Лхагва, 10 сар 27, 2021
top banner

Rising Star: Монголын esport-ийн шинэ ирээдүй Techno-той танилц

2020 он Монголын CS:GO-ийн хувьд тэсрэлттэй жил байв. 2016 онд The MongolZ баг IEM Taipei-д түрүүлж азийн аварга болсоноос хойш анх удаагаа Монгол баг азийн аварга болсон нь Tiger байлаа. Тэд ESL One Rio major тэмцээний азийн шалгаруулалт буюу ESL Road to Rio тэмцээнд аваргалж азийн тэргүүн баг болов. Удалгүй мөн азийн шилдгүүдийн өрсөлдсөн Weibo Cup тэмцээнд аваргалж азийн тавцанд Монголчууд илүүрхсэн саруудыг үдсэн билээ.

Дараагийн тэмцээнүүдэд дахин Монгол баг түрүүлээгүй ч азийн аваргад буюу RMR Series тэмцээнд Монголын 4 өөр баг өрсөлдөж, зүүн азийн эхний шалгаруултанд гэхэд 8 багийн 5-ийг нь Монгол багууд бүрдүүлсэн билээ. Энэ мэт өндөр амжилттай жилээс Checkmate багийн амжилтыг онцлохгүй байхын аргагүй. Намрын RMR Series тэмцээнд Tiger багийн хамтаар оролцож азийн шилдэг багуудыг буулган авч азийн түвшинд өрсөлдөхүйц баг гэдгээ нотлон харуулсан. Мөн оны төгсгөлд болсон MESA Pro Series #1 тэмцээнд багаараа тун нягт тоглолтыг үзүүлж аваргын төлөө Tiger багтай үлдэж дэд байранд шалгарсан юм. Үүнд багийн шинэ тамирчид болох Techno, BlitZ нарыг онцлохгүй байхын аргагүй байлаа. Тэгвэл бид өнөөдөр 2020 оны тэсрэлт, Монголын CS:GO-ийн шинэ залуу од Techno4k-ийг танилцуулж байна.

“Миний бие одоо 16 настай, Checkmate багт хүчин зүтгэдэг CS:GO-ийн мэргэжлийн тамирчин. CS:GO тоглоом, цаашлаад энэ спорт, esport бол миний амьдралын салшгүй нэгэн хэсэг.”

Монголын CS:GO-д топ зэрэглэлд мэдэгдэл хийж буй хоёр Содоогийн нэг нь cool4st нөгөө нь Содбаяр буюу Techno4k. Түүнд аав ээж нь анх 3 настайд нь компьютер авч өгсөнөөр түүний gaming сонирхол эхэлсэн гэдэг.

Rising Star: Монголын esport-ийн шинэ ирээдүй Techno-той танилц DSC 1645
Techno Checkmate багийн үндсэн бүрэлдэхүүнд багтаад 7 дахь сартайгаа золгож байна

“Анх аав ээж маань 3 настайд маань компьютер авч өгч байлаа. Хамгийн анх тоглож байсан тоглоом маань Call of Duty.”

Techno Checkmate багийн өмсгөлөөр олон нийтэд бүрэн танигдсан. Гэвч CS:GO сонирхогчид түүнийг 2019 оны MESA League-ийн Eye Finger багийн гишүүн байсан гэдгээр нь сайн танина. Тухайн багт одоогийн Checkmate багийн IGL blitz-тэй лигийн турш тоглосон бөгөөд хасагдах шатанд шалгарч чадаагүй ч тун давгүй амжилтыг үзүүлсэн билээ.

Тухайн үед Techno-ийн хувьд туршлага, арга барилын хувьд одоогийн түвшиндээ хараахан очоогүй байсан бөгөөд ирээдүйтэй залуу тоглогчдын тоонд багтаж байлаа. Гэхдээ тогтворгүй тоглолт нь түүнийг cool4st, yami, sk0r, rate зэрэг шилдэг залуу тамирчдын хэмжээнд үнэлүүлж чадаагүй.

“CS:GO анх тоглож байсан он гэвэл 2018. Энгийн matchmaking тоглоод цол гаргахад бүр Silver Elite гарч байсан. Тэгээд бараг 1-2 жил тоглож байж Master Guardian Elite болж байсан санагдаж байна. Ер нь тэгээд тэрнээс хойш тоглосоор 2019 онд MESA Pro Series #3 тэмцээнд ороод өндөр хэмжээнд тоглож болох юм байна гэж бодсон. Түүний дараа багаараа MESA League-т шалгараад, одоо хамт тоглож буй blitZ-тэй хамт Eye Finger нэрийн дор лигий нэг улирлыг үдсэн. Өндөр амжилт үзүүлээгүй ч маш их туршлага хуримтлуулж, лигийн үеэр авсан хожлуудаасаа сэтгэлзүйн хувьд их хүчтэй мэдрэмж авч байлаа. Хасагдах шатанд шалгарахад хэдхэн оноо л дутсан санагдана.”

Rising Star: Монголын esport-ийн шинэ ирээдүй Techno-той танилц O0A2562
Techno Eye Finger нэрийн дор MESA League-т оролцож байлаа.

“Лиг дууссаны дараа хэсэгтээ тэмцээнд оролцоогүй. Арван жилийн сурагч болохоор яг бүрэн спортдоо төвлөрөх боломж байгаагүй. Харин өнгөрсөн зун амралтаараа “Ялалт надад хамаатай” гээд дотоодын том тэмцээнд сайн тоглоод цаашдаа тоглох урам зориг улам нэмэгдсэн.”

CS:GO анх тоглож байсан он гэвэл 2018. Анх цолоо гаргахад бүр Silver Elite гарч байсан. Тэгээд бараг 1-2 жил тоглож байж Master Guardian Elite болж байсан санагдаж байна.

“Би ер нь анх муу компьютертой байсан нь сайжрахад их саад болж байсан гэж боддог. Гэрийн компьютер гацаад олигтой тоглож чадахгүй, бас арван жилийн сурагч болохоор хичээлээ орхигдуулж болохгүй болохоор бүрэн төвлөрч чадахгүй их асуудалтай байсан. Гэрийнхэн ч гэсэн хичээлээ хий гээд тоглоход жаахан дургүй байдаг байсан. Сүүлд ер нь сайн компьютертой болоод, хичээл сургуулиа зэрэгцээ зохицуулаад, амжилт гаргаад ер нь маш хурдан сайжирсан гэж боддог.”

Techno өнгөрсөн жил Checkmate багийн бүрэлдэхүүнд албан ёсны анхны тоглолтоо 2020 оны 9 сарын 23-нд азийн шилдэг багуудын нэг Invictus Gaming багийн эсрэг хийсэн. 15 настай залуу тамирчны хувьд IG шиг том багийн эсрэг, RMR Series гэсэн азийн оргил тэмцээнд хийсэн нь маш том шалгуур байв.

“Шатрын спортоор хичээллээд 7 жил болж байна. Шатрын спортын 1-р зэрэгтэй, улсын аваргад 4-р болон 5-р байранд жил дараалан орж байсан. Манай багийн blitZ мөн шатрын спортоор мундаг тамирчин. Өмнө нь ингээд шатраар сайн тууштай явж байсан болохоор esport-оор ч гэсэн тууштай байгаад амжилт үзүүлээд ирэхээр гэрийнхэн ойлгож эхэлсэн дээ. Одоо бол гэрийнхэн маш сайн дэмждэг.”

Rising Star: Монголын esport-ийн шинэ ирээдүй Techno-той танилц DSC 1657
Techno:Checkmate багийн тоглох арга барил, стилл бусад багуудаасаа өөр. Checkmate баг илүү нягт байж, өөр өөрсдийн туршлага болон багийн бэлтгэл дээр тохирсон зүйлсээ маш сайн хийдэг. Энэ нь манай багийг бусад багуудаас ялгаж өгдөг.

“Дуу сонсох нь надад маш их урам зоригийг өгдөг. Тоглолтын өмнө сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй бол дуртай дуугаа, эрч хүч авдаг дуунуудаа сонсоход сэтгэлзүй маш ондоо болдог. Esport өөрөө тархи маш их ажиллуулдаг учраас тэмцээн уралдаан, өндөр ачаалалтай бэлтгэлийн үеэр бие нилээн ядардаг. Тэр үед бас л дуу сонсоод, бэлдсэн playlist-үүдээ сонсчиход тархи амраад, ядаргаа тайлагдчихсан юм шиг болдог гэх үү дээ. Бас багаараа фитнесс хийдэг. Дасгал хөдөлгөөн хийчихээр бас ядралт багасна. Гэхдээ мэдээж дуртай зүйл маань учраас хэчнээн их бэлтгэл хийсэн ч түүнээс эрч хүч аваад үргэлжлүүлээд байх тохиолдол их.”

Checkmate баг 2990 байхаасаа л Монголын хамгийн үлгэр жишээ, өндөр зохион байгуулалттай багуудын нэг байлаа. Одоо тэд спортын баг гэдэг утгаараа мэргэжлийн тал дээр маш их анхаарч байгаа. Үүний жишээ нь тэдний байнга хийдэг фитнессийн бэлтгэлүүд, багийн сэтгэлзүйчтэй зэргээс харагдана.

Дуу сонсох нь надад маш их урам зоригийг өгдөг. Тоглолтын өмнө сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй бол дуртай дуугаа, эрч хүч авдаг дуунуудаа сонсоход сэтгэлзүй маш ондоо болдог.

“Өглөө 8 цагаас сэрээд орой 23 цагийн үед унтдаг. Ер нь бэлтгэж тэгж таардаг болохоор бэлтгэлийнхээ дагуу л унтах, сэрэх цаг таарна. Бэлтгэлийн хувьд эхний 1-2 цагийг хувийн бэлтгэлд зарцуулаад, 3-4 цагийг ер нь багийн бэлтгэл эзэлдэг. 7 хоногийн 5-6 хоногт бэлтгэл хийдэг. Бүтэн сайн өдөр бол бүтэн амарна.”

Rising Star: Монголын esport-ийн шинэ ирээдүй Techno-той танилц DSC 1671
Techno залуу тамирчин учраас зугаацах гэж тоглох гэхээсээ илүү сайжрах зүйлсийг их хийхийг үеийнхээ залуу тоглогчдод зөвлөв.

“Хувийн амьдралын хувьд би ерөнхий боловсролын 52-р сургуульд сурдаг. Айлын том хүүхэд, доороо хоёр дүүтэй. Одоо мэргэжлийн тамирчны карьерыг хичээлийнхээ хажуугаар зохицуулж амьдарч байна. Хөл хорио гээд сургууль онлайнаар орж байгаа байгаа учраас бэлтгэлийнхээ хийхийн сацуу онлайн хичээлээ үзээд, хичээлээ хийгээд явж байгаа. Одоогоор ирээдүйн мэргэжил, ямар их сургуульд орох зэргээр төлөвлөөгүй явна. Миний талаас боловсролын хувьд, тамирчны хувьд дахиад төлөвлөх цагууд, он жилүүд зөндөө байна гэж харж байгаа.”

Checkmate багт Techno Kaz-ийн оронд stand-in хийж анхны тоглолтоо хийж байжээ. Улмаар түүний тоглолт Checkmate багт таалагдаж, багт шалгуулан тэнцсэнээр түүний олонд танигдах үндэс эхэлсэн. Techno Perfect World Fall RMR Series тэмцээний үеэр Tyloo, IG зэрэг Хятадын топ багуудын эсрэг мундаг тоглолт үзүүлж, нутгийн баг Tiger-ийг багаараа 2:1-ийн харьцаатай буулган авч байлаа.

Rising Star: Монголын esport-ийн шинэ ирээдүй Techno-той танилц TECHNO songolt
Techno-ийн тоглоомын тохиргоо

Нийтлэлд оролцсон: Б.Санчир

Гэрэл зургийг: Э.Эрдэнэбадрах

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img