ямар ч зүйлд хийж эхлэх нь хамгийн чухал байдаг.” small 2 big түүх

    Small 2 big арга хэмжээний талаар 285500230 171430195244854 7847611106901852823 n
    Crypto Verse үүсгэн байгуулагчид

    2020 оны хөл хорио дэлхий нийтийг хамарсан үед өнөөгийн хамгийн том арилжаа сонирхогч залуусын нэгдэл болох Swing traders discord дотор бид нар шинээр сурсан олон мэдээ мэдээлэл бүхнээ бие биедээ хуваалцаж хамтдаа суралцаж байсан юм. Тухайн үеэс хойш нэлээн хугацаа өнгөрсөн ч анхнаас зах зээлийн талаар нэгдсэн нэг ойлголт өгөх суваг гарч ирээгүй мөн олон төрлийн чанаргүй сургалт, сигнал өгсөн хүмүүс энд тэнд гарч ирээд дөнгөж хөгжиж байгаа зах зээлийг хүмүүст их буруугаар ойлгуулж эхэлсэн учраас бид хоёр нэгдээд зөв ойлгомжтой мэдлэг мэдээллийг хүн бүхэнд хүртээмжтэй байдлаар хүргэх ёстой юм байна гэж үзээд CryptoVerse анхнаас нь бүтээж эхэлсэн.  Анх хоёулаа эхэлж байсан бол одоо 12300 гишүүнтэй томоохон гэр бүл болжээ. Яг л small to BIG гэдэг шиг жижиг зүйлсээс том зүйл бүрдэж байдаг. Бид хоёр хийхгүй зүгээр яриад өнгөрсөн бол энэ бүх зүйл бий болохгүй байсан. Тиймээс ямар ч зүйлд хийж эхлэх нь хамгийн чухал байдаг шүү. Small 2 big. та ч гэсэн яг одооноос бодож төлөвлөж байгаа зүйлээ хийж эхлээрэй амжилт 

    Дэлхийн жишигт нийцсэн сагсан бөмбөгийн клуб болох зорилгыг өвөртөлж явна. – Bolortulga Purevjav. small 2 big түүх

    Small 2 big арга хэмжээний талаар 285053612 171309371923603 8366126097460562170 n
    Bolortulga Purevjav

    96, 97 онд NBA зурагтаар маш ховор гардаг байсан үе, тухайн үед Chicago Bulls дэлхийн хамгийн шилдэг баг нь байсан юм. Тэдний тоглолтыг үзээд л анх сагсанд гүн дурлаж байж билээ. Ихэнх цагийг байрны гадаа найзуудтайгаа сагсны талбайд тоглож өнгөрөөдөг байлаа. Түүнээс хойш өсвөрийн тэмцээнүүдэд тоглодог болоод, 2004 онд СЭЗДС-д оюутан болоод оюутны лигт тоглоод анхны медалиа авч байсан юм. 2007 оноос лигийн тэмцээнд тоглож эхлэн, маш олон тэмцээнүүдэд орж нэлээн туршлагатай болж авсан. 2010 онд анх удаа лигийн тэмцээнд түрүүлж, түүнээс хойш олон лигийн тэмцээнүүдэд тоглож, 6 удаа дээд лигийн аварга болж байсан минь өнөөгийн IHC Apes багт орж тоглох үндэс сууриуд нь болж өгсөн. Одоо IHC Apes багтайгаа илүү том зорилгын төлөө дэлхийн жишигт нийцсэн сагсан бөмбөгийн клуб болох зорилгыг өвөртлөн жижиг жижиг алхмуудыг хийж томоохон зорилго бүтээх хүсэл эрмэлзэлтэйгээр явж байна. small 2 big.

    Өөрийн хүсэл эрмэлзлээ даган Small 2 Big шийдвэрээ зоригтой гаргаарай!

    Small 2 big арга хэмжээний талаар 285628355 171240915263782 7164642184441589791 n
    Tomyo. В.Баярсайхан

    Туркэд програм хангамжаар сурч төгсөөд ажилд орсон эхний жилүүд нэг л биш байлаа. Уул нь Истанбул хотын зүрхэнд Yaz Information Systems нэртэй компанид интернет банкны систем дээр ажилладаг байлаа. Барагтай залуусын мөрөөддөг л ажлын байр. Гэтэл яагаад ч юм хийж байгаа зүйлээсээ аз жаргалыг бүрэн мэдэрч чадахгүйгээ ойлгоод 3 жил ажиллаад Монгол руугаа буцаж өөрийн стартап-аа эхлүүлэхээр шийдэж билээ. Тэр цагаас хойш олон ч стартап эхлүүлж, унагаж босгож, амжилтад хүргэж ирлээ. Тэр бүхнээс нийгэмдээ хамгийн сайн ЭЕРЭГ өөрчлөлтийг авч ирсэн нь хүний нөөцийн салбарын BizNetwork.mn, санхүүгийн салбарын LendMN, боловсролын салбарын TomYo гэх төслүүд юм. Эдүгээ өнөөдрийн нийгэмд олон зуун мянган залуусыг орлоготой, ажлын байртай, боловсролтой болоход нь хувь нэмрээ оруулж энэхүү төслүүдийнхээ ҮР ДҮН-гээс нь жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг. Тухайн үед Инстанбул-аас буцаж Энтрепренер замналаа эхлүүлэх тэр шийдвэр маань миний Small 2 Big байжээ. Чи ч гэсэн өөрийн хүсэл эрмэлзэл мөрөөдлөө хөөж Small2Big шийдвэрээ зоригтой гаргаарай!

    Mezorn Technology -ийн үүсгэн байгуулагч Б.Манлай: “Oлуулаа явбал хол явдaг, майонез их идвэл таргалдаг” small 2 big түүх

    Small 2 big арга хэмжээний талаар 283488482 171158331938707 2287303148828883164 n
    Б.Манлай

    Аав ээж ах өвөө гээд манай гэрийнхэн бүгд эдийн засагчид, гэхдээ миний сонирхол, хүслийг үргэлж дэмждэг гэр бүлд төрсөн нь муу сурлагатан надад их аз. Хүүхэд бүр бага ангидаа онц сурдаг байхад над шиг 1-р ангийнхаа эхний улиралд 3 гарчхаад бодсон юмгүй баясаад явж байсан хүүхэд хэд байдын бүү мэд. Ганц хоёрхоон хичээлд дуртай, түүнийгээ хөөсөөр 2004 онд ангийнхаа 3н хүүхэдтэй IT-ийн салбарт бизнес хийнэ гээд компани байгуулах гэсэнд зарим нь насанд хүрээгүй учир бүртгүүлж чадсангүй.  Иргэн Манлай гэдэг нэрээр 9м2 оффис түрээслээд чадлаараа цонх хаалгаа бөглөөд эхэлж байлаа. Мэдээж сургуулиа төгсөөгүй сурсан юм байгаагүй цэвэр сонирхогчдоор програм бичүүлдэг хүн ч гэж юу байхав, жилийн дараа дампуурав. Ганц ойлгосон зүйл нь “их юм сурах хэрэгтэй”.  За ингээд 4н өөр зүг рүү сайн эцэг эхийн буянаар эрдэм сурахаар таран явж 2009 онд буцаж цуглаад Mezorn Technology гэх компаниа байгуулаад албан ёсоор 4 лээ дундаа 2 компьютертой өдөрт дундаа 1 кофе аваад тухайн үед цөөхөн байсан wifi тай нэг кофе шопт хөөгдөн барин сууж үйл ажиллагаагаа эхлүүлээд, анхныхаа eBagsh, EZStat апп уудаа гаргалаа. Түүнээс хойш тоочоод барахгүй их бүтэлгүйтэл, зовлон асуудалтай нүүр тулсаар тэднээсээ суралцсаар хумхын тоосноос жижиг биет болон хөгжиж UBCab – Онлайн такси үйлчилгээ , Тэтгэлэг аппликэйшн тэргүүтэй өөрсдийн бүтээгдэхүүнтэй, 10 гаран биет бус хөрөнгийн патенттай 100 гаран чадварлаг залуустай нэг баг болсон. Одоо бид жижгээс том руу батаараа хүрэх замдаа гарсан. Хүн суралцсан хэмжээгээрээ холыг харж, дуртай зүйлдээ үнэнч байвал юуг ч даваад шийдээд гардгийг, хамтрагч нартаа итгэж олуулаа явбал хол явдгийг, майонез их идвэл таргалдгийг ойлгосон мөч өнөөдрийн намайг бүтээгээд явж байгаа юмуудаа. small 2 big түүх. Сураад л байгаарайдаа!!! 

    Анх ухаан орсон үеэсээ л Брюс Ли, Жэки Чан шиг тулааны урлагт суралцаж цэргийн хүн болно гэж мөрөөддөг хүүхэд байлаа. small 2 big түүх

    Small 2 big арга хэмжээний талаар 284993968 171081625279711 7978043216994734410 n

    Багийн спортод их дуртай хүүхэд байсан болохоор аав маань намайг таеквондогийн сургалтад бүртгүүлж 5-12 нас хүртлээ хичээллэсэн. Миний бага нас Эрдэнэтэд өнгөрсөн бөгөөд 2001-2002 оны үеэр дэлхийд ид алмайруулж байсан одууд болох Chris Brown, Rain, Usher, Justin Timberlake гэх зэрэг дуу, бүжиг хослуулсан үзүүлбэр үзүүлдэг уран бүтээлчдийг хараад цус их л хөөрч дуучин болох хүсэл эрмэлзэлтэй болсон ч тухайн үед миний бүжгийн авьяас илүү цойлж илэрсэн. Тэр үеэс хойш дунд ангиасаа авахуулаад 10н жилдээ сургуулиа төлөөлж, ахлах ангидаа ороод Эрдэнэт хотыг төлөөлж бүжгийн тэмцээнд оролцдог болж эхэллээ. Ахлах ангид ороод Улаанбаатар хот луу нүүгээд мэргэжил сонгох болох үед СУИС-н дуучны ангид орно гэж бодсон ч хажуугаар нь өөр мэргэжилтэй байх хэрэгтэй гэж үзсэн тул ШУТИС-д Хөнгөн Үйлдвэрлэлийн Механик инженер ангийг сонгон, мэргэжил эзэмшиж төгссөн. Хэдий урлагийн мэргэжлээр сураагүй ч өөрийн хүсэл мөрөөдөл болох бүжгийг хэзээ ч орхиогүй хичээллэсээр явсан. 2008 оны үед Монголд залуучуудын дунд реп бүжиг их хит болж байлаа. Тухайн үед бүжгийн урлагт 80% нь реп бүжиг бүжиглэдэг байсан бол ердөө 20% нь л Choreography буюу дэглэлтийн бүжгийн төрлөөр бүжиглэдэг байсан. Миний хувьд реп бүжгийг халж Choreography төрлийг илүү дэлгэрүүлж бусдад таниулах хүсэл дүрэлзэж 2008-2009 онуудад тэр цаг үеийн Монголын бүхий л томоохон тэмцээн наадамд оролцож тэргүүн байрыг авдаг боллоо. 2010 оноос авахуулаад найзуудтайгаа энэхүү хоббигоо илүү мэргэжлийн төвшинд аваачих хүсэл өвөртлөн Bachka, Tugo, Kai, Temuka, Andy гэх зэрэг бүрэлдэхүүн нэгдэж бүжгийн хувьсгалын төлөө гэх уриан доор AIM4R (Aim for Revolution) Production нээсэн. AIM4R-ийхан зөвхөн монголд л байдаг реп буюу хип хоп бүжгийн буруу техникгүй хувилбарыг халах street dance-г зөв системтэйгээр хөгжүүлэх мөн хамтлаг, дуучдын ард байдаг бүжигчид гэхээсээ илүү хамтарч ажилладаг уран бүтээлчид гэдгийг ойлгуулахаар ажиллаж ирсэн. small 2 big.  Мэдээж эхэн цаг үеүдэд зөвхөн бүжиг гэлтгүйгээр мөнгө олохын тулд цагийн зөөгч, гүрүшк, бас Юнителд оператор, үйлчилгээний ажилтан гэх мэт хийж болох бүх л ажлыг гололгүй хичээлийнхээ хажуугаар хийдэг байсан. Гэсэн ч тууштай байсан зорилго маань үр дүнд хүрч хамтлагаараа Монголын бүх л томоохон уран бүтээлчдийн тоглолт, клипний найруулга дэглэлт хийхээс гадна томоохон ТВ шоунуудын тайзны найруулга, дэглэлт, бүжигчдээр хангадаг болсон юм. Үүний хажуугаар тасралтгүй бүжгийн сургалтаа ордог байсан учир зөвхөн хоббигоороо ажиллаж илүү дутуу ажил хийх шаардлагагүйгээр мөрөөдлөөрөө амьдрах боломжийг минь бүрдүүлж байсан юм. Одоогоор би зөвхөн бүжгийн салбар гэлтгүй дуу, action кино салбарт амжилт гаргахаар хичээж, суралцаж явна. small 2 big түүх. Үүний хажуугаар найзынхаа хамтаар хувиараа Neon sign-ий бизнес эрхэлж байгаа. Түүнчлэн миний одоогийн энэхүү зэрэгт хүрэхэд надад итгэл өгсөн хамгийн том зүйл бол гэр бүл, өнгөрсөн арван жилийн хугацаанд бүжгээр танилцсан нөxөрлөл, хамт олон болон өөртөө итгэх итгэл гэж бодож байна.

    March 9 студио-г үүсгэн байгуулагч Б.Болдбаатар small 2 big түүх

    Small 2 big арга хэмжээний талаар 285303703 170908685297005 4345429489826437967 n

    Хамгийн анх 10 жилийн 9-р ангийн сурагч байхад хүргэн ах маань гэрэл зургийн салбарт намайг хөтлөн оруулж байсан юм. Тухайн үед Монголд 1-3 минутын цээж зураг л авч эхэлдэг байсан үе. Одоогоос 17 жилийн өмнө анх компьютерээ ч асааж мэдэхгүй, камерт гар ч хүрч үзээгүй 9-р ангийн сурагч байх үед хүргэн ах маань өрөөнд минь түгжээд ирээдүйн намайг бүтээхийн тулд өдөр бүр хамаг бүхнээ зааж, зааварлаж сургаж байсан юм. Компьютерээ асааж сур, Photoshop-оо нээж сур, бүх tool-ээ нэг нэгээр оролдоод ямар учиртай яаж ажилладаг юм байна гэдгийг сур гээд өрөөнд орхичихдог байсан. Тухайн үед хүүхэд байсан болохоор гарч тогломоор санагдаад л гэхдээ энэ зүйлийг хийгээд сурчихвал нэг зүйлийн ард гарчих юм шиг санагдаад оролдоод л байдаг байлаа. Нэг л мэдэхэд өдөр болгон оролдсоор байгаад цээж зураг авч сураад 1-3 минутын цээж зураг авдаг болчихсон байв. Дараа нь хүүхдийн баяраар найзуудтайгаа нийлээд парк дээр зураг авдаг боллоо. Майхан бариад л, принтерээ тавиад л… Үргэлжлүүлээд багшийн дээдэд байдаг Photo.Net зураг хэвлэлийн газар анхны хүмүүсийн нэгээр ороод, хүмүүс сургаж аваад зурагчнаар ажилладаг болов. Тэгж явж байгаад Studio 3-г байгуулж байх үед зурагчнаар ирж, араас нь Соронзонболд бид 2 нийлээд IC Creative Division студиэ 5 жилийн хугацаанд ажиллуулж байсан. Өнөөдрөөс 5 жилийн өмнө Соронзонболд, Мөнхтэнгэр 2 найзтайгаа нийлж March9 студиэ нээгээд одоогоор 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулан, Яг түүн шиг, Voice Mongolia, Next top model 1-3, Shark Tank гэх мэт том том төслүүдийн зургийг хариуцан ажилласан байна. 10 жилээ төгсөх үед боловсрол эзэмшихгүйгээр гэрэл зургаа хөөх үү эсвэл өөр мэргэжил эзэмших үү гэдэг сонголттой нүүр тулсан үед гэрэл зургийг сонгосон минь өнөөдрийн small 2 BIG түүхийг минь бүтээхэд нөлөөлсөн хамгийн чухал шийдвэр байсан. Анх цалингаа цуглуулж байгаад Sony Alpha 200 камерийг худалдаж аваад гудамжинд байгаа хүмүүс, цэцэг навч гээд л авч болох бүхнийг буулгадаг байлаа. Миний авсан зургууд хэзээ гудамжны самбаруудаар гардаг болох болоо гэж боддог байсан бол нэг л өдөр гудамжаар алхахад энд тэндгүй миний авсан зургууд самбаруудаар тавигдсан байхыг хараад мөрөөдөл минь биелчихсэн байсныг олж харсан. Small 2 big. Өнөөг хүртэл шантрах үе, болиод өөр юм ч хийдэг юм билүү гэсэн бодлууд олон тулгарч байсан ч тууштай байсан өөртөө одоо маш их талархдаг. Бага багаар ахиж байсан жижиг амжилтууд минь өнөөдрийн өөртөө бий болгосон том амжилтын суурь нь байсан юм болов уу? Цаашид ч бага багаар амжилтаа ахиулж, тууштай зүтгэж, 5-10 жилийн дараа энэ үеэ харахад дахиад өөр түвшинд оччихсон байна гэж боддог. 

    Almighty Clinic-ийн үүсгэн байгуулагч, эмч Б.Санчир-ийн Small 2 BIG түүх

    Small 2 big арга хэмжээний талаар 284614226 170873478633859 5094021613660999215 n
    Small2big. Эмч Б.Санчир

    Бизнес хийхэд хамгийн хүндрэлтэй болоод тооцоолол их шаарддаг салбар бол эрүүл мэндийн салбар. Анх эмчийн диплом өвөртөлж ажлын байран дээр гарч ирээд яг л нэгэн хэвийн амьдралд орчихсон завтай ч юм шиг завгүй ч юм шиг явж байх үед өмнө нь авсан ослын гэмтэл маань сэдэрч, аажмаар дасгал хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй болж түүнээсээ болоод амьдралын чанар минь ч муудах болсон юм. Манай орны хувьд мэргэжлийн тамирчид гэмтэж бэртэхээс авахуулаад яг өөртөө тохирсон нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч, хяналтад хамрагдаж чаддаггүй гэх мэт асуудлууд их байсан юм. Өөрөө спортын хүн болохоор ч тэр үү энэ асуудлуудыг шийдвэрлэж энэ чиглэлээр бизнес эхлүүлэхийг зорьсон. Анх эхлэхдээ яг л спортод хайртай мөн шинжлэх ухааны төлөө өөрсдийн цаг зав болон сэтгэл зүрхээ зориулъя гэж шийдэн Ангууч (Баттөр) болон Мөнхжин найзуудын хамтаар дээрх асуудлуудыг шийдэх эмнэлэг нээе гээд эмнэлгээ нээж байлаа. Залуу хүмүүсийн сэтгэл зүрх зоригоор бид 3 юунд ч эргэлзэлгүй эхэлсэн. Мэдээж эхний 1 жил гаруйн хугацаанд алдаа оноо их байсан боловч одоо харахад эмнэлгийн маань үйл ажиллагаа жигдэрч Монгол улсын ТОП багууд болон тамирчидтай хамтран ажилладаг болсон байхыг харахад үнэхээр сайхан санагдаж байна. Энэхүү амжилт минь надад өшөө илүү хийх зүйлс байгааг минь дахин дахин сануулсан small 2 big түүх. Хийх зүйлтэй байна гэдэг сайхан, тэр нь амьдралынх нь утга учир болж бусад хүмүүст хэрэгтэй байна гэдэг бүр сайхан юм байна. 

    Эх сурвалж: IHC-ээс зөвшөөрөлтэйгээр small 2 big түүхийг авлаа.

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу