Лхагва, 10 сар 27, 2021
top banner

MESA Улаанбаатар хотод DOTA2 олон улсын тэмцээн зохион байгуулахаа зарлалаа

2021 оны 9 дугаар сарын 17-оос 19-ний өдрүүдэд Монгол улсын Улаанбаатар хотноо испортын DOTA 2 төрөлд олон улсын тэмцээнийг Монголын Электрон Спортын Холбоо (MESA) нутагтаа зохион байгуулах болсоныг албан ёсоор зарлалаа.

2020 оны 12-р сараас хойш зохион байгуулагдсан MESA Pro Series дотоодын шилдгийг шалгаруулах цуврал явагдаж аваргууд нь тодорсон билээ. Тэгвэл 2021 оны үлдсэн саруудад Монгол улсын нийслэл хотноо олон улсын багууд ирж тоглохыг бид үзэхээр боллоо.

Nomadic Masters 2021 нэрийн дор тус тэмцээн зохион байгуулагдахаар болсон бөгөөд 9 сарын 17-19 өдрүүдэд үндсэн шатны тоглолтууд буюу тайзан дээрх тоглолтууд явагдах аж. Тэмцээн үзэгчтэйгээр ICT Expo-ийн хүрээнд Digital Nation агуулга дор явагдах юм байна.

Урьдчилсан байдлаар тэмцээнд гадаадаас 2 баг хүрэлцэн ирэх юм. Шагналын санг зохион байгуулагчид албан ёсоор зарлаагүй байна.

MPS Finals тэмцээний хаалтын үеэр MESA-ийн ерөнхийлөгч Эрдэнэчулуун албан ёсоор зарласан бөгөөд тус зарлалд:

“8 сарын турш үргэлжилсэн MESA-ийн энэ жилийн эхний хагас өндөрлөж байна. Олон сэтгэл хөдөлгөм тоглолт, багуудын хичээн зүтгэл, MESA-ийн залуусын маань хөлс хүч, үзэгчдийн маань дэмжлэг гээд ярих зүйл ихтэй эхний хагасыг үдлээ. Тус бүрийн төрлүүддээ түрүүлж Монгол улсыг дэлхийн аваргад төлөөлөх болсон шилдэг баг тамирчиддаа баяр хүргэе. 

Харин одоо 2021 оны сүүлийн хагас буюу MESA Fall-ийн төлөвлөгөөг та бүхэнд танилцуулах гэж байна. Оны өмнө зарлаж байсанчлан монголын шилдэг багуудын MESA League тэмцээн биднийг хүлээж байна. Энэхүү лигээ бид олон улсын мэргэжлийн лигүүд шиг үнэ цэнтэй, мэргэжлийн спортын тэмцээнийг зохион байгуулах болно гэдгийг итгэлтэйгээр хэлмээр байна. 

Түүнээс өмнө би та бүхэнд 9-р сарын 13-19 өдрүүдэд явагдах нэгэн том үйл явдлыг танилцуулъя. Энэ бол Монголын испортод анх удаа тохиож буй үйл явдал. Бид энэхүү шийдвэрийг удаан бодсоны эцэст гаргасан бөгөөд энэхүү үйл явдал,энэхүү тэмцээн Монголын испортыг олон улсад сурталчилах,Монгол улс азийн испортод хүч түрэн орж ирж буй том гүрэн гэдгийг харуулна гэдэгт итгэж байна.

Ингээд та бүхэнд тус өдрүүдэд Nomadic Masters 2021 нэрийн дор DOTA2-ийн олон улсын тэмцээнийг Улаанбаатар хотод LAN-аар зохион байгуулах болсоныг бахархалтайгаар зарлаж байна. Тэмцээнд маань олон улсын төлөөллүүд ирж Монгол багуудтай хүч үзэх бөгөөд багуудынхаа чанар чансааг сорьж MESA-ийн үйл ажиллагааг дараагийн шатанд буюу олон улсын шатанд гаргах цаг болсон хэмээн энэхүү шийдвэрийг гаргасан билээ. Ингээд дахин нэг удаа та бүхэнд 9-р сарын 13-19 өдрүүдэд Монгол улсад ази болон европын дотагийн шилдэг багууд ирэн өрсөлдөх болсоныг дахин нэг удаа зарлаж байна” гэжээ.

Тэмцээнд MESA Pro Series Finals-ийн ялагч Lilgun Монгол улсыг төлөөлөн оролцох нь тодорхой бөгөөд бусад багуудад ч гэсэн оролцох боломжийг MESA-ийн зүгээс олгох аж. Тиймээс ирэх өдрүүдэд тэмцээний урьдчилсан шатны, Монгол багуудын оролцох боломжийг зарлах хуваарьтай байна.

Nomadic Masters тэмцээнийг жил болгон уламжлал болгох төлөвлөгөөтэй байгаа ба DOTA2 төдийгүй CS:GO төрлөөр зохион байгуулахаар MESA-ийн зүгээс ажиллаж байна. Тэмцээнийг олон улсын стандартаар зохион байгуулах ба зөвхөн вакцины бүрэнд тунд хамрагдсан баг тамирчдыг, PCR шинжилгээтэйгээр Монгол улсын хилээр нэвтрүүлнэ гэдгийг зохион байгуулагчид мэдэгдэж байгаа.

Ийнхүү Монгол улсад анх удаа олон улсын тэмцээн LAN-аар зохион байгуулагдаж буй нь Монголын испортын чадал, цар хүрээ, Монголчууд ямар их ач холбогдол өгдөг болохыг илэрхийлсэн чухал үйл явдал болж байгаа юм. Цаашлаад Монгол улсын багууд, зохион байгуулагчдыг олон улсад таниж, гадаадын хөрөнгө оруулалт татах, Монгол багуудыг гадаадын байгууллагууд ивээн тэтгэх гарц нээгдэж болох ач холбогдолтой.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img