Сайн байна уу, уншигч танд энэ бичвэрийг уншиж буй цаг үеийн мэнд дэвшүүлье. “esportsnews.mn”-н цахим хуудаст Gaming stream хийсэн сэтгэгдлээ хуваалцаж байна. Тухлан сууж, таалан уншина уу.
Masha гэж хэн бэ? Яагаад стрийм хийх болов?
Юун түрүүнд өөрийгөө танилцуулах нь зүй ёсны хэрэг болов уу. Намайг Ариунаа гэдэг. Би сэтгүүлч, нэвтрүүлэгч мэргэжилтэй. Гэсэн хэдий ч зав л гарвал ямар нэгэн тоглоом тоглож, анимэ үздэг гэртээ бүгэгч төрлийн хүн. Миний амьдрал сэтгүүлч гэх мэргэжлийг эзэмшсэнээс хойш камерын урд гарах нь хэвийн үзэгдэл мэт болж нийгэмшиж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Харин хэдхэн сарын өмнө ажлаасаа гараад Freelancer хийж эхэлснээс хойш “Ядаж л номыг нь үзээд, ногоотой шөлийг нь уучихсан. Туршлага ч байгаа юм чинь подкаст ч юм уу, нэг зүйл хийе” гэх бодлоос стрийм хийх санаа төрсөн нь өнөөдөр хэрэгжээд явж байна. Хамгийн анхны стриймээ Twitch дээр хийгээд чухам л алаад өгөх юм шиг санагдаж байсан ч хагас сарын хугацаанд 25 дагагчтай болсон. Бүтэхгүй юм байна гээд шантрахын даваан дээр Ариунзаяат эгчтэй танилцаж, Woman in esports төсөлд нэгдэхээр болсон юм.
Woman in esports төслийн тухай
Тус төсөл esportsnews.mn сайтаас хэрэгжүүлж байгаа бөгөөд цахим спортын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ стриймэр охид, бүсгүйчүүдийг гаргах, олонд таниулах зорилготой. Манай улсад стриймэрүүдийн 80 гаруй хувь нь эрэгтэй хүн байдаг. Эмэгтэйчүүд стрийм хийхэд саад, бэрхшээл олонтоо тулгардаг учраас Facebook, YouTube дээр стрийм хийхээс айх, шантрах нь элбэг биз ээ. Гэвч Ариунзаяат эгчийн тавьсан санал миний айж байсан бүхий л зүйлийг шийдсэн байсан нь алдаж болохгүй боломж мэт л санагдсан. Эмэгтэй стриймэрүүдэд тулгардаг бэрхшээл Хүн бүр мэднэ дээ, монголчууд бид дэлгэцийн цаанаас нэгнийгээ доош хийхдээ арвин туршлагатай хүмүүс шүү дээ. Миний хамгийн ихээр айж байсан зүйл Social bully. Сэтгүүлчээр ажиллахад Facebook, YouTube, Телевиз гээд аль сувгаар нь гарсан ч үзэж буй хүмүүст миний ярих зүйл л чухал. Харин Стриймэр гэдэг тодотголтой бол бүх зүйл тэс өөр. Өмссөн зүүсэн, хэл, үгний алдаа, харуулж байгаа эдлэл хэрэгсэл гээд л… Яг цахим спорт сонирхдог хүмүүс бол bully хийх нь харьцангуй дээр хэдий ч эмэгтэй хүн гэдгээрээ л bully-дүүлэх нь бас элбэг. Эдгээр зүйлсээс болоод ихэвчлэн эмэгтэй хүн стрийм хийе гэсэн бодлоо толгойноосоо авч хаядаг байх.
Үзэгчээ олох
Миний хувьд тоглох дуртай, хамгийн сайн тоглож чаддаг тоглоом Mobile Legends. Гэтэл MLBB харьцангуй залуу тоглоом болоод ч тэр үү, хүмүүс үзэх нь ховор. Нэгэнт л стрийм хийж байгаа хүний хувьд үзэгчтэй баймаар ч хүмүүс сонирхохгүй гэдгийг нь мэдээд шантарсан. Үзэгчид яг ямар тоглоомыг дуртай үзэх бол гээд өөр, өөр тоглоомоор стрийм хийж туршиж үзэхэд PUBGM, Doota 2-г илүү их үздэг /2 дахин их үзэлттэй/. Харин CS2-г бүр их хүн бараг 3 дахин илүү үздэг харагдсан. Уншигч та ч бас ямар тоглоомын стрийм үзэхийг хүсэж байна комментоор үлдээгээрэй.
Өөрийн бодлоо дээр дурдлаа. Мэдээж хүн бүрийн харах өнцөг өөр учир авах, гээхийн ухаанаар хандаарай хэмээн хүсье. Мөн өмнө нь Ариунзаяат эгчийн эмэгтэй стриймэрүүдийн талаар бичсэн нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дараарай. Үүнээс хойш ч олон зүйлс болох байх. Тэр талаараа ч та бүхэндээ бичиж хүргэх болно оо.
ความคิดเห็น