Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

IEM Katowice: CSGO-ийн шинэ эрин үе айсуй

CS:GO-ийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг IEM Katowice өчигдөр явагдаж өндөрлөлөө. Тэмцээний аваргаар ОХУ-ын Gambit баг тодорч, мөн тус улсын Virtus Pro баг дэд байранд шалгарав. Тоглолт best of 5 цувралаар явагдаж Gambit баг 3:1-ийн харьцаатайгаар илт илүүрхэж аварга болсон байна. Тэд өөрсдийн сонголт Vertigo дээр 14:16 харьцаатай хожигдож эхлүүлсэн ч арын гурван мап дээр 16:4, 16:6, 16:12 гэсэн харьцаагаар илүүрхэж IEM Katowice тэмцээнд анх удаа түрүүллээ.

Major статусгүй зохион байгуулагддаг хэдий ч major-ийн хэмжээний нэр хүндтэй, IEM-ийн хамгийн баялаг түүхтэй, ач холбогдолтой тэмцээн хэмээн уг тэмцээнийг онцолж болно. Мөн үргэлж ESL-ийн оны хамгийн анхны том тэмцээн байдаг тул багууд амралтын дараагаар бэлтгэлдээ ороод бүх зүйлээ зориулж тоглодог. Тэр ч утгаараа энэ удаагийн тэмцээнд дэлхийн хоёр удаагийн шилдэг тоглогч coldzera-ийн karrigan-тай нэгдсэн Faze, G2 дэхь одод болох Niko, kennyS, hunger нарын тоглолт, дэлхийн шилдэг баг Astralis, Zywoo, S1mple нарын тоглолт зэрэг олон зүйл хүлээттэй байлаа. Гэвч тэмцээн шал өөр өрнөлөөр буюу хүлээлтээс өөрөөр дуусав. Тус тэмцээн маш олон мэдэгдлийг бидэнд хийсэн, хуучны шилдэг тамирчдад дохио өгсөн, магадгүй шинэ үеийн эхлэл тэмцээн байлаа. Ингээд тус тэмцээний онцлох зүйлстэй танилцъя.

CIS-ийн “мэдэгдэл

CIS буюу “Тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөл” хэмээх ихэнх нь хуучны ЗХУ-ын харъяанд байсан улсуудаас бүрдэх уг бүс CS:GO-ийн tier1 зэрэглэлд тийм ч өндөр оролцоотой биш байв. Мэдээж дэлхийн шилдэг багуудын нэг Na’Vi-ийг эс тооцвол олон жилийн хугацаанд өндөр түвшинд тоглож байгаа баг бараг байхгүй байлаа. Хуучны Virtus Pro хэсэг уналтанд орсоны дараа Avangar багийн залуучуудыг авч хуучны нэрээ сэргээсэн гэж хэлж болно. Том тэмцээнд сүүлийн үед сайн тоглолтуудыг үзүүлж байсан ч Na’Vi шиг тогтмол өндөр зэрэглэлийн тоглолтыг үзүүлэхгүй байлаа. Мөн 2017 онд Zeus, Hobbit нарын бүрэлдэхүүнээр major-т түрүүлж байсан Gambit-ийг дурдаж болно. Гэвч тэр үеэс хойш Gambit баг олон жилийн туршид уналтанд орсон бөгөөд саяхан зоригтой шийдвэр гаргаж залуучуудын багийн тамирчдаа үндсэн баг руу шилжүүлэх болсон. Энэ мэтчлэн хөдөлгөөнтэй он жилүүдийг үдсэн үү гэхээс дэлхийн өндөр зэрэглэлд тогтвортой өрсөлддөг ганцхан багтай байсан гэхэд хэслдэхгүй.

IEM Katowice: CSGO-ийн шинэ эрин үе айсуй hobbit csgo
Gambit багийн хамгийн туршлагатай тамирчин Hobbit финалын 4 мапийн турш 106 ARD дундчилсан гайхалтай үзүүлэлтийг харуулав

Тэгвэл энэ удаагийн тэмцээнд Virtus Pro, Na’Vi, Team Spirit, Gambit гэсэн дөрвөн баг CIS бүсээс эрхээ авч чадсан бөгөөд сүүлийн топ 6 багийн 4-ийг нь уг багууд бүрдүүлэв. Цаашлаад сүүлийн топ 4 багийн 3 нь CIS бүсийн баг буюу VP, Spirit, Gambit нар байлаа. Ялангуяа тогтмол амжилт үзүүлдэг Na’Vi биш, чансааны хувьд ард нь бичигддэг уг гурван баг ийнхүү өндөр амжилт үзүүлсэн нь магтахуйц зйүл байв. Уг гурван багаас VP л зөвхөн дэлхийн чансааны эхний аравт багтаж байсан юм. Team Spirit-ийн хувьд тэмцээний дундуур чансааны эхний арван байрт орж чадсан. Тус гурван багийн тоглолт тэмцээнээс өмнө угаасаа өндөр байсан хэдий боловч ийм төгс тоглолтыг үзүүлэх хүлээлт бага байлаа.

Финалд шалгарсан Gambit, Virtus Pro багуудын үндсэн 7 мапийн хожлын хувь бүгд 50%-аас дээш байлаа

CIS багуудын нэг давуу талуудын нэг нь map pool байлаа. Ямар ч багтай тулсан CIS багууд,аль ч мап дээр ялгаагүй өндөр зэрэглэлийн тоглолтыг үзүүлж байв. Astralis илт давамгайллын үедээ 7 мапаас нэгийг шууд бан хийж үлдсэн 6 мап дээр маш жигд тоглолтыг үзүүлдэг байсан. Гэхдээ тэр дундаас нэг мап нь ядаж арай сул байдаг байсан бол энэ тэмцээний CIS багуудын хувьд мапны форм бүгд жигд байсан гэхэд буруудахгүй. Эсрэг баг нь мап сонгоход тэр мап дээр нь өөрсдийнх нь сонголтоос ялгаагүй байсан тул сэтгэлзүйн хувьд ч давуу тал байсан гэж хэлж болно.

Өмнө нь CIS-ийн багуудыг зохион байгуулалт муутай, замбараагүй тоглолттой, залхуу зэрэг шүүмжлэлүүд хөвөрдөг байв. Гэвч энэ удаагийн тэмцээн дээр тэрхүү шүүмжлэлүүдийнхээ эсрэг Европийн багууд юу ч хийж чадсангүй. Багийн зохион байгуулалтын хувьд Европийн багууд шиг өндөр зохион байгуулалттай болж гарч ирээгүй ч тоглолтыг нь зогсооход үнэхээр хүнд байв. Өмнөхөөс өөр стиллийг харуулаагүй, өмнөх тоглолтууд хэвээрээ байсан гэж хэлж болох ч топ багууд тэднийг яаж тогтоох аргаа энэ тэмцээнд үнэхээр олоогүй. Цагаа олсон зоригтой entry frag-ууд, зогсошгүй clutch раундууд, хамтарсан гоё хөдөлгөөнүүд, trade frag-ууд гээд өрсөлдөгчөө уншиж буй мэт тамирчид бүгд төгс формтой байлаа. Цаашдаа Европийн өндөр зохион байгуулалт CIS бүсийн firepower дээр суурилсан энэхүү тааварлашгүй тоглолтын эсрэг хариу барьж чадах болов уу?

IEM Katowice: CSGO-ийн шинэ эрин үе айсуй shiro mvp
IEM Katowice шиг хэмжээний том тэмцээнд бид дебют том тэмцээнээ хийж буй тоглогч MVP болж байсан тохиолдолд байсангүй.

Хуучны тамирчдын уналт

Counter Strike 1.6-аас эхлээд өдийг болтол өндөр зэрэглэлд тоглож буй тамирчид CS:GO-д бий. Цаашлаад CS:GO-ийн анхны үеэс эхлээд одоог болтол топ зэрэглэлд тоглож буй тамирчид ч бий. Тэдний үеийн тамирчид бага багаараа шахуулсаар байгаа бөгөөд сүүлийн саруудад энэ нөхцөл байдал бүр ч хурцаар тавигдах болсон. Olofmeister, MSL, Cajunb, fer, flusha гэх мэт саяхан л CS:GO сценийг өнгөлж явсан залуус одоо карьерын хувьд өндөрлөж байна гэхэд буруудахгүй. Тэгтэл сүүлийн саруудад тэдгээртэй хамт тоглож байсан, одоо ч ур чадварын хувьд өндөр байгаа тамирчдын хувьд шинэ үеийн тамирчидтай өрсөлдөхөд хүнд цаг үеүд үүсч байна. Саяхан л дэлхийн хоёр удаагийн шилдэг тамирчин болж байсан coldzera хэчнээн өндөр бэлтгэлжилт, хичээн зүтгэл гаргасан ч шинэ үеийн тамирчидтай өндөр хэмжээнд тоглоход хүндрэлтэй байгаагаас нөхцөл байдлыг дүгнэж болно. Цаашлаад энэхүү төрөлд удаан тоглосон тамирчдаас бүрдсэн G2, Faze, Astralis, Vitality, Na’Vi зэрэг багууд бүгд л IEM Katowice-д амжилт үзүүлсэнгүй. Мөн тус багуудын үзүүлэлтийг харвал сүүлийн үеийн тамирчдаас бүрдсэн багууд шиг бүх тамирчид жигд тоглолт үзүүлэх хандлага харьцангуй бага байгаа нь харагдана. Na’Vi s1mple, G2 Niko, Vitality Zywoo гэсэн үзүүлэлтийг та харж болно. rpk, shox, flamie, rain, apex, coldzera, kjaerbye гээд цагтаа буудалт, ур чадвараар бусдаа илт илүүрхдэг байсан тамирчид одоо багийнхаа сүпэр одуудад carry байр сууриа тавьж өгч, өөрсдөө дэмжин тоглох л үүргийг гүйцэтгэж буй. Харин Gambit, VP зэрэг багуудыг харвал тамирчдын рэйтинг харьцангуй ойрхон буюу жигд тоглолттой байгааг харж болно.

IEM Katowice: CSGO-ийн шинэ эрин үе айсуй ethan csgo
IEM Katowice-ийн тааруу амжилтынхаа дараа EG-ийн багийн Ethan CS:GO-ийг орхиж 100Thieves багийн Valorant тоглоом руу шилжиж байгаагаа зарлав.

Цаашлаад үүгээр Европчууд 1 сүпэр одын хэмжээний ур чадвартай тоглогчтой, багийн суурь нь өндөр зохион байгуулалт, сахилга бат, нягт тоглолт зэрэг дээр тогтож байгааг харж болох бол CIS багууд багийн хэт зохион байгуулалт, нягт тоглолт гэхээсээ илүү 5 хүний хүчирхэг firepower, тамирчдын жигд тоглолт, жигд форм, тогтвортой тоглолт зэрэг дээр амжилт нь тогтож буй. Тэгэхээр энэ оны төгсгөл хавьцаа Европийн багуудад маш олон тооны өөрчлөлт шинэчлэлүүд хийгдэхийг үгүйсгэх аргагүй юм. Үүний эхлэл болж өнгөрсөн жилээс Европийн топ багууд 6 дахь тоглогчдоо танилцуулж мап бүрээр ээлжилдэг болсон. Энэ нь цаашдаа том өөрчлөлтүүдэд бэлдэж буй хэрэг бөгөөд туршлагатай тамирчдын хажууд дараагийн үеэ бэлдэж буй спортын бас нэгэн үйл явц билээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img