Миний АЯЛАЛ

1
956

Цахим спорт, видео тоглоомын салбар дах миний аялал эхлээд багагүй хугацаа өнгөрчээ.

“Нас тогтсон эмэгтэй байж, хүүхдүүдтэй нийлээд буу шийдэм болоод” гэж байсан тэр цаг ард хоцорч, “аа тийм, цахим спорт уу?” гэдэг яриагаар солигдоод нэлээдгүй хугацаа өнгөрч. 20 орчим жилийн түүхтэй “хар нялхаараа” байгаа цахим спорт өнөөдөр тогтмол явагддаг лиг, тодорхой дүрэм журам, шударга өрсөлдөөн, аз эзэнд найддаггүй гээд уламжлалт спортын үндсэн шинжийг агуулж, нийгмийн бүхий л салбарыг хамарсан бүхэл бүтэн industry болтлоо хөгжсөөр байна.

Би ч бас хөгжсөөр…

Цахим спортод хийсэн аялалаасаа цухасхан дурдвал:

Миний АЯЛАЛ download 1 1

2017.11.18-11.19-нд Калифорни мужийн Оакланд хотод манай MongolZ ирж IEM-д тоглосон. Анх удаа цахим спортын тэмцээн үзэж байсан болохоор миний насны хүн байгаа болов уу гэж их санаа зовж байснаа, MongolZ-ийнхонтой уулзах гээд Oracle стадионыг тойроод, өндөр өсгийттэй гүйж байснаа бодохоор л өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодордог. Би ч бас цагтаа Монголын домгуудтай уулзаж явсан хүн шүү. Даан ч зураггүй.

2018.10.26-10.28-нд Сан Хусе хотод болсон TwitchCon-д орж байсан. Хамгийн анхных, туршлагагүй, тал тал тийшээ гүйсээр байгаад сүүлдээ бүүр ядарчихсан байж билээ. Cosplay-д оролцогчид өөрсдийн хийсэн тоглоомын баатруудын хувцсаа өмссөн явахыг хараад яг л хүүхэд шиг сэтгэл хөдөлж байсан.

2019.03.18-03.22-нд Калифорни мужийн Сан Франциско хотод GDC (Game Developers Conference)-д орох гэж ажлаасаа чөлөө авч билээ. Билет нь маш үнэтэй тул бүртгэл дээр нь очоод “Энэ сайхан арга хэмжээний тухай өөрийнхөө хөтөлдөг “esportsnewsmn” хуудсаараа дамжуулан Монгол залуучууддаа үзүүлмээр байдаг, гэтэл би хөгжүүлэгч биш болохоор ийм их төлбөр төлж чадахгүй” гээд түмэн зовлон тоочтол нэгэн бүсгүй “Press Pass” өгч билээ. Press болохоор ёстой дураараа явж, бүр арын өрөөгөөр нь хүртэл орж үзсэн.

2019.11.23-11.24-нд Калифорни мужийн Оакланд хотод PUBG-ийн дэлхийн аваргыг Монголоос ирсэн Crusoe Erdene-тэй хамт үзсэн. Тэр том тэмцээн, үзэгчид, уур амьсгал нь хэд хоног ер мартагдаагүй.

2020.01.24-01.26-нд миний амьдардаг Оакланд хотод зохиогдсон Nintendo-ийн Genesis 7-д орсон. Melee, SuperSmash гэхээр бага насны хүүхдүүд ирнэ дээ гэтэл 20-30 орчим насны залуучууд ихэнхи нь байсан. Ямар ч байсан 3 өдөр тэр залуус хүүхэд насныхаа дурсамжаар аялах шиг болсон. Хамгийн сонирхолтой нь дээр үеийн ардаа пүмбэгэртэй 200 орчим телевизүүдийг хэдэн үе болгоод тавьчихсан тэнд нь залуучууд тоглоод, vintage маягийн мэдрэмж төрж билээ.

2020.02.21-02.23-нд Калифорни мужийн Анахэйм хотод DreamHack-д оролцсон. TwitchCon-оос ялгаатай нь хүүхэд залуучууд өөрсдийн компьютерээ авчирдаг, нэг ёсны үзэсгэлэн, нөгөөтэйгүүр өөрийнхөө компьютерийн set up аа бусдад “гайхуулах” хэлбэр. Шөнө болохоор тэндээ үлдээгээд явна, нийтдээ 1018 компьютер цугларсан гэж байсан.

  • Энэ бүх арга хэмжээнд оролцож явахад их ядардаг ч, олж авч байгаа мэдээлэл, vibe нь их гоё. Хол хот руу  шөнийн автобусаар явж, буудлынхаа мөнгийг хэмнэнэ. Эхлээд чемодан дүүрэн явдаг байсан бол сүүлдээ утас, цэнэглэгчүүд, зургийг аппарат, камер, хөл, мик гээд хамгийн хэрэгтэй зүйлээ хийсэн ганц үүргэвчтэй явдаг болсон.

Мөн баруун эргийн цахим спортын төвүүдээр бас нэлээд их орж, Монголынхоо цахим спорт, видео тоглоомын төвүүдтэй харьцуулж байгаа нь тэр. Хэдийгээр Монголынх ямар байдгийг зөвхөн зурагнаас харж байсан миний хувьд гадаадын цахим спортын төвүүдээс илүү гарна уу л гэхээс, дутуу лав биш.

За тэгээд л цар тахлын хөл хорио эхэлж, 2020 оны 3-р сард Лос Анжелс-д болох Dota2 Major, зүүн эргийн олон арга хэмжээнүүдээ цуцласан. Гэсэн хэдий ч Esports Insider-ээс зохиосон 2 удаагийн summit, Esports Bar, SBC summit гээд том жижиг хичнээн ч online арга хэмжээнд оролцов доо.

Би бас сурсаар…

Цаг зав гарвал интернет ухаж, аль болох л өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг ч заримдаа залуус та бүгдээс хоцорч байгаадаа, та нарын хувьд энгийн санагдах тэр зүйлийг мэдэхгүй байгаадаа маш их цухалдаж байна. Хоёр жилийн өмнө би өөрийгөө цахим спортыг гаргууд мэднэ гэж боддог байсан бол, уншиж судлах бүр юу ч мэдэхгүй байгаагаа мэдрэх боллоо.

Яг одоо Калифорни мужийн Ирвайны Их Сургуулийн (University of California Irvine ) “Management of Esports” гээд 12 кредитийн, хагас жилийн курсд сурч байна.  

Миний хөтөлдөг esportsnewsmn– нүүр номын хуудас, esportsnews.mn– вэбсайт маань өөрийн гэсэн органик уншигч, дагагчтай болж, үүссэн цагаасаа л виртуал хэлбэртэй байсан манай “байгууллагын” соёл өнөө үед огт ажрахгүй явж байна.

Маш их баярлалаа.

Миний хамгийн анхны ”staff”, анхны лого, интрог минь хийж өгсөн Э.Баасанхүүд баярлалаа.

Тухайн үед хамгийн хэрэгтэй мэдээллийг орчуулан хүргэж байсан Д.Даваадалайд баярлалаа. 2018 оны Predator league-ийн сурвалжлагын хамгийн оргил нь Р.Нармандах  Hustla-ийн зураг байсан шүү. Гадаад дотоодгүй л надаас зургийн зөвшөөрөл авч байсан нь та хоёрын ажлын үр дүн.

Унгар улсад мастераар сурч байгаа Т.Тулгаад баярлалаа. Dota-гийн арвин их мэдлэгээсээ хуваалцаж, ажил, хичээлээ зохицуулан байж, Berlin Major-ийг сурвалжлан, тухайн үед Grey Hound багийн ахлагч байсан Г.Эрдэнэцогт “erkaSt”-тай та биднийг уулзуулж байсан билээ.

Богино хугацаанд болов CS: GO төрлийн мэдээгээр хангаж байсан Э.Анарт баярлалаа. Японд сурч ажиллахад нь нэмэр болох байх хэмээн reference letter бичиж өгсөн нь миний баярласан сэтгэлийн илэрхийлэл.

Миний staff-ийн хамгийн залуу, хамгийн удаан хугацаагаар ажиллаж байгаа Э.Түвшинтөгсд баярлалаа. Дунд сургууль төгсөх жилээсээ мэдээлэл оруулж эхэлсэн Түвшээ маань ажлаа сайн мэддэг тул үглүүлж дуулуулаад байхгүй, пэйжнийхээ мэдээг тасалж байгаагүй, тууштай, сахилга баттай.

Сүүлийн үед миний вэбсайтын мэдээ тогтмол болж байгааг анзаарсан бол, тэр хүн нь Э.Ганбаатар. Монголын цахим спортод өөрийн гэсэн өнгө аястай бичдэг Э.Ганбаатарт баярлалаа.

Америк дах амьдрал, ажлын хажуугаар, нойроо хугаслан байж бүтээсэн бүхнээ эргэн харахад өөрөөрөө бахархаж байгаагаа нуухгүй ээ. Надад үргэлж, үргэлж урам, эрч хүч өгч байдаг залуус та бүгдэд баярлалаа.

Ийнхүү миний цахим спортод хийсэн “ТАНИЛЦАХ” аялал өндөрлөж байна.

Юнрэн овогтой Ариунзаяат

АНУ. Калифорни муж. Оакланд хот.

2021.05.19.

1 сэтгэгдэл

  1. Тэгж байтал ЦАХИМ СПОРТ-ын загалмайлсан эх болоход нь мэл гайхаж байсан удаатай.🧐 Ээж аавын насны хүн цахим спорт ойлгоод дэмжсэнд үнэхээр залуулаг сэтгэлгээг нь биширч суусан. Та минь давтагдашгүй эрч хүчний ундрага юмаа. ♥️ Цаашдын олон олон ажилд нь амжилт хүсэе!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу