Perfect World Shanghai Major 2024-ын Азийн бүсийн сонгон шалгаруулалт буюу Asia Pacific RMR явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн Major-т Азийн бүсээс 3 баг шалгарах ёстой байсан тул тив дамнаж Major-т орох тоглогчдын шуналыг хөдөлгөж байв. Үүний илрэл болж “OhnePixel” -ын DRILLAS гэх баг Ойрхи Дорнодын бүсээс гарч ирж Азийн RMR-т шалгарсан юм.
Харин Хятадын бүсээс TYLOO багаас жийгдсэн гэж хэлж болохуйц “Kaze”-ын Rare Atom баг өшөөгөө авч, Хятадын бүсээс шалгарч RMR-т орох эрхээ авсан байв.
Харин Зүүн Өмнөд Азиас байж болох бүх сайн тоглогчдоос бүрдүүлсэн Alter Ego баг гарч ирсэн ба тус багт Б.Ган-Эрдэнэ “dobu” орж ирснээр бидний анхаарлыг ихэд татаж байсныг тэмдэглэе. Мэдээж "сэвтэй" хэмээн сэжиглэгдсээр ирсэн GR Gaming-г бүгд харж байсныг нуухгүй.
RMR-г орхисон хамгийн эхний баг Alter Ego болсон ба тэд The MongolZ, Lynn Vision багуудад ялагдаж тэмцээнийг өндөрлүүлсэн. Ингэснээр Солонгосын CS2-ын эцсийн найдвар тасарч “BnTeT”-д нэг дохио өгсөн байж болох талтай. Харин “dobu” маань Sticker-ээ гаргах хүртлээ ямар ч хамаагүй аргаар дайрсаар л байх болов уу даа.
Нөгөө бидний сэвтэй гэж харддаг GR Gaming баг тоглосон багуудынхаа эсрэг нэг ч мап дээр over гаргаж чадалгүй арчигдсан.
Номхон далайн Talon Esports нутгийн FlyQuest-г хожиж тун дажгүй RMR-г эхлүүлсэн ч Хятадын 2 багийг дийлэлгүй мултарсан.
DRILLAS багийг хамгийн эхэнд хасагдах болов уу хэмээн таамаглаж байсан ч Meme баг биш гэдгээ эхний өдөр л харуулж Lynn Vision багийг хожиж, The MongolZ-ын эсрэг эрхийн төлөөх цуврал дээр бүүр 1 мап хожсон. Энэнээс илүү яах билээ дээ. Доод хүснэгтэнд FlyQuest багийн эсрэг гал гарсан цувралыг үзүүлж хожих боломж маш их байсан ч төгсгөлөө хийж чадахгүй байсаар 1:2 харьцаатай ялагдаж тэмцээнийг өндөрлүүлэв. Хэдийгээр тэдний үзүүлсэн тоглолт, үр дүн хүндэлмээр байсан ч тэднийг энэ бүсэд байх эрхтэй эсэх талаар бодохоор үгүй ч юм шиг.
Таамгийн дагуу The MongolZ асуудалгүй Major-т шалгарсан. Учраанууд ч нь замыг нь бүүр л засаад өгсөн. Бусдууд нь байсан ч гэхдээ асуудалгүй байх байсан биз ээ. Угаасаа байнга л тэднийгээ хожиж Major-т шалгарч байсан юм чинь.
Харин хоёр дахь эрхийг Rare Atom баг авсан. Тэдний учраанууд бас амарсан байсан мэт боловч Major-т орох эрхтэй тоглолтыг үзүүлсэн үү гэвэл яалтачгүй тийм. Ялангуяа “Kaze” бүүр бүгдийнх тархи толгойг хага буудсан. Ийнхүү 5 жилийн дараа 30 настай “kaze” дахин нэг удаа sticker-рээ гаргахаар болов оо гэж.
Asia RMR дээр нэг үзэгдэл байнга тохиолдох боллоо. Тэр нь эхний эрхийг The MongolZ авдгаараа авч сүүлийн эрхийг нь FlyQuest-ын бүрэлдэхүүн Хятад багтай үлдээд л тэрийгээ илүүрхээд Major-ын сүүлийн эрхийг авдаг. Тэр цуврал дээрээ бараг заавал Vertigo тоглоод 1 мап бонусанд аваад байх юм. Уул нь Ази-д Vertigo тоглодог ганц баг нь шүү дээ. Яг л энэ дүр зураг давтагдаж сүүлийн эрхийн төлөө Lynn Vision багийн эсрэг тоглож 2:0 харьцаатай хожсоноор сүүлийн эрхийг өөрсдийн болгосон. Гэхдээ тэд энэ RMR дээр бараг байж болох бүх тоглолтыг үзүүлсэн гэхэд хэлсдэхгүй. Тэд хожигдсон, хожсон. Хожихдоо илт илүүрхэж ч хожиж үзсэн. Ойрхон гал гарсан хэцүү цувралын ардаас ч хожсон. Урсгалаараа явсаар байгаад ч хожсон. Гэхдээ эцсийн эцэст үр дүн л чухал юм даа.
Гэснээс “erkaSt” бол Major-т тоглогчийн хувиар, дасгалжуулагчийн хувиар орсон цөөхөн хүмүүсийн нэг болсон. Монголын анхдагчдын нэг яалт ч гүй мөн юм даа
Ингэснээр Шанхай руу Ази, номхон далайн бүсийг төлөөлж The Mongolz, Rare Atom, FlyQuest багууд явахаар боллоо. Яг л таамгийн дагуу...
2024 оны 11-р сарын 12.
Эх сурвалж: Two Sentries хуудаснаас зөвшөөрөлтэйгээр нийтэлж байна. Илүү олон мэдээлэл авахыг хүсвэл Two Sentries хуудсыг дагаарай.
Comments