21-р зууны хамгийн таатай ажлын байрны жагсаалтанд esport-ийн тамирчдыг дурдсан байв. Тоглоом тоглоод түүнийхээ хэрээр цалинждаг шинэ ажлын байр гэж тодотгосон байлаа. Гэхдээ үнэхээр хүмүүсийн өнгөцхөн бодсон шиг тийм амар ажлын байр, дэндүү аз жаргалтай спортын төрөл гэж үү?
Яг үнэндээ esport-ийн хувьд таны бодож буй шиг тийм амар зүйл биш юм. Хэчнээн тамирчдын цалин, орлого дэлхий нийтэд үлэмж хэмжээгээр өсч санхүүгийн хувьд харьцангуй өндөр зэрэглэлд очоод байгаа ч ачааллын зэрэглэл маш өндөр байгаа юм. Үүнийг нотлох мэт сүүлийн үед esport-ийн тамирчид маш их хэмжээгээр эрт зодгоо тайлах, түр завсарлага авах, тамирчин байхаа больж esport-той холбоотой илүү өөр ажлуудыг хийх зэрэг шийдвэрүүдийг гаргаж байгаа. Энэ нь мэдээж тамирчдын бие физиологийн ачаалал гэхээсээ илүү сэтгэлзүйн ачаалалтай холбоотой гэдэг нь тамирчдын ярилцлагуудаас тодорхой харагдана.
Сахилга бат, ачаалал
Мэдээж эхний дурдах ёстой зүйл бол ачаалал. Аль ч мэргэжил, ажил өндөр ачааллыг өгч байдаг ч esport-ийн ачааллын хувьд бусдаас ялгаатай нь завсаргүй ачаалал юм. Одоохондоо шинэ спорт учраас тэмцээний хуваарь, дараалал зэрэг нь харьцангуй ойрхон бөгөөд тогтмол биш байдаг. Гэнэт шинэ том тэмцээнүүд товлогдох, шинэ байгууллагууд нэр хүндтэй том тэмцээнд урих зэргээр маш олон төрлийн тэмцээнийг зохион байгуулна. Мөн судлагдаж гүйцээгүй спорт учраас багуудын хувьд байнгын шинэ тактик хувилбар зохиох, шинэ арга барил суулгах, формоо үргэлж өндөр хэмжээнд байлгах шаардлагууд үүснэ. Нэг л тодорхой хугацаанд формоо алдах, завсарлага авахад эргэн байр сууриа олоход хэцүү учраас тамирчдын хувьд өдөр алгасалгүй бэлтгэл хийх, байнгын формоо барихын тулд асар ачааллыг авах шаардлагууд үүсч байна.

Зурагны эх сурвалж: Newmeta Esports.
Тэр ч утгаараа цагийн менежментийн хувьд хоногийн 24 цагийг тэр чигт түүндээ зарцуулж, тухайн зүйлээр “амьсгалахаас” өөр аргагүйд хүрнэ. Үүний хэрээр тухайн хүнийг сэтгэлзүйн хувьд бусад талаар дэмжих зүйлүүд бага багаар хумигдаж эхэлдэг. Мэдээж тухайн төрөл нь тамирчны хувьд маш үнэ цэнтэй дуртай учраас аз жаргал, кайфыг өндөр хэмжээгээр нөхөх хэдий ч тодорхой хугацааны дараа өмнөх хэрэгцээт зүйлсээ нэхэж эхэлдэг байна. Үүнд найзуудтайгаа хөгжилдөх, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх, найз охин,залуутай болох, өөр хоббинууд шинээр нээх гээд олон төрлийн зүйлсэд цаг гаргах нь багасч эхэлдэг. Мэдээж тухайн цагууд огт байхгүй гэж хэлэхгүй ч эдгээр зүйлсэд өндөр цагийг гаргахын хэрээр тоглолт алдагдах магадлалтай тул балансыг нь барина гэдэг esport-ийн багийн арын албаныхны толгойны өвчин болж буй.
Ээлжит сэтгэлзүйн ачааллыг үүсгэж буй зүйл нь сахилга бат. Үүнд яг л өмнөхтэй төсөөт зүйлсийг дурдана. Бэлтгэл, судалгаа зэрэгт олон цагийг зарцуулах нь зүйн хэрэг ч өрсөлдөөнд бүр илүү том тоглогч байхын тулд илүү өндөр сахилга баттай байх шаардлага гарна. Үүнд нойрны чанд дэглэм барих, бэлтгэлийг тодорхой цагийн хуваарийн дагуу урт хугацаанд давталттай хийх, хооллолт гээд бусад спортын мэргэжлийн тамирчдын барьдаг сахилга бат үүнд сөхөгдөнө.

Цаашлаад уламжлалт спортуудаас ялгаатай нь компьютерийн ард буюу бие махбодийн хувьд бага хөдөлгөөнтэй нөхцөлд удаан хугацаагаар бэлтгэл хийх шаардлагатай болдог тул цаашлаад биеийн ачаалал нь сэтгэлзүйд нөлөөлөх нь бий. Бусад спортын хувьд харьцангуй хөдөлгөөнтэй байдаг учраас эргээд тухайн хөдөлгөөнүүд хүний биеийг сэргээх, сэтгэлзүйг дэмжих боломжууд болж хувирдаг. Гэхдээ үүнийг esport-ийн багууд сайтар тооцоолдог учраас сүүлийн үеийн багууд ихэнх нь хөдөлгөөн болон фитнесийн бэлтгэлд ихээхэн анхаарч буй.

“Хэрцгий” өрсөлдөөний талбар
Бусад уламжлалт мэргэжлийн спортуудтай харьцуулахад esport-ийн өрсөлдөөний талбар илүү хүнд гэж хэлж болно. Учир нь хэрвээ чи амжилт гаргаж чадахгүй бол амьдралын баталгаа маш хэцүү байх болно. Амжилт гаргахын хэрээр өндөр цалингийн гэрээ таныг хүлээж, амжилттай байхын хэрээр өрсөлдөөнд үлдэж мэргэжлийн багуудын талбарт байсаар байна. Хэрвээ тодорхой тоотой тэрхүү талбарт амжилтаараа тэнцэхгүй бол чамд болон таны багт хөрөнгө оруулах, дэмжих боломжууд маш хязгаарлагдмал байх болно. Бусад спортын хувьд та топ зэрэглэлийн тамирчин биш байлаа ч спортынхоо багтаамжийн ачаар хангалттай хэмжээний цалин, орлогыг олсоор байна. Ямартай ч мэргэжлийн тамирчин гэдэг статустай бол та хэзээ ч санхүүгийн хувьд дутагдмал байдал байхгүй. Харин esport-д өнөөдөр чи мундаг үнэлэгдэж байлаа ч маргааш нь байр сууриа алдах юм бол ажилгүй, орлогогүй хүн болж хувирах эрсдэл байсаар байна.

Тэр ч утгаараа топ тамирчдаас бусад тамирчдын амьдралыг аваад үзвэл сэтгэлзүйн хувьд ачаалал илүү өндөр байх боломжтой. Хэрхэн тогтмол цалинтай мэргэжлийн тамирчин болох вэ, хэрвээ амжилт үзүүлэхгүй бол алдсан цаг хугацааг хэрхэн нөхөх вэ, амжилттай байхгүй бол карьер нь ингээд дуусна зэрэг ачааллууд тархинд ирсээр л байх болно. Харин та хөлбөмбөгийн тамирчин байсан бол топ зэрэглэлд биш 3, 4-р лигийн тамирчин байсан ч, амжилтгүй тамирчин байсан ч таны карьер үргэлжилсээр, та санхүүгийн хувьд тогтвортой байдалд байж л байх юм.