top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Guns and Rose- ээс илүү...

Үүнийг 2017.11.26-нд бичжээ.

Би "Guns and Roses”-г үзэх төлөвлөгөөтэй байтал дэмждэг баг минь Оакланд-д тоглоно гэхээр нь ёстой л өөрөө өөртэйгөө хуруудах шахуу боллоо. Учир нь "Guns and Rose" Мягмар гаригт (миний амралтын өдөр); харин сонголт хийх шалтгаан болсон баг минь амралтын өдрүүдэд (миний хувьд ажлын өдрүүд) тоглох болчоод, бас санхүүгийн хувьд хоёуланг нь үзэх боломжгүй юм.

Oracle-д анх удаа орж үзэж байгааг ч хэлэх үү “Күй одоо миний насны хүмүүс байгаа болов уу” хэмээн халгасхийж, эгээ л хил давж байгаа мэт шалгуулж шалгуулж л орлоо. Өө, миний насыг битгий хэл намайг анзаарч байгаа ч хүн алга.

За тэгээд тоглолтоо үзлээдээ. Тусгайлан зассан тайзан дээр 2 баг нь суучихсан, тоглолтын явцыг том дэлгэцээр үзүүлж, арван мянга шахам үзэгчид "аа" гэж орилолдохоор нь "аа" гээд, "өө" гээд уулга алдахаар нь "өө" гээд л сууж байлаа. Хэрвээ "манай баг байсан бол" хэмээн тэрхэн зуур хор шар хөдлөөд дотор нэг юм мушгираад явчлаа.

IEM-2017 тэмцээнд дэлхийд (шүү дээ) эхний арван байрыг ээлжлэн эзэлдэг 10 баг, нэг баг урилгаар, нэг баг Ази тивийг төлөөлж тоглосон. Тэдний тоглосон зоон-д хамгийн мундагууд орсон гэж мэдэх хүмүүс нь монголоор ч, оросоор ч, англиар ч бичээд байх юм билээ.

Эхний тэмцээнүүдийг нь ёстой нам сууж байгаад on line-ээр үзлээ. Үнэндээ манай тал ч аль нь юм, дайсны тал ч хаа яваа юм. (дайсан ч гэх шиг надад ямар гэм хийсэн юм болдоо)


Харин манай тал нь миний бичээд байдаг THE MONGOLZ баг. Үзээд байхаар улам илүү ойлгож, хүүе ард чинь гараад ирлээ, зэвсгээ солиороо гээд заавар өгөөд байх бололтой. Тоглолтын явцад их сайн тоголж байгааг нь, туршлага хэрэгтэй байгааг нь, зарим нь бүүр ийм сайн баг гэж огт бодоогүй байсан тухай комментуудыг уншихад сайхан байв.


Эхний өдөр хэл ам авалцаагүй тул уулзаж чадсангүй, дараагийн өдөр нь Холбооны ажил давхцаад "media and singing time”-аас нь хоцорчлоо. Арван гурван мэхээ хэрэглэсээр, олон харуул хамгаалалт дундуур нэвтэрч тамирчдын байрласан өрөө рүү очтол аль хэдийн гараад явчиж. Дараа нь тэр том стадионыг тойрж гүйсээр байгаад унаандаа суухаас нь өмнөхөн уулзлаа. Тамирчид маань нэлээд ядруу харагдаж байна билээ. Аргагүй дээ нойрны зөрүү, маш шахуу хөтөлбөрүүд араасаа хөврөөд л явдаг бололтой. Багийн менежерүүдтэй нь хагас цаг орчим л хөөрөлдлөө. Одоогийн байдлаар хамгийн түгээмэл, олон тоглогчидтой, шагналын сан өндөртэй төрлүүд болох "Counter strike" Европ, Америкт илүү хөгжсөн. Харин "Dota" нь Ази тивдээ илүү хөгжсөн байдаг. The MONGOLZ баг Counter strike- ийн төрлөөр Азидаа нэгд ордог. Сард нэг удаа гадагшаа явж, 3-4 удаа on line тэмцээд ордог гэнэ. "Япон тамирчид ямар вэ?" гэж асуухад минь "Тийм сайн бишээ" гэсэн итгэлтэй хариулт нь компьютертэй холбоотой бүхэнд Япон сайн гэсэн бодлыг минь тас цохилоо. Ярилцаж байхад "Эгчээ, таны насны хүмүүс биднийг ойлгох нь их ховор, бас Та электрон спортын талаар их зүйл мэддэг юм байна ш дээ" гэхэд нь миний баярлаж байгаа гэж жигтэйхэн.

Миний үеийнхнээс тэвэг өшиглөөгүй, ширэн бөмбөгийн араас яваагүй хөвгүүд байхгүйтэй адил компьютер тоглож үзээгүй хүүхэд өнөөдөр олдохгүй. Нэг хэсэг тэвгийг хориглож, тэвэгний үзлэг явагдахад ангийн хөвгүүний тэвэг цүнхнээс минь гарч ирж байсан инээдтэй тохиолдол ч надад бий. Сайн муу тал аль алинд нь байгаа шүү дээ. Эцэг эх, эмээ өвөөгийн хувьд "болохгүй, бүтэхгүй, үгүй" гэснээс бага боловч ойлгож, сайн мууг нь ялгаж салгаж баймааж бид үр хүүхдүүддээ тус болох байх.

Бидний хэлээд байдаг компьютер тоглоом аль хэдийн спорт болж сонирхогчид, мэргэжлийнхэн гээд ялгараад ирж. Үүнээ дагаад мэргэжлийн дасгалжуулагчид, зөвлөхүүд, хэвлэл мэдээлэлийн ажилтанууд, арын алба, санхүүгийн мэргэжилтэнүүд, сэтгэл зүйчид, өдрийн дэглэм, хоол ундыг нь зохицуулдаг мэргэжилтэнүүд ч байна цаана чинь. Ёстой л нөгөө айлын хүүхдүүд ийм айхтар гэдэг л болоод байна.

Миний чадах юм нь миний үг, миний утас.

Арга нь олддог бол энэ хэдэн хүүхдийг дэмжээд өгвөл...

Тэд бол Монгол улсын "мянганы залуус"-ын нэг хэсэг нь.

They are Mongol millennials.

Уншигч танд Тусгаар тогтнолын өдрийн мэндийн цэнхэр хадаг болгон энэ бичвэрээ толилуулж байна.


Юнрэн овогтой Ариунзаяат АНУ. Калифорни муж. Оакланд хот. 2017.11.26

 

Esportsnews.mn- мэдээллийн хуудас, esportsnewsmn Нүүр Номын хуудсууд нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн билээ. esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Боломжийн хэрээр файлаар хадгалсан өмнөх мэдээллүүдээ оруулахад мэдээний хугацаа, холбоотой зургуудын хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.

15 views0 comments

Recent Posts

See All

Comments


Related Posts

bottom of page