CS-ийн түүхэн дэх агуу тоглогчдын нэгээр тооцогддог Шведийн Counter-Strike (CS)-ийн домог Patrik "f0rest" Lindberg 20 гаруй жилийн турш үргэлжилсэн мэргэжлийн замналаа дуусгаж, 11-р сарын 8-ны Баасан гарагт албан ёсоор зодог тайлснаа зарлалаа.
Тэрбээр CS 1.6-аас эхлээд Counter-Strike: Global Offensive (CS), CS2 хүртэлх цаг үеийг хамарсан гайхамшигт карьертай нэгэн билээ.
Өдгөө 36 настай “f0rest” зодог тайлж буйгаа заралж, карьераа Ninjas in Pyjamas (NiP) багийн нэрийн өмнөөс контент бүтээгч, брэндийн төлөөлөгчөөр үргэлжлүүлэхээр болсноо мэдэгджээ. Тэрбээр NiP багт байхаас гадна Fnatic, SK Gaming, Dignitas зэрэг CS-ийн хамгийн алдартай багуудад тоглож байсан.
"f0rest"-ийн домогт карьерыг эргэн дурсвал
“f0rest” 2003 онд CS 1.6-ын анхны тэмцээнд оролцон мэргэжлийн карьерынхаа гарааг эхлүүлж, 2004 онд Embrace хэмээх томоохон багт элсэж байжээ. Тэрээр 2006 онд Fnatic багт орсноор CPL Winter 2006, IEM Global Challenge Montreal 2008, IEM III Hanover 2009 гэх мэт олон тэмцээнүүдэд ялалт байгуулж, CS 1.6-ийн карьерынхаа оргилд хүрсэн. 2010 онд SK Gaming багт орсноор DreamHack Summer 2011, IEM Global Challenge New York, ESWC Paris 2011 зэрэг тэмцээнүүдэд ялалт байгуулсан.
CS тоглоом гарахад NiP багт элссэнээр “f0rest”, “GeT_RiGhT”, “Xizt”, “friberg”, “Fifflaren” нарын бүрэлдэхүүнтэй домогт багийн нэг хэсэг болсон. NiP баг CS:GO-ийн эхэн үед ноёрхож, 87 дараалан ялалт байгуулсан нь өнөөдрийг хүртэл хэвээр байна.
Мөн NiP баг 2014 онд CS:GO-ийн дэлхийн аварга болох ESL One Cologne тэмцээнд Fnatic багийг финалд ялснаар оргил амжилтаа үзүүлсэн юм. “GeT_RiGhT “ NiP-ээс гарсны дараа 2020 оны 1-р сард “f0rest” багийг орхиж, Dignitas багт элссэн боловч 2022 оны 5-р сард идэвхгүй тоглогч болжээ.
Одоо “f0rest” зодог тайлж байгаа ч Twitch сувгаар NiP-ийн төлөөлөгч, контент бүтээгчээр ажиллах юм.
Comentarios