Энэ их хөөрхөн бичвэр байна. 2020 онд бичиж байж. Эргээд уншихаар тухайн үеийн манай коонторчдын бас нэгэн түүх, миний цахим спортын мэдлэгийн талаархи "цар хүрээг" ч харуулж байгаа бололтой.
Хүмүүсийн анхаарлыг хандуулах санаатай нэлээд сүртэй гарчиг өглөө. Гэхдээ л үнэн.
Цахим спортын тэмцээнийг зохион байгуулагч ESL (Electronic Sports League) 20 жилийн түүхэндээ хамгийн чадварлаг тамирчдыг оролцуулсан, нэр төртэй тэмцээнүүдийг зохиосоор ирсэн. Жил бүр болдог ESL Pro цувралын Minor, Major тэмцээнүүд бол яах аргагүй энэ төрлийн тамирчдын мөрөөдөл, зорилго нь.
Бөхөөр зүйрлэвэл улсын наадамд 5 давчих юмсан гэдэг бодол юмуудаа. Би өөрөө бөх хүний хүүхэд болохоор үүнээс өөр ойлгогдох жишээ толгойд орж ирэхгүй байна.
Ер нь цахим спортын CS:GO төрөлд 2016 оны 3 сарын 1-нд The MongolZ баг Minor тэмцээнд Aзийн аварга болж байсан, мэргэжлийн тамирчин Г.Эрдэнэцогт бол манай улсын анхны sticker-тэй тамирчин, нэлээд тамирчид гадаадын багт тоглож байсан гээд дурдах амжилтууд зөндөө.
Энэ жилийн Minor тэмцээнд Монгол улсын Tiger, Mazaalai багууд оролцох эрхээ авсан билээ. Гэтэл айхтар өвчнөөс (цар тахал) болоод Бразил улсын Рио Де Жанеро-д болох тэмцээний журам өөрчлөгдөж бүх тоглолт online хэлбэрт шилжлээ. Бас нэг завшаантай зүйл нь удаах байранд орсон багуудын дунд tiebreaker тэмцээн зохиож Ази бүсийн 8 багийг бүрдүүлнэ. Яг одоогийн байдлаар 3-р байранд орсон D13 esports Хятад улсын JiJHao багийг 2:1 харьцаатайгаар буулган авч, өнөөдөр 4-р сарын 17-нд Тайланд улсын Beyond багтай тоглоно. Азийн 8 багийн 3 нь Монголчууд. Цаашдаа шилдэг 24 д ч багтаж магадгүй болчихлоо. Энэ бол Монголын GO-чдийн хувьд хэн бэ гэдгээ дэлхийд харуулах алтан боломж, маш том хариуцлага.
Гэхдээ гарчиг дээр байгаа “ping and latency” гэж нэг мангас байнаа.
Minor эрхийн төлөө гал гарсан ширүүн тоглолт Tiger, D13 багуудын хооронд болж, тоглолтын үеэр server дээр нь гацалт үүсч, Tiger багийн интернет нь тасраад бүүр сүлжээнээсээ гарч, оройн 8 цагт эхэлсэн тоглолт шөнийн 2 цагт дууссан. Энэ бол нэг л жишээ, online тэмцээний үеэр ping-ийн тухай яриа дандаа болдог.
Ping гэж юу вэ?
Манай талын бууны сум нь нөгөө тал руу очиж явах хооронд байны байршил нь өөрчлөгдөөд, нөгөө талын сум хүүе гэхийн зуургүй манай хүнийг оночих жишээтэй. Тиймээ, ойлгуулах санаатай их болхи тайлбар хийлээ.
Ping гэдэг нэршил дэлхийн 2р дайны үед усан цэргийнхэн далайд явж байгаа онгоцонд байршлын тухай мэдээлэл хүргэдэг техникийн хэллэг байснаа, хэдэн жилийн дараа нэг компьютер нөгөөгөө online байгаа эсэхийг мэддэг нэр томъёо болжээ.
Харин online видео тоглоомын үед тоглогчийн компьютер, түүний server хоорондын хоцрогдлыг (latency) илэрхийлдэг болжээ. Ping-г бид milliseconds=ms гэдэг хэмжүүрээр хэмждэг бөгөөд 1 секундыг 1000 (мянга) хуваасны дайтай хэмжигдэхүүн юм байна.
Дахиад хэлье. 1 секундыг 1000 (мянга) хуваасны дайтай хэмжигдэхүүн.
Видео тоглоомын хувьд 20ms-ээс доош байвал “low ping” хамгийн сайн гэж үздэг, 50-100ms байвал боломжийн, 150ms-ээс их байвал “high ping”-д орж тоглох боломжгүй гэж үздэг юм байна. Ping-ийн зөрүү FPS (first-person shooter) төрлийн тоглоомонд хамгийн их мэдрэгддэг.
Нэг компьютерээс нөгөө рүү явуулж байгаа дохиог Ping гэдэг бол, энэ дохиолол тухайн компьютер дээрээ буцаж ирж байгаа тэр хугацааг Latency гэдэг бөгөөд интернетийн ЧАНАРЫГ илэрхийлдэг.
Сүлжээний хурд нь bandwith (тодорхой хугацааны дотор цацагдаж байгаа мэдээллийн хэмжээ); latency (мэдээллийн цацагдах хугацаа) энэ 2 үзүүлэлтээс шалтгаалаад өөр байдаг. Тоглоомын ертөнцөд ping болон latency-г ижил гэж үздэг бололтой.
Lag гэж бас нэг юм байна. High latency, high ping-ээс болж тоглоомын үед гацах, бүр унтрах, хөдөлгөөн нь удааширдаг. Мөн компьютерийн CPU, RAM, VRAM зэргээс ч шалтгаалдаг юм байна шүү.
4.22-5.07-нд (2020 оны) болох Азийн тоглолт нэг бүсийн нэг server дээр болж ping-ийн асуудал гайгүй байх магадлалтай ч дээрх шиг гацалт үүсч интернет тасарвал яанаа, шилдэг 24-т шалгарчихвал ping-ийн асуудлыг яанаа гэж бодогдоод ер болдоггүй.
Хамгийн хурдтай, чанартай Европын, Дубайн server гэж байдаг бол, Хятад улсад 3 server, Азидаа арай гайгүй нь Хонконгийн server гэж байнаа. Улс тив дамнасан тоглолтод ping гээч яалт ч үгүй чухал байдаг, ер нь 70-90 ping-ийн зөрүүг гайгүйд тооцдог юм байна. Гэтэл саяхан болсон Дундад Азийн Minor эрхийн тоглолт 195 ping-ийн зөрүүтэй болж, аргагүйдээ тулж нөгөө багтаа эрхээ өгсөн.
Зүүн Өмнөд Ази бол цахим спортын хувьд хамгийн хурдтай хөгжиж байгаа бүс, энэ бүсэд манай улс бас ордог. Харин 2 жилийн өмнө Danny Mayson гэдэг хүн Epic Games-ийн Fortnite тоглоомыг ЗӨА-иас тоглоход ping-ийн асар их зөрүү байгаа талаар гарын үсэг зурах аян эхлүүлж байжээ.
Манай улсын интернетийн хурд чанар ямар байдгийг би сайн мэдэхгүй ч ХХЗХ-ны хуудаснаас дараах мэдээллийг олж авлаа. Нийт өрхийн 32% интернет хэрэглэдэг; үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчид 4,360,4 байдаг; улсын хэмжээний интернетийн 93%-г өрх айл хэрэглэдэг; 2Mbit/s-5Mbit/s дундаж хурдтай интернетийг 216 мянган хэрэглэгч, хамгийн өндөр 10Mbit/s дээш хурдтай интернетийг 1256 хэрэглэгч ашигладаг юм байна.
Интернетийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд цахим спорт төдийгүй, эрдэм ном, хурал хуй, худалдаа наймаа, үзэж харах зүйлс маань бүгд л online болчоод байгаа энэ үед чанарын тал дээр анхаарч байгаа байлгүйдээ, гэхдээ л latency-г багасгаж, ping-ийн зөрүү гээч энэ айхтар зүйлийг бууруулахын тулд боломжит арга хэмжээ авч, цахим спортын CS:GO төрлийн ESL One Rio тэмцээний эхний шатанд оролцохоор шалгарсан Монгол улсын TIGER; MAZAALAI; (D13) багуудад дэмжлэг үзүүлээч хэмээн энэхүү постыг оруулж байна.
Жич: Мэдэхгүйгээс болж буруу бичсэн байвал сэтгэгдэл хэсэгт үлдээж болно.
Юнрэнгийн Ариунзаяат.
АНУ. Калифорни муж. Оакланд хот.
2020.04.16.