Цахим спорт, видео тоглоомын FaZe Clan компани NASDAQ хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасаны дараа албан ёсоор олон нийтийн компани болов.
B. Riley Principal 150 Merger (BRPM) корпорацийн хувьцаа эзэмшигчид Хойд Америкийн цахим спорт, видео тоглоомын байгууллага FaZe Clan-ыг SPAC хурдасгуур хөтөлбөрт хамруулан, 725 сая долларын үнэ бүхий хэлцлийг баталсанаар олон нийтэд нээлттэй компани боллоо.
Хувьцаа нь NASDAQ хөрөнгийн бирж дээр FAZE болон FAZEW нэрээр арилжаалагдаж, FaZe Holdings Inc хэмээн нэрээ өөрчилсөн. FAZEW Лхагва гаригт анхны арилжаагаа эхлүүлэн, хувьцаа нь үнэлгээнээсээ бараг 25%-иар буурчээ.

Ийнхүү цахим спортын байгууллага хувьцаа гаргаж олон нийтийн компани болсоноор салбарын хувьд нэлээд сайн үр дагавар авчраад зогсохгүй, хөрөнгө оруулалт татах, хөрөнгө босгох боломжтой болох юм. Олон нийтийн компани болж, санхүүгийн тайлан тооцоо бусдад ил тод байхыг, гүйцэтгэлийн мэдээлэл илүү нягт нарийн болох тул эдгээр шалгуурыг давж чадахгүй унавал шинэ хөгжиж буй цахим спортын салбарын нэр хүндэд ч бас муугаар нөлөөлөх талтай.
Олон нийтэд нээлттэй болж хувьцаагаа гаргасан Enthusiast Gaming, GameSquare Esports, Esports Entertainment Group, OverActive Media, Astralis зэрэг бусад цахим спортын байгууллага, компани, конгломератуудын эгнээнд ийнхүү FaZe Clan нэгдэж байна.
2010 онд үүсгэн байгуулагдсан FaZe Clan бол 93 гишүүнээс бүрдсэн цахим медиа компани бөгөөд үндсэндээ цахим спортын тоглогчид, контент бүтээгчид, алдартнуудаас бүрддэг, YouTube, TikTok, Twitch зэрэг олон платформ дээр нийтдээ 500 сая гаруй дагагчтай, Forbes сэтгүүл хамгийн үнэ цэнэтэй компаниудын жагсаалтын дөрөвт оруулсан.

2022 онд FaZe Clan байгууллагын CS:GO баг 6 том тэмцээнд оролцон ДӨРӨВТ нь түрүүлэн цом өргөжээ. IEM Katowice 2022; ESL Pro League S15; PGL Major; Antwerp 2022; IEM Dallas 2022; BLAST Premier Spring Finals 2022; IEM Cologne 2022
SPAC (Special Purpose Acquisition Company) нь хөрөнгийн биржид бүртгэлтэй тусгай зориулалтын худалдан авалтын компани бөгөөд хувийн компанийг худалдан авч, тэдгээрийг IPO хийхгүйгээр олон нийтэд хүргэх зорилготой компани юм.
Эх сурвалж: esportsinsider.com cnbc.com