Ням, 10 сар 24, 2021
top banner

Цахим спортын контэнтын давтагдашгүй байдал

Шинэ бүтээгдэхүүн, спортын тэмцээн, урлагийн тоглолт гээд бүгд л контэнт. Мэдээлэл үүсч байгаагаас хамаараад тэнд контэнт үүсч байдаг. Контэнт өөрөө хүний сонирхлыг татах,сэтгэлийг хөдөлгөх, хүний тархийг ажиллуулах тэрхүү зүйлс байдаг тул хүмүүс бүхий л хугацааны турш контэнтэд татагдсаар иржээ.

Уламжлалт байдлаар контэнт 20-р зуунд телевизийн салбарт идэвхтэй хөгжсөн. Дүрсэн байдлаар, байнгын гарч байгаа, тасрашгүй гэдэг утгаараа дэлхийн бүхий л өнцөг булан бүрт телевизийн контэнт одоог ч гэсэн зогсошгүй байна. Харин 21-р зуунд контэнтийн салбарт том өөрчлөлтүүд орсон нь дижитал контэнтууд байлаа. Бид яг одоо үүний хамгийн гол төлөөллийн нэг болоод буй цахим спортын контэнтийг онцлох гэж байна.

Контэнтын эрх чөлөө

Уламжлалт контэнтууд буюу телевизийн контэнт өөрөө асар их хэмжээний техник хэрэгсэл, хүн хүч, мэргэшсэн байдал шаардаг. Хамгийн жижиг хэмжээний контэнтыг хийсэн ч эфирийн найруулагч, продюсер, туслах ажилтан, хөтлөгч, тусгай мэргэжлийн камер, гэрэл гээд тоочоод дуусахгүй их зүйлийг шаардана.

Тэгвэл цахим спортын болон gaming контэнтийг бүтээхэд хэрвээ боломжийг нь олж чадах юм бол ганцаараа бүх зүйлээ хийсэн болдог. Тэр ч утгаараа стриймэрүүд дэлхийд энэхүү контэнтийн гол байр суурийг эзэлж байна. Монголд ч гэсэн гэрээсээ бүх зүйлээ бүтээж, нэг телевизийн өдрийн орлогоос ч давдаг хүмүүс байгаа юм.

Үүнээс бид esport, gaming контэнтэд ямар их эрх чөлөө, хязгааргүй байдал нуугдаж байдгийг харж болно. 40 жилийн өмнө твгийн контэнттэй ижил хэмжээний зүйлийг хэдэн жилийн дараа нэг хүн ганцаараа гэрээсээ хийнэ гэдэгт хэн ч итгэхгүй байсан биз ээ.

Esports vs Gaming

Дэлхийд хамгийн их дагагчтай esport, gaming төрлийн контэнт бүтээгчдийн жагсаалтыг хувь хүмүүс буюу стриймэрүүд тэргүүлдэг. Esport-ийн тэмцээн уралдаанууд хэчнээн өрсөлдөөнтэй, илүү их зардалтай, илүү их хүний анхаарлыг татдаг ч гэлээ стриймэрүүдийн дагагч, үзэлтийг гүйцдэггүй. Учир нь тасралтгүй шинжтэй, өдөр бүрийн, хэзээ ч үзэж болдог, илүү хөгжилтэй,чөлөөтэй, хэн ч ойлгоход хялбар гээд илүү өргөн цар хүрээг олон улсад эзэлдэг. Мөн ганц хүний брэндинг явж байгаа учраас олон нийтэд танигдахад, дагагч цуглуулахад хялбар.

Цахим спортын контэнтын давтагдашгүй байдал image 3
Тоглоомын контэнт бүтээгч PewPewDie Youtube дээр дэлхий дээрх хамгийн их subs-тай хүн юм.

Харин esport-ийн контэнт нэг хүн төвтэй биш, хүн болгон ойлгохгүй, үргэлж өөр өөр багууд, нүүр царай тоглож байдаг учраас цар хүрээ нь аажмаар нэмэгддэг гэж хэлж болно. Гэхдээ стриймэрүүдээс ялгаатай нь илүү тууштай, байнгын, нэг удаагийн үзэлтийн хугацаа урт, тухайн салбартаа илүү их цагийг зарцуулдаг хүмүүс байдаг байна. Мөн сувгийн дагагчид, фэнүүдийн ихэнх хувь нь тогтмол контэнтээ үздэг хүмүүс байх нь элбэг. Харин хувь хүмүүс дээр бол дагачихаад үздэггүй тооны хүмүүс олон байдаг учраас чанарын ялгаа үүнд харагдана. Мөн цаашлаад том тэмцээний финал, чухал тоглолтуудын нэг удаагийн live үзэлт маш өндөр байдаг ба олон улсын үзэгчтэй, стриймэрүүдийн peak-ийг хэд дахин нугалсан байдгаараа ялгарна.

Мөн үүнд сэтгэл хөдлөл, улс хоорондын өрсөлдөөн, тамирчдын бэлтгэлжилт, төвлөрөл,гоёмсог тайз, уламжлал контэнтын сүнсийг агуулсан олон хүний хүч хөдөлмөр гээд олон онцлог тал esport-ийн контэнтыг дагалдана.

Спорт ба энтертайнмэнтийн уулзвар

Уламжлал спортын контэнтууд мэргэжлийн өрсөлдөөн, тамирчдын сэтгэл хөдлөл, улирлын туршид үргэлжилсэн кино мэт драманууд, тамирчдын бэртэл гэмтэл, солилцоо наймаа, итгэмээргүй тоглолт гээд олон гоё зүйлсийг бидэнд үзүүлдэг.Эдгээр чанарууд ч гэсэн esport-д байдаг. Тийм ч учраас энэ бол зөвхөн тоглоом биш спорт юм шүү гэдэг зүйлийг бид бардмаар хэлж чаддаг. Харин үүн дээр нэмээд энтертайнмэнт гэдэг зүйл маш өндөр байр суурийг эзэлнэ. Спорт мэдээж энтертайнмэнт чанарыг агуулдаг ч esport-д энэ чанар тулчихсан гэхэд буруудахгүй. Тоглоом гэдэг өөрөө зугаа цэнгэл, хөгжилдөх, инээд хөөр гээд эерэг уур амьсгалыг үүсгэж байдаг гэдэг утгаараа мэргэжлийн талбарт ширүүн өрсөлдөөнөөс гадна тоглоомын энтертайнмэнт байдал маш ихээр үүсдэг. Үүнийг ч гэсэн стриймэрүүд, инфлүнсэрүүд ашиглаж өөрсдийн карьераа хөгжүүлдэг учиртай.

Ямартай ч энэхүү нийтлэлээр та бүхэн esport-ийн контэнт яагаад үнэ цэнтэй, ирээдүй гэлтгүй одоо ч хөрөнгө оруулахад ашигтай гэдэг нь харагдана.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img