Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Долоо хоногийн мэдээ

(2020.06.21-06.28)

esportsnewsmn- хуудас ESPORTSTALK энэ удаагийн ярилцлагаар Dgamers.mn үүсгэн байгуулагч Хулан “dolores”-той цахим спортын хөгжил, streamer-үүдийн тухай сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

Монголын цахим спорт

Perfect World Asia League Summer  тэмцээний эхний 7 хоног амжилттй өрнөж дууслаа.

Нийт оролцож байгаа 10 багаас Монголын 2 баг хожлын тоогоор тэргүүлж, Мазаалай багийн хувьд хүнд учраануудтай таарч хожил авч чадсангүй.

Монгол улсын TIGER баг Beyond, Invictus Gaming багуудыг хожиж, Bren esports багт хожигдсон бол; D13 esports баг Lucid Dream, Mazaalai багуудыг хожиж, Tyloo багт хожигдож; MAZAALAI баг  Divine Vendetta, Beyond, D13 eSports багуудад хожигдсон.

Dgamers.mn-ээс Valorant тоглоомын анхны тэмцээнийг BO3 фөрматаар зохиолоо. Энэ тэмцээнд Flying Game, Nigma, Anexiz, Mazaalai, God of yours, Hamaaq, Souls, The infinity gauntlet 8 баг оролцсоноос Mazaalai баг түрүүлжээ.

Aim4R gaming байгуулагдаад нэг жил болж байгаа хэдий ч багийн эмэгтэй тамирчдаа танилцууллаа. Үүнд: Нандин-Эрдэнэ “Miknna”

Ундармаа “UNdraa”

Заяахүү “Fate”

Aриунтуяа “ar1mun”

Маралгуа “rena”

Монголын Электрон Спортын Холбооноос 6.26-7.2 хүртэл V Premier Series 2 тэмцээн явагдана. Тэмцээнд 32 тоглогчид фэн клубээс, 16 тоглогчид нээлттэй бүртгэлээс нийт  48 тоглогчид оролцож байна. 6.27-6.28-ний өдрүүдэд фэн клубуудын 32 тоглогчдоос 16 тоглогчид шалгарлаа. Харин ирэх амралтын өдрүүдээр эдгээр шалгарсан тамирчид нээлттэй бүртгэлээс оролцсон 16 тоглогчидтой хасагдах журмаар өрсөлдөж аваргаа тодруулна.

Монголын Электрон  Спортын Холбоо дэлхийн томоохон брэндийн нэг болох Red Bull хамтын ажиллагааны гэрээ хийлээ.

All Star Series тэмцээнд манай улсын 24К  баг шөвгийн 4-т үлдсэн байна.

Хамтын ажиллагаа

3 жилийн дараа Micrsoft компаний үүсгэсэн streaming платформ ажиллагаагаа зогсоож байгаагаа зарлалаа. Компаний хүсэн хүлээж байсан үр дүнд хүрээгүй тулд ийм шийдвэрт хүрсэн гэнээ. Харин нэлээд үнээр худалдаж авсан нэртэй streamer-үүдтэй хийсэн гэрээгээ цуцалж өөрсдийн дураар хаана stream хийхээ шийд гэсэн байна. Mixer бидний сайн мэдэх FaceBook Gaming-тэй нийлж байгаа юм байна шүү.

2019 оны 12 сард байгуулагдсан Энэтхэгийн Marcos Gaming цахим спортын байгууллага спорт урлагийн  уралдаан тэмцээнийн зөвшөөрөл олгодог Baseline Ventures фирмтэй хамтран ажиллахаар боллоо. Энэ фирм нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, спорт урлагийн алдартнуудтай хамтран ажиллаж, тэдний менежментийг хийж, хэвлэлийн эрх олгох, зөвшөөрөл олгох, бусад байгууллагуудтай холбох зэрэг ажил хийдэг юм байна. Харин Marcos gaming Энэтхэгийн шилдэг PUBG MOBILE баг Zero Degree esports, мөн Free Fire тоглоомын багтай.

Хятадын Tencent компаний санаачлагаар байгуулагдсан Global Esports Federation Япон улсын зар сурталчилгааны Dentsu компанитай хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр цахим спортыг дэлхийн хэмжээнд хөгжүүлж, өргөжүүлэхэд маш том алхам болно гэж үзэж байна. Dentsu нь Японы Цахим Спортын Холбоотой хамтран олон улсын тэмцээний зар сурталчилгаа, менежментийг хариуцах, тоглоом хөгжүүлэгчид, хэвлэлийн байгууллагууд, олон улсын байгууллагууд хамтдаа “цахим спортын тухай ойлголт, эрх зүйн байдлыг нэмэгдүүлнэ” гэж үзэж байна. 

Английн электрон барааны Currys PC world Их Британийн LOL аваргын тэмцээний үеэр DreamHack-тай хамтран тэмцээнийг ивээн тэтгэхээр боллоо. Энэ тэмцээнээс шалгарсан 2 баг нь Хойд Европийн аварга шалгаруулах (Финлянд, Швед, Дани, Норвеги, Их Британи, Ирланд) тэмцээнд оролцоно. Эдгээр 2 тэмцээнийг 2020 оны туршид Английн нэрт BBC сувгаар нэвтрүүлнэ. Өндөр ранктай, тив, бүсийн тэмцээнүүдийг ивээн тэтгэх нь бизнессийн байгууллагуудын хувьд нэр төрийн хэрэг болж байна. 

Complexity Gaming,We are Nations хамтран тамирчдын тоглолтын үед өмсөх өмсгөл, gears үйлдвэрлэх “The Lab”-г үүсгэн байгууллаа. Зүгээр нэг өмсгөл хийхгүй маш судалгаатай хийх гэнээ. Багийн тоглогчид эхлээд the Cognitive Lab-д тамирчдын үндсэн үзүүлэлт болох тоглолтын хурд, сэтгэл хөдлөлөө барих чадвар, санах ой зэргийг судлаад; дараа нь the Herman Miller Innovation Lab-д тамирчны хувь хүний зан чанар, төрх байдлыг ганцаарчилсан байдлаар судлаад; хамгийн сүүлд нь the Advanced Training Rooms-д ирж LAN тэмцээний үеийн бүхий л нөхцлийг тайзны засал, гэрэлтүүлэг, дуу чимээ, хөгжим, үзэгчдийн дуу хоолой, заалны темпратурыг хүртэл тооцсон тусгай орчинд тухайн тамирчны стрессийн үзүүлэлт зэргийг судалж тооцож гаргана гэнээ. 

Английн алдарт хөл бөмбөгчин David Beckham 50 хувийг нь  эзэмшдэг Guild Esports байгууллагатаа  31 сая долларын хөрөнгө оруулалт татах болсоноо зарлалаа. Ингэснээр Guild Esports-ийн үнэ 124 сая долларын үнэлгээтэй болно. Одоогийн байдлаар Blus Star Capital, (нийт хувьцааны 11.7%-ийг нь эзэмшдэг), DB Ventures санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулахаар болжээ

Цахим спортын Pittsburgh Knights байгууллага 2023 он хүртэл сүлжээ дэлгүүр Sheetz-тэй хамтран ажиллахаар боллоо. 2019 оны 4-р сараас эхэлсэн гэрээгээ инхүү сунгаж 2023 он болгосноор тус дэлгүүрийн лого багийн өмсгөл дээр байрлуулж, багийн online тоглолтуудыг ивээн тэтгэх, контент үйлдвэрлэхэд нь туслана.

Италийн тансаг зэрэглэлд ордог Gucci брэнд цахим спортын Fnatic-тай хамтран тэдний логог нүүрэн дээрээ дүрсэлж, цагны тоонууд нь Fnatic багийн үндсэн өнгө хар, улбар шар өнгөтэй байна гэнээ.  Цагны нүүрэн дээрхи Gucci фирмийн “GG” лого нь “good game” гэсэн утгыг давхар илэрхийлнэ. Ердөө 100 ширхэг үйлдвэрлэх уг цагны үнэ нь $1430.

Overwatch League, Call of Duty тоглоомуудын хөгжүүлэгч Activision Blizzard гадны ивээн тэтгэгч байгууллагууд олох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Excel Esports Management агентлагийг хөлсөн авлаа. Цар тахлаас болж уралдаан тэмцээнүүд цуцлагдаж байгаа энэ үед Excel Esports Management цахим спортын салбарт түлхүү орж, энэ хоёр тоглоомыг бусдад ялангуяа, цахим спортын бус салбарын томоохон компаниудад сурталчлах, хөрөнгө оруулахад татахад анхаарлаа хандуулах юм байна. Одоогийн байдлаар OWL нь State Farm, T-Mobile, Xfinity, Cheez-it брэндүүдтэй хамтардаг бол, CDL нь Mtn Dew, Game Fuel, PlayStation, US Air Force-тэй хамтран ажилладаг.

Уралдаан, тэмцээнүүд

Dota2 төрлийн One Esports SEA League тэмцээнд (6.18-7.12) Ravdan “Hustla” Narmandah-ийн тоглодог Reality Rift баг өнгөрсөн долоо хоногийн тоглолтын байдлаар Drew, Fnatic багуудад хожигдож, Neon esports багийг хожиж,  Boom багтай тэнцсэн үзүүлэлттэй байна.

Riot Games өөрийн гаргасан Valorant тоглоомыг зах зээлд танилцуулах зорилгоор Valorant Ignition Series тэмцээнийг томоохон бүс, мега хотуудад зохиож байна. Хойд Америкийн бүсийн тэмцээнийг NCG, T1 багууд 6.26-6.28-нд зохион байгуулж. 16 баг өрсөлдсөнөөс TSM түрүүлж $25000; T1 баг 2-р байранд орж $15000; 3-р байранд Immortals, FaZe Clan багууд орж тус бүр $5000 авчээ. Immortals багт манай улсын Амгалан “Genghsta” Nemekhbayar тоглодог билээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон Япон улсын тэмцээнд Absolute Jupiter баг түрүүлж, 500 ($4680) мянган иенээр шагнууллаа. Өмнө нь Япон улсын шилдэг CSGO баг байсан тэд нар 3-р сард JUPITER компани өөрийн нэр дээр авсан билээ. Энэ компанийн Apex Legends, PUBG багууд Япондоо нэлээд дээгүүрт ордог.

G2-ээс зохиосон тэмцээнд 8 баг өрсөлдөж Team MIxwell $16815 шагналын сангаас $5605 авчээ.

Хойд Африкийн тэмцээнд 8 баг оролцоно, шагналын сан нь $1750 юм байна.

GGTech нэртэй тэмцээнд Хойд, Өмнөд Америкийн 16 баг 7.2-7.3-нд болно.

Харин Номхон далайн бүсийн тэмцээнд Сингапур, Тайван, Филлипин, Хон Конг, Тайланд, Макау, Малайз, Индонез улсуудын багууд 8-р сард тоглоно.

ASA entertainment цахим спортын байгууллагаас эмэгтэй тоглогчид, streamer-үүдийг дэмжих, эрэгтэйчүүд давамгайлсан энэ талбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, online орчинд хүйсээр ялгаварлах явдлын эсрэг уриатай Super Girl Gamer Pro цуврал тэмцээнийг зарлаж байна. Үүнд: CS:GO, Hearthstone, League of Leends төрлүүдээр АНУ, Канад, Мексикийн эмэгтэй тоглогчид 10 долоо хоног on line өрсөлдөж 2020.10.3-нд уламжлалт, цахим спортын эмэгтэй тамирчдын 2 өдрийн арга хэмжээн дээр аваргаа тодруулна. Тэмцээний оролцогчид нь оноо цуглуулж аваргаа тодруулах юм байна.

Шинэ технологи

Тел Авив хотод үйл ажиллагаагаа явуулдаг Overwolf хэмээх тоглоомын аппликейшн Twitch платформийн эзэмшдэг байсан CurseForge-ийг эзэмшихээр боллоо. 2016 онд тоглоомын цахим хуудасны сүлжээ болох Curse үүсгэн байгуулж, дараа нь Twitch-д зарсан билээ. Minecraft гэх мэт тоглоомуудын бүтээн байгуулалт, тоглоомыг татах зэргийг зохицуулалт хийдэг программ хийдэг юм. Харин Twitch-ийн үзэгчдээс нь холдуулж, зөвхөн суурийн компьютер дээр ажиллах программыг боловсруулж, цаашид 2022 онд тоглоомын mod хөгжүүлэгч нарт 50% илүү төлөх санал тавьж байна.

Тоглоомууд

Хэд хэдэн удаа хойшилсоны эцэст Epic Games өөрсдийн хийсэн Fortnite тоглоомын 3-дахь улирлын өөрчлөлтөө танилцууллаа. Тоглоомын газрын зураг, баатрууд, Battle Pass гээд зөндөө их өөрчлөлтүүд орж, тоглогчдын сонирхлыг ихэд татаж байна. Тоглотын газрын зургийг хархад 60 орчим хувь нь усан доогуур явж гүйцэтгэдэг даалгавартай, The Authority, Catty Corner, Rickety Rig, The Fortila гэсэн 4 арлыг бий болгож, зуу зуун skin-үүдийг авч ур чадвараа сайжруулах боломжтой. Battle Pass нь доторхи багцаасаа шалтгаалж хамгийн үнэтэй нь 10$ байна.

Super Smash Ultimate-н захирал Масаширо Сакурай 6.22-нд шинэ баатар танилцуулах болсоноо зарлалаа. Тоглоомын шинэ баатрууд, өөрчлөлтийг зарлахдаа нэлээд өвөрмөц хэлбэрээр хийдэг энэ компани Super Smash -ийн 76 дахь шинэ баатрыг танилцуулахдаа нэлээд их гэнэтийн бэлэгтэй гэж үзэгч хөгжөөн дэмжигчиддээ хэллээ. Зөвхөн танилцуулга нь 35 минут орчим үргэлжилж, харин өглөөний 7-оос эхлэн тоглоомын тухай нэвтрүүлэг, stream явна.

Цар тахлаас болж хаагдсан Лас Вегас хотын Hyper Esports Arena 6.25-аас эхлэн нээгдэхээр боллоо. Цагийн хуваарьт өөрчлөлт орж, хүн хоорондын зайгаа барьж, маск зүүх гэсэн шаардлагуудыг тавьж байна. Энэ мэдээтэй хамт Allied Esports-ийн хувьцааны үнэ 39.1% өсчээ. 2018 онд байгуулагдаж байсан анхны esports arena одоогийн байдлаар франчайз хэлбэрээр нэлээд хэдэн салбартай.

АНУ-ын Эм хүнсний асуудал хариуцсан байгууллагаас   “удамшлын шинжтэй, мэдрэлийн системд нөлөөлж, хөдөлгөөнийг саармагжуулдаг ADLD” гэдэг өвчтэй 8-12 насны хүүхдүүдэд зориулсан тоглоомыг зөвшөөрчээ.

Endeavor Rx тоглоом нь дээрхи өвчнөөр өвдсөн хүүхдүүдийг эмчлэхэд зориулсан, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр гарч байгаа тоглоом юм байна.

Видео тоглоом, тоглоом хөгжүүлэгч нарын хувьд хамгийн том арга хэмжээнд тооцогддог Electronic Arts  үзэсгэлэн сая Пүрэв гаригт боллоо. Энэ үеэр Apex Legends шинэ өөрчлөлтүүд, шинэ баатруудаа танилцуулж; MADDEN 21, FIFA 21 өөрсдийн демогол үзүүлж, эдгээр тоглоомыг PS4, Xbox 1 дээр авсан хэрэглэгчид нэмэлт үнэ төлөхгүйгээр шинээр гарсан PS5, Xbox X Series дээр тоглож болохыг; Star Wars: Squadron-ий demo мөн таницууллаа. Дашрамд хэлэхэд энэ тоглоом 10-р сарын 2-нд нээлтээ хийнэ.

Дүрэм журмын хэрэгжилт

Солонгос улсад байрладаг International Esports Federation байгууллагын 72 гишүүнээс Босния Герцогвин, Бруней, Монтенегро, Перу, Сан Марино улсууд нэмж гишүүнээр элслээ.

2007 онд гарсан “ King of Kong” баримтат киноны гол дүр Billy Mitchel Геннессийн номонд тэмдэглэглсэн рекорд амжилтаа буцаан авахаар болжээ. 1982-2010 онд түүний авсан оноонууд нь худлаа, хууран мэхлэх замаар олсон гэж компьютер тоглоомын тоглогчдын мэдээлэл амжилтыг тоон үзүүлэлтээр гаргадаг Twin Galaxies хуудас 2018 оны 4-р сард мэдэгдсэнээр хамаг хэрэг эхэлжээ. Billy удтал шүүхдэж явсаны эцэст дээд амжилтуудыг бүртгэдэг Геннесийн Номын комисс нэмэлт материал цуглуулж, өөр бусад гэрчүүдтэй уулзсаны дараа түүнд Геннесийн номд бичигдэх эрхийг нь буцааж өгчээ. Түүний авсан оноонууд:

  •                         Nov. 7, 1982: Highest score on Donkey Kong — 874,300 points
  •                         July 3, 1999: First Perfect Score on PAC-Man — 3,333,360 points
  •                         June 4, 2005: Highest score on Donkey Kong — 1,047,200 points
  •                         July 14, 2007: Highest score on Donkey Kong — 1,050,200 points
  •                         July 31, 2010: Highest score on Donkey Kong – 1,062,800 points

Өнгөрсөн Баасан гаригт Twitch платформын нүүр царай гэж хэлж болохуйц, олон сая долларын гэрээ хийсэн streamer Guy “Dr Disrespect” Beahm-ийн суваг гэнэт хаагдаж,  захиалагч нарт нь мөнгийг нь буцааж өгсөн билээ. Ямар шалтгаанаар хаагдсан нь тодорхойгүй байгаа ч бүр мөсөн хаагдсан нь тодорхой, гэхдээ долоо хоногийн эхээр Twitch CEO Emmet Shear “Сүүлийн хагас сарын туршид ёс бус үг хэрэглэсэн, бусдыг доромжилсон, бэлгийн дарам үзүүлсэн зэрэг бидний дунд байж боломгүй 200 шахам гомдол ирсэнийг бид маш хариуцлагатайгаар шалгаж байна” гэж мэдэгдсэнтэй холбоотой ч байж магадгүй гэж тааварлаж байгаа юм.

Англи улсад байдаг цахим спортын уралдаан тэмцээнийг зохиодог FACEIT байгууллага их дээд сургуулийн  цахим спортын Star лигийг үүсгэн байгуулагч Duran Parsi-гаар ахлуулсан цахим спортын vertical байгууллаа. Юуны түрүүнд Хойд Америкийн их дээд сургуулиудын дунд цахим спортын тогтвортой эко системийг бий болгож, цахим спортын уралдаан тэмцээнүүдийг зохион явуулах зэрэг анхаарлаа хандуулах юм байна.

Team and athletes

Overwatch тоглоомын нэртэй тамирчин Kai “Krystal” Shilong-ийг түүний тоглож байсан

Hangzou Spark багаас гаргалаа. Ноднингоос ар гэрийн гачигдлаар 10 хоногийн чөлөө авч яваад буцаж ирээгүй, буцаж холбоо бариагүй, олон нийтийн сүлжээнд баг руугаа буцаж очихгүй “ажил хаялт” зарлаж байна хэмээн жиргэжээ. Ингээд нэлээд удаан хүлээсний эцэст багийн зүгээс түүнийг албан ёсоор гаргаснаа хэллээ.

Хятад улсын Vici Gaming байгууллага PUBG төрлийн багаа татан буулгаж байгаа тухай жиргэжээ. Хэдийгээр ямар шалтгаанаа тодорхой дурдаагүй ч, сүүлийн үед тэмцээнд амжилт үзүүлэхгүй байгаа нь, 2017 оны 8-р сард байгуулагдсан энэ баг нь 2019-2020 хооронд багийн гишүүдийн солилцоо хйиж, тамирчдын насны зөрүү г арилгах, ядаж тэнцвэржүүлэх тал дээр нэлээд ажилласан. Гэхдээ шинэ бүрэлдэхүүн 2020 оны PUBG continental Series-д ялагдсан нь ийм шийдвэр хүргэжээ.

G2 цахим спортын League of Legends тоглоомын багийн тамирчин Luka “Perkz” Perkovic түр хугацаагаар чөлөө авахаар боллоо. Саяхан түүний аав нь хорт хавдрын улсмаас нас барсан нь, стресс маш их байгаа тул тоглолтонд амжилт үзүүлж чадахгүй байна гэж үзжээ. Саяны Бямба гаригт болсон тэмцээнд Fnatic багийг хожсон билээ. G2 LEC (League of Legends European Championship) тэмцээнд одоогийн байдлаар 3-рт явж байна.

Хойд Америкийн нэр хүнд бүхий цахим спортын байгууллага Immortals нь League of Legends тэмцээний Academy багаа шинэчилж байгаагаа зарлалаа. laner Kieran “Allorim” Logue, jungler Jake “Xmithie” Puchero, mid laner David “Insanity” Challe, bot laner Apollo “Apollo” Price, and support Nickolas “Hakuho” Surgent нарын бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн долоо хоногт Golden Guardians Academy багийг хожиж, Cloud9 Academy-д хожигдсон билээ.

FaZe Clan баг Valorant тоглоомын багтаа  Overwatch-н дэлхийн аварга, мэргэжлийн тоглогч Corey “Corey” Nigra; Jason “JasonR” Ruchelski нарыг авах болсоноо зарлалаа. Энэ долоо хоногт зарлагдсан Valorant-н Хойд Америкийн тэмцээнд T1, TSM, GenG, Imoortals, Setinels, Cloud9, 100 Thieves, Tyler “Ninja” Blevins-ээр ахлуулсан бас нэг багуудтай өрсөлдөнө. Valorant Ignition Series тэмцээн болох гэж байгаа тул багууд яаравчлан тамирчдаа танилцуулж байх шиг байна.

Мэдээг бэлтгэсэн: Ю.Ариунзаяат

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img
Өмнөх нийтлэлДолоо хоногийн мэдээ
Дараагийн нийтлэлДолоо хоногийн мэдээ

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img