Ням, 10 сар 24, 2021
top banner

Компьютер тоглоом хэрхэн бүтдэг тухай

Өнөөдөр та бүхэнд компьютер тоглоомууд хэрхэн бүтдэг тухай Wikipedia-аас авсан мэдээллийг хүргэе. Их урт боловч сонирхолтой.

Хамгийн доор хуулж авсан линкээ орууллаа. Зураг дээр: Хамгийн их тоглодог төрлүүд

Dota 2; CS:GO; League of legends; Starcraft; Counter strike.

Тоглоомыг хэрхэн хийдэг вэ?

Юуны өмнө компьютерын тоглоомыг хийнэ гэдэг хэн хүний хийгээд байдаг амар хялбар ажил биш гэдгийг хэлье. Видео тоглоомыг хийнэ гэдэг маш их ур ухаан, хүч хөдөлмөр, авьяас билиг, мэдлэг чадвар, оюун ухаан, мэдрэмж сэрэл шаардсан нарийн төвөгтэй ажил юм. Тэгэлгүй яах вэ цаг хугацаа, бас үнэ өртөг ч их орно. Мөн сайн тоглоомыг хийх нь бүхэл бүтэн уран сайхны кино бүтээх дайны нүсэр ажил болдог байна.

Сэдэл

Ямар ч видео тоглоом байсан бүгд хамгийн анх хэн нэгэн хүний уураг тархинд мэндэлдэг юм. Видео тоглоом нь гайхалтай санааг олсон тэр хүний оюун санаанд мэндэлж, удалгүй уран төсөөллөөс нь төрөгдөн гарах ажээ. Яг л өнөөх баруун тархи нь илүүтэй хөгжсөн хүмүүс л энэ бүхнийг сэдэж таараа шүүдээ. Мэдээжийн хэрэг тоглоомын зохиол, өрнөх үйл явдал, гол дүрийн баатар, тоглоом өрнөх газар орон, цаг үе гээд энэ бүхнийг нарийн тооцоолох хэрэгтэй болно. Аль болох олон хүний сонирхлыг татаж чадахуйц, басхүү урьд өмнө давтагдаж байгаагүй тийм л дүр зургийг хийсвэрлэн бодож олно. Тэгээд түүнээ хамт олонтойгоо зөвлөлдөж улам баяжуулж, өөр шинэ шинэ санаануудыг гаргаж ирнэ. Энэ бүхнийг хоорондоо зөвшилцөж, хуралдсаны дараагаар, үүнийг хэрвээ “үнэхээр сайхан санаа байна аа” хэмээн бүгд зөвшөөрсөн цагт тоглоомыг хийх төслийг эхлүүлэх аж.

Зөвшилцөл

Дээр дурдсан шиг хэн нэгэн зохиолч эсвэл уран төсөөлөлтэй нэгний оюун санаанд мэндэлсэн тэр санааг бүгдээрээ хэлэлцэх болно. Бүхий л нарийн зүйлсийг нэгд нэггүй хэлэлцэн тохирсны үндсэн дээр уг тоглоомын зохиолыг цаасан дээр буулгах эсэхийг шийднэ. Нэгэнт нааштай хариу авсан бол бараг л ногоон гэрлээр гарлаа л гэсэн үг.

Зохиол

Удалгүй ой ухаанд нь оч харван орж ирсэн гайхалтай тэр санааг цагаан цаасан дээр буулгаж тоглоомын зохиолыг бичиж эхлэх болно. Шинжлэх ухааны зөгнөлт үү, эсвэл үлгэр домгийн сэдэвтэй байна уу гэх зэргээс шалтгаалан зохиолын найруулга, үг сонголтууд харилцан адилгүй бичигдэх аж. Мэдээжийн хэрэг гайхалтай үлгэр домгийн сэдэвтэй тансаг тоглоомуудын хувьд үгийн сангаар баялаг, элдвийн яруу тансаг найруулга болоод хэдэн арван чимэг үг орсон уран сайхны шинжтэй байх нь ойлгомжтой. Харин шинжлэх ухааны зөгнөлт тоглоомуудын хувьд орчин үеийн үг хэллэгүүдээс илүүтэй шинжлэх ухааны нэр томьёонууд их орно. Мөн энэ хоорондоо уг тоглоомын зохиолыг бичиж буй тэдгээр хүмүүс тоглоомыг чухам жанр-тай байхыг бодож олох хэрэгтэй болно. Үүнээс улбаалаад тоглоомын зохиолын хэв маяг өөр өөр байх нь дамжиггүй.

Эхний загварыг гаргах нь

Удалгүй зохиолд дүрслэгдсэний дагуу мэргэжлийн зураачид тухайн дүрийг, мөн зохиолыг цаасан дээр амилуулан зурах болно. Хэрвээ зохиолыг бичсэн хүн нь зурах авьяастай бол өөрийн санаанд төрсөн баатраа цаасан дээр буулгахад илүү амар байх нь ойлгомжтой. Дүрүүдийн ерөнхий төрхийг гаргаж, тоглоомын өрнөх газар орны ерөнхий байдлыг өнгө будаг алаглуулан гайхалтайгаар зурах болно.

Дахин зөвшилцөх нь

Энэ бүхний дараагаар тоглоомыг бүтээгч хамт олон тоглоомын зохиолыг уншиж, өөрсдийн санаа оноо, шүүмж, дүгнэлтийг гаргах бөгөөд бусад нарийн асуудлуудыг хэлэлцэх болно. Жишээ нь уг тоглоомыг хэрхэн бүтээхээсээ урьтаж уг тоглоомыг хэрвээ бүтээвэл ашиг орлого хэр олох, зардал мөнгө хэр их орох гээд л ,нийгэмд, хүүхэд залууст сөргөөр нөлөөлөх үү үгүй юу зэрэг бусад дэд асуудлуудыг хэлэлцэж нарийн төлөвлөгөө гаргах аж. Ингээд бичсэн зохиолоо, бас зохиолын ерөнхий дүр зургийг гаргасан concept зургуудаа, мөн нарийн судалгаа хийсэн тайлан бичгээ аваад уг тоглоомыг нийтэд түгээх компанийн (Electronic Arts, Activision, Ubisoft, Rockstar гээд л. Гэхдээ эдгээр чадалтай компаниудын ихэнх нь өөрсдийн гэсэн хөгжүүлэгчидтэй байдаг) эрэлд гарна даа. Ингээд хөгжүүлэгчид маань уг тоглоомыг хэвлүүлэх компаниа олсны дараагаар очиж өөрийн тоглоомыг танилцуулж, илтгэл тавина. Ингээд хэрвээ энэ бүхэн нь түгээгч компанид таалагдвал даруй гэрээ хэлцэл хийж уг тоглоомын төслийг эхлүүлэх ажилдаа орох болно. Зарим нэг түгээгч компаниуд хөгжүүлэгчдэдээ цагийн хуваарь хязгаар бүхий болзол тавьдгаас болж чанаргүй бүтээлүүд гарах тохиолдол бас байдаг.

Судалгаа

Ер нь ихэнх туршлагатай компаниуд тоглоомоо бүтээж эхлэхийн өмнө судалгааны ажлыг маш сайн хийсэн байдаг. Жишээ нь түүхэн холбогдолтой тоглоом эсвэл шинжлэх ухааны зөгнөлт тоглоомыг бүтээхэд судалгаа шинжилгээ маш их орох бөгөөд ном судар сөхөж харахаас эхлээд их ажил орно. Хэрвээ дайны сэдэвтэй тоглоомыг хийх хэрэгтэй болбол аль нэг цэргийн анги дээр очиж харилцан ашигтай гэрээ хэлцлүүдийг хийж тохирно. Гэхдээ энэ мэт ажлуудыг тоглоомыг бүтээж байх явцдаа хийх нь элбэг.

Урлахуй

Ингээд л их ажил ундарна даа. Нэн түрүүнд ерөнхий хэв маяг, зохиол, дүрүүд, болоод жанр (rpg, fps, rts гээд л)-ын талаар яг таг тохирсны үндсэн дээр зураачид ажилдаа орно. Тоглоом дээр ямар л байх ёстой тэр бүх орчин, дүрүүдийн ерөнхий зураглалыг гаргах аж.

График орчин, програмчлал – Үүний дараагаар компьютер графикчид ажилдаа орно доо. Зураачдаас ирсэн дүрийг 3 хэмжээст орчинд бүтээхийн тулд тэд эхлээд дүрүүдийн араг ясыг бүтээнэ. Дараа нь түүний арьс махыг, хувцсыг гэх мэтээр хийх бөгөөд энэ хооронд программистууд тэдгээр дүрүүдийн хиймэл оюун ухаан тэргүүтэй зүйлс дээр ажиллана.Энэ үед продюссерүүдийн оролцоо тун бага байх болно. Учир нь тэд тоглоомыг бүтээж эхлэхээс өмнө тоглоомын зохиол, дүрүүдийн сонголт, хувцас загвар гээд бүхий л зүйлийг тооцоолсон байдаг.

Сүүлийн үеийн тоглоомуудад ашиглах болсон технологийн дагуу дүрүүдийн хөдөлгөөнийг бодит хүний хөдөлгөөн дээр үндэслэн бүтээдэг. Мэдээж ингэснээр тоглоом дээрх дүрүүд илүү уян хатан, илүү бодитой хөдөлнө шүүдээ. Программистууд болон компьютер графикчид ийнхүү дүрүүд дээр ажиллаж байх энэ үед тоглоомын газар орчныг, үеүдийг бүтээгч дизайнерууд аль хэдийнээ ажиллаж эхэлсэн байх аж. Үүний дараагаар компьютер графикчид тоглоомын кино хэсгүүд, интро, лого зэргийг тун гаргууд гүйцэтгэнэ.

Туршилт

Бүр нарийн чанд хийгээгүй ч тоглоомд байх ёстой ихэнх элементүүдийг агуулсан туршилтын хувилбараа тэд шалгаж үзэх болно. Харин энэ үедээ тоглоомын зохиол болоод, дүр сонголт, найруулгын талаар, мөн тоглоомын бүтцэд өөрчлөлт оруулах талаар эцсийн удаа хэлэлцэх аж.

Үргэлжлүүлэн урлахуй

Дууны эффект – Удалгүй дууны мэргэжилтнүүд ажилдаа орж, тоглоомын soundtrack-г хийх бөгөөд дуу оруулагч жүжигчид тоглоомын дүрүүдэд дуу оруулах болно. Томоохон хөгжүүлэгчдийн хувьд алдартай Холливудын оддыг урьж дуу оруулах эсвэл алдартай хөгжмийн зохиолчдоор дуугаа зохиолгох явдал их байдаг. Санаж байгаа биз дээ Modern Warfare 2-ийн гайхалтай хөгжмийг Hans Zimmer зохиосныг. Мөн тоглоом дахь хүрээлэн буй орчинд өрнөх бүхий л зүйлсийн дууг нэгд нэггүй бичин авч тоглоомд оруулах болно. Жишээ нь шувуудын жиргэх, нохой хуцах, машины мотор хүнгэнэх, алсад нүргэлэх аянга гээд л энэ бүхнийг бүгдийг нь бодитоор бичиж авах тул тун нарийн басхүү төвөгтэй ажил байгаа биз. Хэрвээ байлдаантай тоглоом хийж байвал аль нэг цэргийн анги дээр очиж зэвсгүүдийн нь буудах дууг бичиж авна гээд л бас ярвигтай. Заримдаа тэд бэлэн хоол ашиглах нь элбэг байдаг. Жишээ нь Спилбергийн “Saving Private Ryan” буюу “Цэрэг Райныг аварсан нь” киноны Д өдрийн Омаха эргийн тулалдааны хэсгийн байлдааны чимээг (цэргүүд орилолдох, MG42-ийн дуу тэнгэрт хадаж, сумны исгэрэх, усыг зүсэн орох чимээ, бөмбөг тэсрэх гээд л) Medal of Honor, Call of Duty, Commandos, Company of Heroes зэрэг тоглоомууд ашигласан байдаг.

SoundTrack – Гэхдээ soundtrack-г зүгээр ч нэг хийчихгүй, гол theme хөгжмийг зохионо, мэдээж энэ нь хамгийн онцгой байх ёстой, мөн тоглоомын үеүд дээр гарах аялгуунуудыг зохионо, компьютер графикчид болоод программистуудын тусламжтай бүтээгдсэн “дуугүй” gameplay-г харж судалсны үндсэн дээр зохионо шүүдээ, яг л киноны хөгжмийг зохиохтой адил. Мөн гол хөг аялгуунуудаасаа гадна Ambient аялгуунуудыг хачир болгон нэмж өгнө. Дээр дурдсан шиг мэргэжлийн хөгжмийн зохиолчийг урьж авчрах бөгөөд тусгай зааланд симфони оркестрын хамтаар гайхалтай аялгуунуудыг амь оруулах аж.

Ерөнхийдөө 20 гаруй цаг үргэлжилдэг тоглоомын хөгжим 60 минут гаруй үргэлжилдэг байх ёстой.

Мэдээжийн хэрэг сайн Engine буюу хөдөлгүүртэй бол тоглоом илүү гайхалтай болно шүүдээ. Тоглоомын дуу хөгжмийг бүтээх их ажил өрнөж байх үед программистуудын болон компьютер графикчид тоглоомын зураглал, мөн хиймэл оюун ухааныг нь улам боловсронгуй болгож төгөлдөржүүлэх аж.

Шалгалт

Ийнхүү тоглоомыг урлах үндсэн ажил дууссаны дараагаар хянан тохиолдуулагч нар ажилдаа орно. Мэдээж тоглоомыг бүтнээр нь тоглож үзнэ шүүдээ, нэгэн бодлын үнэхээр зугаатай ажил шүү. Гэхдээ тэд зүгээр ч нэг тоглоомчид биш гэдэг нь ойлгомжтой. Компьютер графикчид болоод программистууд зэрэг хүмүүсийн хяналтын дор олон хоног тоглох хэрэгтэй. Учир нь тоглоом дээр бүхий л зүйлсийг шалгаж үзэх хэрэгтэй болно шүүдээ. Жишээ нь тэнгэрт яваа шувууг бууддаг ч юм уу, тэгээд түүнийг газарт хэрхэн унаж байгаа, хэрхэн үхэж байгаа зэргээс эхлээд л ажиглана шүүдээ. Энэ бүх хугацаандаа тоглоомыг бүтээгчид бүтээл дээрээ гаргасан жижиг том алдаануудаа бүгдийг засах болно. Мэдээжийн хэрэг бүх алдааг 100% олж харахгүй тул сүүлд худалдаанд гарсан хойноо хэрвээ тэд алдаатай тулгарвал даруй түүнийг засах patch-уудыг гаргадаг. Мэдээж энэ нь үнэгүй байх бөгөөд gamer та уг тоглоомын албан ёсны сайтуудаас татах боломжтой. Тэхээр patch гэдэг нь ийм учиртай байх нь шүүдээ.

Тоглоомыг нийтлэн хэвлүүлэгчидтэйгээ холбоо барина.

Ойлгомжтой биз дээ. Бүтээсэн тоглоомоо хамгийн эхлээд нийлүүлэгчидтэйгээ танилцуулна шүүдээ. Тэгээд уг бүтээлээ хэдийд гаргах зэрэг мөнгө санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэнэ.

Сурталчилгаа

Одоо харин маркетингийн ажилтнууд жинхэнэ ажилдаа орно шүүдээ. Ингээд trailer, screenshot, wallpaper-үүдийг интернэтээр цацах бөгөөд E3 зэрэг томоохон үзэсгэлэнгүүдэд оролцож хүмүүсийн дурыг татна. Мөн элдвийн ярилцлагуудыг сонин хэвлэл, зурагтынханд зориулж хөгжүүлэгчдийн зүгээс яриа хийнэ. Хакер кракерууд ид хүчээ авсан энэ цагт дан ганц dvd гаргах нь тусгүй тул тоглоомоо сайн борлуулахын тулд gamer-уудын дурыг татах элдвийн зүйлсийг тоглоомын саванд дагалдуулж ирүүлэх аргыг тэд л сэднэ. Жишээлбэл MW2-ийн харцаганд дагалдаж шөнийн дуран бүхий нүдний шил, Assassin’s Creed 2-г дагалдаж Ezio-ийн баримал ирэх зэрэг.

Demo буюу Beta хувилбарыг гаргах нь

Мэдээжийн хэрэг мөн л хяналт, ажиглалт хийх журмаар тоглоомын бүхий л элементүүдийг агуулсан хувилбарыг гаргах болно. Сайндаа л 1,2 үетэй байх нь бий. Ихэнхдээ үнэгүй түгээгдэх demo хувилбарыг нэг ёсондоо үзүүлэн реклам гээд ойлгочиход буруудахгүй. Ингээд л ажиглаж эхэлнэ дээ, хүмүүсийн санаа оноог сонсож, тэдний хүсэл таашаалд хэр нийцэж буйг ажиглана. Ер нь demo хувилбарыг ихэнхдээ тоглоомын full буюу бүрэн хувилбарыг гаргахаас 2-3 сарын өмнө нийтэд цацдаг бичигдээгүй хууль байдаг.

Бусад зөвшөөрөл

Тоглоомыг худалдаалахаас 3-4 долоо хоног өмнө тоглоомыг бүтээгчид элдвийн лиценз, эрхээ авч, тамга тэмдэг тавиулна. Жишээ нь PEGI, ESRB зэрэг байгууллагуудаас насны ангилал заасан шошго авна. Мөн бусад хяналтын байгууллагуудаас хяналт шалгалт ирнэ. Зарим нэг азгүй тоглоомууд шалгалтыг давж чадалгүй худалдаалагдах эрхээ хаалгадаг. Мэдээжийн хэрэг энэ бүхэн нь тоглоомын дуу, дүрслэлийн чанар, зураглалтай ямар ч холбоогүй. Зүгээр л маш их хүчирхийлэл, эсвэл үнэхээр ёс бус зүйлсийг агуулсан байдаг тул ийнхүү шийтгүүлж байгаа хэрэг.

Үйлдвэрлэхүй

Аль хэдийнээ хавтасны зураг, cd, dvd-ний эхийг гаргасан тэд удалгүй шинэ үнэр ханхалсан, дөрвөлжин савтай бөгөөд дотроо гайхамшгийг агуулсан dvd-нүүдээ хүлээн авах бөгөөд тоглоомын дискүүд бөөн бөөнөөрөө урсан гарч ирэх болно.

Худалдаа

Тоглоомын дэлгүүрүүдээр явж өөрсдийн бараа бүтээгдэхүүнүүдийг байрлуулна. Зарим томоохон хөгжүүлэгчдийн хувьд тоглоомын нээлтээ сүр дуулиантайгаар хийдэг. Фенүүд нь нээлт эхлэхээс бүр хэдэн цагийн өмнө дугаарлан жагсаж, гайхалтай бүтээлийг гар дээрээ барих цагийг тэсэн ядан хүлээнэ. Зарим нэг нь баярласандаа болоод бүр нулимс дуслуулж байгаа хүртэл харагддаг шүү. Зарим сайн сурталчилгаа хийсэн томоохон тоглоомууд худалдаанд гарсан даруйдаа л ёстой нүд ирмэхийн зуурт зарагдаж дуусдаг. Мөн энэ бүхнээс олсон орлогоо ажилчдадаа өгөх нь зүйн хэрэг.

Өрсөлдөөн

IGN, GameSpot зэрэг томоохон үнэлгээний сайтууд өөрийн нь бүтээлийг хэрхэн үнэлэх болоо гэж хөгжүүлэгч бүр догдлон хүлээдэг. Учир нь эдгээр оноонуудаас шалтгаалаад мөн эдгээр сайтууд дээр бичигдсэн review-үүдээс үүдээд тоглоомыг худалдаж авах эсэхээ шийддэг gamer-үүд олон байдаг. Тэхээр тоглоомын ашиг орлоготой шууд холбоотой байх нь. Цаашлаад энэ бүхэн нь хөгжүүлэгчдийн сэтгэл санаанд хүртэл нөлөөлнө шүүдээ. Үнэхээр сайн бүтээл хийгээд түүнийг нь хүмүүс тун таатайгаар хүлээж авбал, хэрвээ хийсэн тоглоом нь gamer-уудын дунд шуугиан дэгдээж чадвал, мөн шүүмжлэгчдийн зүгээс магтаал сайшаалыг сонсвол…. энэ бүхэн нь хөгжүүлэгчдийн хувьд дараагийн тоглоом дээрээ ажиллах асар их урам зоригийг бэлэглэх болно.

Мөн сайн бүтээл гарах бас нэгэн шалтгаан нь өрсөлдөөн юм. Жишээ нь: Infinity Ward-ийнхан гадна ертөнцөд EA-ийн Medal of Honor-той өрсөлдөх бол дотроо Treyarch-ийнхантай уралдана. Мөн EA-аас эрхлэн гаргадаг NBA нь NBA2K-тай өрсөлдөнө, харин FIFA нь ProEvolutionSoccer-тай тэмцэлдэнэ. Ерөөс тоглоомын ертөнц нь тэр чигтээ өрсөлдөөн дунд оршиж байдаг юм. Зөвхөн 2005 оны байдлаар гэхэд л Нэгдсэн улсад 1000 гаруй хөгжүүлэгч компаниуд байгаа гэсэн судалгаа гарсан байдаг. Одоо ч энэ тоо бараг x2 өсөө байлгүй. Өрсөлдөөнөөс болж зарим нэг “яарсан” компаниуд муу бүтээл гаргадаг бол зарим нь шарандаа маш сайн бүтээлүүдийг хийдэг. Гэхдээ ямар ч өрсөлдөгчгүй монопол тогтоож бараг л брэнд болсон тоглоомууд их олон бий. Жишээ нь StarCraft, WarCraft гээд л.

ЭХ СУРВАЛЖ:Wikipedia
Компьютер тоглоом хэрхэн бүтдэг тухай 47bbb17fc3a166a41a0c1ab3d7ccba41?s=111&d=mm&r=g
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img
Өмнөх нийтлэлЦахим спорт ба ажлын байр
Дараагийн нийтлэлThe International (Dota 2)

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img