АНУ-д аюулгүй байдлын асуудлуудын улмаас 2025 оны 1-р сарын 19-нд TikTok хориглогдсон. Гэвч хэдхэн цагийн дараа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан гүйцэтгэх зарлигийн дараа платформ үйлчилгээгээ сэргээж эхэлсэн байна.
Хоригийн дараа Mobile Legends-ийн Reddit дээр АНУ-д MLBB тоглох боломжгүй болсон талаар хэрэглэгчдийн анхааруулгаас үүдэн MLBB-ийн хөгжүүлэгч MOONTON Games энэ талаар 1-р сарын 18-ны Бямба гарагт мэдэгдэл хийжээ.
“АНУ дахь тоглогчид одоогоор зарим асуудалтай тулгарч байгаа. АНУ дахь тоглогчид тоглоомд нэвтрэх боломжгүй байгаа тухай бидэнд мэдээлсэн бөгөөд үүнийг удирдлагуудад уламжилж байна. Асуудалтай холбоотой мэдээлэл авмагц нийтлэлээ шинэчлэх болно” гэж мэдээлсэн.
Үүний дараа MOONTON “биднээс хамаарахгүй нөхцөл байдлын улмаас АНУ дахь Mobile Legends: Bang Bang тоглоомд нэвтрэх эрх 2025 оны 1-р сарын 19-нөөс эхлэн түр хугацаагаар зогсоохоос өөр аргагүй боллоо” хэмээн мэдэгдсэн байна. Мөн хөгжүүлэгчид тухайн бүс нутгийн аккаунтуудыг устгахгүй, хаахгүй гэдгийг баталсан бөгөөд тоглогчдыг албан ёсны олон нийтийн сувгуудаар холбогдон мэдээлэлтэй байхад уриалсан байна.
2016 онд нээлтээ хийсэн MLBB тоглоом Зүүн Өмнөд Азийн хамгийн алдартай гар утасны тоглоомуудын нэг болсон. 2021 онд Bytedance MOONTON-ийг 4 тэрбум ам.доллароор (~£3.2 тэрбум) худалдан авсан. Харин 2025 онд тоглоомыг Хятадад албан ёсоор нээхээр төлөвлөжээ.
Хориг гарахаас өмнө MOONTON MLBB-ийн 2025 оны esports төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд энэ жил MPL болон бусад гуравдагч талын тэмцээнүүдийг багтаасан хэд хэдэн олон улсын тэмцээн зохион байгуулагдах аж.
MLBB нь TikTok-ийн хоригт өртсөн цорын ганц тоглоом биш юм. Bytedance-ийн өөр нэг охин компани Nuverse-ийн бүтээсэн Marvel Snap ч мөн АНУ-д ашиглах боломжгүй болсон. Nuverse нь мөн үйлчилгээгээ аль болох хурдан сэргээхээр ажиллаж байна. Мөн Capcut, Lemon8 зэрэг аппликейшнүүд ашиглах боломжгүй болжээ.
Comments