top of page
Writer's pictureAriunzayat Yunren

Цахим спортын мэргэжлийн тамирчин болоход...

Мэргэжлийн болохоор төлөвлөсөн ядаж 1 жилийн төлөвлөгөө байна уу?

Хэрвээ байхгүй бол зорилго биш мөрөөдөл.

Хэзээ мэргэжлийн тамирчин болдог вэ?

Тухайн төрлөөр онцгойрч, бусдаас илүү гэдгээ нотолж, мэргэжлийн багуудын хараанд өртөж, мэргэжлийн дасгалжуулагчаар заалгаж эхэлсэн тэр цагт мэргэжлийн болох зам руугаа орно.

Тодорхой баг, байгууллагат харьяалагдан гэрээ хийснээр тухайн байгууллагын ажилтан болно. Энэ бол ажил. Гэрээний дагуу үүрэг хүлээж, байгууллагын дүрэм журмыг ягштал баримталж, хийж байгаа ажлынхаа (бэлтгэл, сургуулилт) төлөө цалин, гаргасан амжилтаараа урамшуулал авч, зэрэглэлийн өсөх бүрд алдар хүндтэй болж, үүнийгээ дагаж өндөр хариуцлага ирнэ.

Олон сая тоглогчдоос мэргэжлийн түвшинд шалгарах нь маш цөөхөн, гэтэл цахим спортын тамирчны оргил нас 26 гэж үзвэл хугацаа маш бага.

Багт орсоны дараа юун дээр анхаарах ёстой вэ?

Багийнхаа нэг эс болж тэдний дотор байхад харилцааны чадвар маш чухал. Өөрийгөө илэрхийлж, зөвхөн тоглолт тэмцээний үеэр төдийгүй бусад үед аль болох баг хамт олонтойгоо байж тэднийг сонсож, өөрийгөө ойлгуулах нь чухал. Гадаадын багт тоглож байгаа үед хэлний барьертэй байж болох ч өөрийнхөө тоглолтын арга барилыг илэрхийлэхдээ айж эмээх явдалгүй.

Бэлтгэл хийж байхдаа тэмцээнд орж байгаа мэт, тэмцээнд орж байхдаа бэлтгэл хийж байгаа мэт

Чамд ямар ур чадварууд хэрэгтэй вэ?

Сахилга бат. Хэрвээ тогтсон дүрэм журмыг дагаж, дасгалжуулагчийнхаа үгийг сонсож, өөртөө өндөр шаардлага тавьж, тавьсан зорилготоо хүрэхэд сахилга бат хамгийн чухал юм. Хэрвээ “За ёстой яг маргаашнаас эхлээд л...” гэж хойж тавьдаг бол хэзээ ч мэргэжлийн тамирчин болохгүй.

Тэвчээр. Маш олон цагаар бэлтгэл хийдэг тул шантрах ядрах үе зөндөө гарна. Тааруухан тоглох юм бол үзэгчид, дэмжигчдээсээ аль муу, муухай үг сонсон үе ч бий. Гэр бүлээсээ хол, ээж ааваасаа алс байх үед тэднийгээ санах нь наад захын хэрэг. Магадгүй багийнхантайгаа үг хэлээ ололцохгүй үе ч гарна. Энэ бүх хүнд хэцүүг давах ганц арга тэвчээр. Тэгж байж л мэргэжлийн тамирчин болно.

Ажил амьдралын тэнцвэр. Олон цагийн бэлтгэлийн дараа зөв зохистой амарч чадахгүй, нэг дэлгэцээс нөгөө дэлгэц рүү шилжиж амарч байгаа нь энэ гээд утсаа шүүрээд, эсвэл кино үзээд суух юм бол нэг л өдөр тэнцвэр алдагдах болно. Бэлтгэл сургуулилт, амралтын цагаа зөв зохицуулах нь дараагийн нэг ур чадвар.

Уян хатан байх. Хэн нэгэн чамайг шүүмжлэхэд яаж хүлээж авч байгаагаа ажиглаад үзээрэй. Хэн нэгний тухай шүүмжлэл, нөхөрсөн зөвлөгөө өгөхөд нөгөө тоглогч хүлээж авч чадахгүй байвал “Би ийм зан, үйлдэл үзүүлдэг билүү?” гэж бас бодох хэрэгтэй. Алдаа гарагхаас бүү ай, харин алдаагаа давтахаас ай.

Чамд төлөвлөгөө байна уу?

Мөрөөдлөө зорилго болгон биелүүлэхэд сайтар бодож боловсруулсан төлөвлөгөө маш чухал.

Карьерийн төлөвлөгөө гаргахад: Одоо чиний тоглолтын түвшин хаана байна вэ, ижил түвшиний тоглогчид хэд орчим хувь байгаа вэ, зорьж байгаа мэргэжлийн түвшинд хүрэхийн тулд хэдэн цаг, хэдэн өдөр, хэдэн сар, хэдэн жил зарцуулах вэ гэдгээ тооцож үзээрэй. Чиний сонгож авсан төрөл цаашдын хөгжлийн явцдаа хэр их хувьсан өөрчлөгдөх бол, өрсөлдөөн дунд тэсч үлдэх үү гэдгийг ч бас бодолцох хэрэгтэй.

Санхүүгийн төлөвлөгөө гаргахад: Цахим спорт бол маш их өртөг өндөртэй. Чамд бэлтгэлээ хийх байр, өндөр хүчин чадалтай компьютер, гар утас байна уу? Хэрвээ хангалтгүй бол бэлэн болгоход хэр их мөнгө шаардлагатай вэ, үүнийг хаанаас хэрхэн бүрдүүлэх вэ зэргийг энэ төлөвлөгөөнд тусгана.

Хамгийн гол нь чи хэр их орлого олж чадах вэ, тэрхүү орлогоо боловсролдоо, эрүүл мэнддээ, гэр бүлдээ, ирээдүйд хэрэглэх хадгаламжиндаа хэдэн хувийг зарцуулах вэ гэдгээ ч тооцох хэрэгтэй.

Боловсролын төлөвлөгөө гаргахад: Маш их өрсөлдөөнтэй салбар тул, маш их цагийг бэлтгэл сургуулилтад зарцуулдаг. Ихэнхи тохиолдолд мэргэжлийн тамирчид сурах цагаа хойшлуулдаг. Гэтэл зодог тайлах үед хэрхэн ямар боловсрол эзэмших вэ, (магадгүй гэмтэл авбал) ямар мэргэжилтэй болох вэ, чиний мэргэжлийн тамирчины карьер чамд ямар мэдлэг, ур чадвар өгсөн бэ, үүнийгээ боловсрол эзэмшихдээ яаж ашиглаж болох вэ гэдгээ ч төлөвлөх ёстой.

Хувийн амьдралын төлөвлөгөө гаргахад: Маш олон цагийг зарцуулдаг тул гэр бүлтэй болох асуудал мөн л хойш тавигддаг. Гэтэл найз бүсгүй, найз залуутайгаа (хэрвээ байгаа бол) энэ талаараа ярилцаж үзсэн үү, үр хүүхэдтэй болох хугацаагаа ч бас төлөвлөх хэрэгтэй.


Хамгийн сүүлд хэлэхэд энэ бүх төлөвлөгөөг чи аав, ээж, ах эгч, найз бүсгүй, найз залуу, гэр бүлийнхээ хүнтэй хамт сууж байгаад гаргавал хэрэгжихэд дөхөм болно шүү.


Чи мэргэжлийн тамирчин болоход бэлэн үү?

Recent Posts

See All

Comments


Related Posts

bottom of page