MESA буюу Монголын Электрон Спортын Холбооноос зохион байгуулдаг MESA Pro Series тэмцээний сүүлийн буюу шийдвэрлэх цуврал өнөөдөр эхэллээ. Тэмцээний зорилгын хувьд энэ улирлын оргил тэмцээн болох 30 сая төгрөгний шагналын сантай MESA League тэмцээний багуудыг тодруулах билээ. Мөн саяхан холбооны зүгээс MESA Pro Series-ийн шилдгийн шилдэг баг IESF World Championship EILAT 2021 тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцоно гэдгийг зарласан юм. Тэр ч утгаараа энэ удаагийн тэмцээн нилээд өрсөлдөөнтэйгээр эхэлсэн байна.

Энэ удаагийн тэмцээний үндсэн шатанд урилгаар Draingang, Lilgun, Sable Hat, Team W багууд оролцож, сонгон шалгаруулалтаас Not Last Place, Latea, The Infinity Gauntlet, Inno Gaming багууд шалгарчээ. Сүүлийн цуврал гэдэг утгаараа үндсэн шатанд ердөө 8 багийг оролцуулж байгаа ба GSL формат буюу 8 баг хоёр хэсэгт хуваагдаж double elimination-ээр өрсөлдөж байгаа аж.

Өнөөдөр эхний тоглолтууд явагдаж Sable Hat, Team Lilgun, Infinity Gauntlet, Inno Gaming багууд ялалт байгуулж upper бракэтэд үлдсэн байна. Харин ялагдсан багууд хоорондоо шийдвэрлэх тоглолтыг хийж Latea, Draingang багууд тэмцээнд үлдэж чадсан бол Team W, Not Last Place багууд тэмцээнээ өндөрлүүлжээ.
Энэ тэмцээний онлох нь мэдээж Hustla Sable Hat багтаа эргэн ирсэн явдал байсан бөгөөд Team Lilgun багийн ноёрхлыг зогсоох эсэх нь хамгийн том асуулт байгаа юм. Харин Draingang багийн хувьд нийлбэр оноогоор өмнөх хоёр цувралыг тэргүүлж байгаа ба тэргүүн байраа хадгалахын төлөө тоглож байна. Энэхүү гурван багийн өрсөлдөөн яригдаж байх зуур The Infinity Gauntlet, Inno Gaming багууд маш хүчтэй онцлогдож байгаа ба одоогоор хоёр багийн хувьд тэмцээнд түрүүлэх хангалттай бололцоотой тоглолтыг үзүүлж байгаа. Харин үлдсэн нэг баг болох Latea-ийн хувьд том багуудын эсрэг upset хийж чадах хэмжээний итгэл найдварыг үзэгчдийн зүгээс аваад байна.
Тэмцээн 5 сарын 2-ныг дуустал үргэлжлэх бөгөөд маргааш буюу 4 сарын 30-ны онцлох тоглолтоор Team Lilgun vs Sable Hat гэсэн тоглолт онцлогдож байна. Hustla багийнхаа хамтаар Lilgun-ийг зогсоож чадах болов уу?
