Ням, 10 сар 24, 2021
top banner

#ProudToBeGamer: Бид Gamer, гэхдээ бид буруугүй

Өчигдөр сошиал ертөнцийн гол сэдэв DOTA2, PUBG Mobile, CS:GO төрлүүдийг Монгол улсад хориглох тухай хүсэлт байлаа. Нэг талаас ЦЕГ-ийн мэргэжилтэн нь СЭМҮТ, ЦЕГ хамтран Монгол дахь хүчирхийлэл, гэмт хэргийн гол шалтгаан болж байгаа учраас тухайлсан төрлүүдийг Монголд хориглох нь зүйтэй хэмээгээд баахан нотолгоогүй мэдээллүүдийг судалгаа нэрийн дор ярьж орхисон.

Гэтэл сошиал ертөнцөөр тус мэдээлэлд эгдүүцсэн хүмүүс олширсон төдийд ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн албанаас тус мэдээлэл худал, тийм хүсэлт гараагүй зэрэг мэдэгдэл хийлээ. Тэдний тайлбараар бол хэвлэлүүд худлаа мэдээлэл тараасан болж таарав. Тэгтэл тухайн мэдээлэл сайтуудаар ЦЕГ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Будзаан гэдэг хүний нэрийн дор, зурагтайгаа, тодорхой заалтуудтайгаа, хийсэн судалгаа гэсэн тайлбартайгаар тодорхой тавигдсан байсан.

#ProudToBeGamer: Бид Gamer, гэхдээ бид буруугүй image 1

Нэг ёсондоо буух хаягтай, цагдаагийн байгууллагыг болон эрүүл мэндийн байгууллагыг төлөөлөөд, бүрэн хэмжээний ярилцлага өгсөн гэсэн үг. Гэтэл ЦЕГ-аас тухайн ажилтны ярилцлагын талаар, уг мэдээлэл хаанаас гаралтай талаар нэг ч үг цухуйлгасангүй. Бас мэдээлэл гаргасан хүнд хариуцлага тооцох тухай зүйл ч дурдсангүй.

Удалгүй хэвлэл мэдээллийн сайтуудын мэдээний гарчиг, доторх агуулга өөрчлөгдөж эхлэв. “PUBG Mobile, CS:GO, DOTA 2 тоглоомуудыг хориглоно” гэсэн агуулга тэр дороо “Цахим тоглоомын судалгаа хийгдлээ” гэдэг агуулгаар солигдож Будзаан хошуучийн ярьсан мэдээллүүд бүгд өөрчлөгдөж, ихэнх агуулга нь устгагдсан байсан.

#ProudToBeGamer: Бид Gamer, гэхдээ бид буруугүй image 2
Сошиалаар гарсан эсэргүүцлийн дараа мэдээний гарчгууд өөрчлөгдөж эхлэв

Энэ мэтчлэн судалгаагүй, нотолгоогүй шийдвэрүүд, мэдээллүүд интернэтээр бүтэн өдрийн турш хөвөрлөө. Эцэстээ энэ бүхэн ээлжит удаагаа л gaming, esport ертөнцийн талаарх буруу ойлголт, үндэслэлгүй хар ухаанаар бодсон зүйлдээ үнэн гэж итгэдэг, асуудлын буруутныг амьгүй зүйлээс хайдаг нөгөө сэтгэлгээн дээр буцаж ирэв. Нэг өдөр шуугиад л өнгөрөв. Үр дүнд нь дахиад л esport нийгэмд ямар их хор уршиг үзүүлж байгаа талаарх хиймэл хөөрөгдлүүд цацагдаад өнгөрлөө. Сүүлдээ хүмүүс өөрсдөө тэгж бодоогүй ч тоглодоггүй, үздэггүй бол gaming-ийг үнэхээр залуу үеийн дайсан, хөгжлийн садаа мэт хардаг хиймэл үзэл бодол бий болох нь.

Энэ удаагийн үйл явдал зүгээр нэг санамсаргүй үйл явдал биш байлаа. Gamer-үүд, Esport-ийнхон бараг ийм доромжлол, дарангуйлалд дассан гэхэд хэлсдэхгүй. Бизнесийн салбарууд дунд хамгийн нэр муутай, хамгийн сүүлд л авч хэлэлцэгддэг салбар бол gaming чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид, PC тоглоомын газрууд. Угтаа байгаа эрэлтэн дээр дүрэм журмаа мөрдөөд бизнесээ эрхлээд явж байгаа жирийн нэгэн Монгол улсын иргэд. Тоглодог хүмүүс нь ч эмч, багш, хуульч, барилгачин, цагдаа, уурхайчин, бизнесмэн гээд энгийн л иргэд. Бид нар өөрсдөө ямар нэгэн хэмжээгээр gamer л байдаг. Бүгд л чөлөөт цагаараа найзуудтайгаа Писи тоглож тархиа сэргээдэг хүмүүс. Гэтэл энэ хүмүүс нууцаар, хууль зөрчин хэний ч хийж болошгүй бузар зүйлийг хийж байгаа мэт аашилдаг, бурууг тохдог, гадуурхдаг, асуудлынхаа бурууг тохдог үзэгдэл хэвийн мэт болсон.

#ProudToBeGamer: Бид Gamer, гэхдээ бид буруугүй police fucks gamers
Хэрвээ та бүхэн Gaming lounge, PC Entertainment Center-үүдээс үйлчлүүлж байсан бол цагдаа гэнэтхэн орж ирж үйлчлүүлэгчдийг шалгах, энэ мэтийн дарамт үзүүлэх нь танил дүр зураг. Gamer-үүд бизнесийн байгууллагаар үйлчлүүлсэнийхээ төлдөө яагаад энэ мэт гэмт хэрэгтэн мэт ийм зургаа авхуулаад, түүнийг нь хээв нэг сошиал дээр дураараар байршуулаад, энэ мэт хүний эрхийг зөрчдөгөө хэзээ болих вэ?

Сүүлдээ бараг жилд хийх ёстой кампанит ажил, төсөл хөтөлбөрүүд дунд нь хар ухаанаар шууд л видео тоглоомуудын эсрэг тэмцэх гэдэг лист орох ёстой юм шиг аашилдгийг бид бүхэн сошиалаас хангалттай харсан. Үүний эсрэг тэмцье, үүнээс хүмүүсээ хамгаалъя, үүнийг л хаачихвал хорьчихвол бүх юм сайхан боллоо гэсэн ухуулгууд төр засгийн удирдах байгууллагууд, хүчний байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагуудаас гардаг нь харамсалтай. Мэдээж судалгаатай, нотолгоотой бүрэн материал байдаг бол олон нийт түүнтэй танилцаад үнэн байвал дагахсан, дэмжихсэн, үүний эсрэг арга хэмжээ авахсан. Гэтэл эдгээр олон жилийн дарамт, ялгаварлалтанд нь нэг ч удаагийн хүн итгэхүйц үндэслэл, шинжлэх ухааны нотолгоо, судалгааны материал байсангүй. Та бүхэн ч өчигдөр харсан болов уу. Баахан баримт судалгаа ярьсан ч цахим орчинд тэдгээр материалуудыг нь олж унших боломжгүй, бас ямар аргаар судалж нотолсон зэрэг нь тодорхойгүй. Мөн эшэлсэн баримтууд нь ч худал. Бидний төлсөн татварын мөнгөөр бидний эсрэг арга хэмжээ авч, бидний өөрсдийн дуртай, хайртай зүйлийг биднээс хорьж, хааж хамгаална гэдэг ямар арга барил вэ? Gamer-үүд, Esport салбарынхан биднийг дэмжээд өг гэж гуйж байсангүй. Дэмжээчээ, бидний төлөө байгаач, ингэ тэг гэж гуйж байсангүй. Нэг удаа болов хэвлэлийн бага хурал хийж гомдоллож байсангүй. Зөвхөн бид өөрөө өөрсдийнхөө дуртай зүйлийг хийх орчныг бидэнд үлдээ, битгий буруу мэдээллийг олонд түгээ, битгий саад бол, битгий хорь л гэж бодож явдаг. Esport-ийг биднээс булааж байна гэж хэлэхээ больё. Компьютерынхоо ард зүгээр л тоглож байгаа хүмүүсийг, тэр хүмүүсийн тоглох эрхийг, хөгжилдөх, тархиа сэргээх, сэтгэлээ сэргээх боломжийг нь битгий тэднээс булаа.

Бид тоглоом тоглодгоороо бахархдаг. Шинэ үеийн спортын, шинэ үеийн соёлыг саруул ухаантайгаар тоглодогтоо бахархдаг. Тэрүүгээр нь чадвартай нэг нь амьдралаа зориулаад түүгээрээ амжилт үзүүлээд, эх орныхоо нэрийг гаргадгаар нь бахархдаг.

Бид Gamer. Гэхдээ бид буруугүй #ProudToBeGamer.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img