Олон Улсын Олимпийн Хорооны (ОУОХ) Ерөнхийлөгч Томас Бах 2023 онд ажиллах ОУОХ-ны Комиссуудыг зарлахдаа түүхэндээ анх удаа цахим спорт хариуцсан комисс байгуулжээ. Мөн тэрээр комиссуудыг шинээр байгуулахдаа хүйсийн тэгш харилцааг баримтлахыг нэлээд хичээсэн.
Олимпийн хөдөлгөөний хүрээнд виртуал спортыг дэмжих алхам хийснээр ОУОХ нь цахим спортыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг юм. Ингэснээс шинэ үзэгчдийг татан оролцуулж, тамирчид болон хөгжөөн дэмжигчдэд шинэ боломж олгоно. ОУОХ-ны цахим спортын бүлгийг удирдаж байсан ОУОХ-ны гишүүн Дэвид Лаппартиен шинэ комиссыг удирдана. Мөн комиссд G2 Esports-ийн гүйцэтгэх захирал Албан Дечелотте, Ubisoft-ийн ахлах захирал Зейнеп Генкага нар гишүүнээр сонгогджээ. Тэдэнтэй хамт Конамигийн дэлхийн бизнесийн хөгжлийн менежер Шинжи Намекава, ТикТокийн тоглоом, спорт хариуцсан дарга Хариш Сарма, цахим спорт, спортын сэтгэл зүйч Миа Стелберг нар оржээ.
Виртуал болон симуляц (esports) спорт сүүлийн жилүүдэд спортын ландшафтын чухал хэсэг болж байна. 6-р сарын 23-25-ны хооронд Сингапурт анх удаа зохиогдсон Олимпийн спортын долоо хоногт дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжлийн болон сонирхогч тоглогчдыг урьсан нь ОУОХ шинэ үеийн спортын үзэгчид, тоглогчид, оролцогчдын нөөц бололцоог аль хэдийн судалж эхэлсэний илрэл юм.
“Виртуал спорт нь уламжлалт олимпийн спортод байхгүй шинж чанаруудыг нөхөж, сайжруулах чадвартай бөгөөд залуу үеийн тамирчид болон хөгжөөн дэмжигчдэд Олимпийн хөдөлгөөнд оролцох шинэ боломжийг олгож чадна гэж ОУОХ үзэж байна. Виртуал спорт нь Олимпизмийн гол үзэл болсон шилдгийн шилдэг байж, бие биендээ хүндэтгэлтэй хандаж, нөхөрлөлийн үнэт зүйлсийг сурталчлахад тусалж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа залуучуудыг спортоор хичээллэх, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд түлхэц болно гэдэгт бид итгэдэг.” гэж Ерөнхийлөгч Бах хэлэв.
ОУОХ-ны комиссууд нь тодорхой сэдвүүдэд анхаарлаа хандуулж, ОУОХ-ны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөл, ОУОХ-ны чуулганд зөвлөмж гаргадаг байгууллагын ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Комисс бүрийн бүрэлдэхүүнд ОУОХ-ны гишүүд болон олон тооны хөндлөнгийн шинжээчид багтдаг.
Ерөнхийлөгч Бах 2023 онд комиссын албан тушаалд жендэрийн тэгш байдлыг ханган, спортын хөдөлгөөний хүрээнд жендэрийн тэгш байдал, оролцоог дэмжихэд хүчин чармайлт гаргаж байгаагаа онцлон тэмдэглэв.
ОУОХ-ны комиссын 583 албан тушаалын 287 нь эрэгтэй, 296 нь эмэгтэйчүүд байна. Энэ нь комиссын албан тушаалын дөнгөж 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан 2013 оноос хойш эмэгтэйчүүдийн төлөөлөл ихээхэн нэмэгдсэнийг харуулж байна.
Comments