Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

ESN Story: Түүнийг Kaz гэдэг. Тэр зогсдоггүй. Зогсохгүй!

Түүний нэрийг Билгүүнбат гэдэг. 

Kaz гэдэг нэрээр нь та бүхэн сайн мэдэх байх л даа. Гэхдээ түүний нэрийг 29/90 болон Checkmate гэсэн овоггүйгээр төсөөлөхийн аргагүй. 

Магадгүй erkaSt, Machinegun, ncl, dobu, kabal гэдэг шиг сүпэр тамирчны алдар нэр, азийн аваргын цол байхгүй байж мэднэ. Гэхдээ бид бүгд түүнийг Монголын испортод ямар их нөлөөг үзүүлсэнийг, магадгүй дээр дурдсан тамирчдаас ч илүү, хэний ч бүтээж чадахгүй зүйлсийг бүтээснээр бид мэднэ. 

2021 оны 7 сарын 30-ны өдөр. Маргааш нь түүний хувьд маш чухал өдөр. 29/90, Checkmate гээд олон замналыг туулсаны эцэст анхны LAN-ийн тэмцээндээ явах сүүлийн боломж. Гэхдээ түүний тархинд CS:GO-ийн тамирчны карьераа маргаашийн тоглолтоор өндөрлүүлнэ гэсэн шийдвэр аль хэдийн гарсан байлаа. 

MESA Pro Series Finals. Энэ бол түүний 2019 онд хожигдож байсан финал. 2 жилийн дараа дахин энэ тавцан дээр гарч иржээ. Тэрхүү финалд тоглож байсан тамирчдаас хэн нь ч энэ тавцанд дахин гарч ирсэнгүй. Зөвхөн H4wk, Kaz гэсэн хослол дахин финалд гарч иржээ Үүнээс бид түүнийг ямар цуцашгүй, тогтвортой өндөр амжилттай, үргэлж сайжирч байдаг, хийж буй зүйлдээ ямар их хайртайг нь харна. 

Одоо л энэ финалд түрүүлж, багийнхаа хамтаар анх удаа Европын тэмцээнд дэлхийн багуудтай өрсөлдөх боломж. Багаа үүсгэн байгуулсан цагаас мөрөөдсөн мөрөөдөл энэ. Харин маргаашийн хувьд хожсон ч, хожигдсон ч түүний хувьд сүүлчийн финал байх байж. Тиймээс тамирчны карьераа том хожлоор, багийнхаа ирээдүйд сэтгэлзүйн том хүчийг өгөх хожлоор өндөрлүүлэх нь чухал байв.

Ингээд kaz финалын өмнө маргаашийн тоглолтыг тайлбарлах, шууд дамжуулах багийнхан руу холбогдоод эцсийн шийдвэрийг нь тоглолтын дараа танилцуулж өгөхийг хүслээ. 

Ийнхүү түүний шийдвэрийг багийнхан ч сонсолгүйгээр гранд финалд тулах болов. Тэр шийдвэрээ хэлж болох байсан ч ийм чухал финалын өмнө багийнхандаа хүнд цохилт өгөхийг хүссэнгүй. 

ESN Story: Түүнийг Kaz гэдэг. Тэр зогсдоггүй. Зогсохгүй! 66A6974
kaz-ийн үүсгэсэн испортын гэр бүл одоо ч энэ суурь бүрэлдэхүүнээрээ үргэлжилсээр байна. Аялал үргэлжилсээр!

Kaz олон финалд шалгарч, олон ч удаа хожигдож байлаа. D13 багт гарсан чухал финал болгондоо хожигдож 29/90 хоёрдугаар байрын эзэд нь байх ёстой юм шиг л байдаг байв. Одоо л хожно, одоо л өөрийнх нь цаг гэж мэдэрч байсан ч тэр орон зайг эзэлж чадахгүй л байсан юм. Гэхдээ 2021 он түүний Checkmate-ийн цаг үе байлаа. Мөнхийн өрсөлдөгч бас мөнхийн найзууд юм шиг D13-ийн дээр гарч, хоёр ч удаа Renewal-ийг RMR тэмцээнд хожсоныг нь бид харсан. Олон улсын тэмцээнд түрүүлээгүй ч олон улсын хэмжээний хэд хэдэн тэмцээнд багаа ахлан чухал хожлуудыг байгуулав. Азийн тавцанд хамгийн аюултай, багуудын таарахаас ч зүрхшээм тэр баг нь болж чадсан. bLitz, Techno гэсэн залуучуудыг гаргаж шинэ шилдэг IGL-ийг төрүүлж чадсан. Энэ бүхэн түүнд аваргын цомоос ч илүү, LAN-ийн эрх, мөнгөн шагналаас ч үнэтэй байлаа. Тийм ч учраас тэр энэ шийдвэрийг гаргасан хэрэг. Дараагийн үеийн төлөө, зөвхөн өөрийнхөө төлөө биш. 

Хэрвээ kaz өөрийнхөө төлөө ийм шийдвэр гаргах байсан бол аль эрт дээр энэ шийдвэрийг гаргаж болох байсан. Гэтэл тэгээгүй. Учир нь kaz бол ялагдахыг хүсдэггүй, шантрах гэдгийг мэддэггүй, үргэлж холыг харж, түүнийгээ бүтээдэг хүн. 29/90, Checkmate үеийн хэцүү нөхцлүүдэд больдог юм билүү гэсэн бодол зөндөө эргэлдэж байсан гэдэг. Гэхдээ хэзээ ч тэр бууж өгөхийг хүсээгүй юм. Тамирчны карьераа өндөрлүүлсэн ч ийм байдлаар биш. Ялагдаад биш, ирээдүйн замыг багтаа татаж өгчихөөд болино. 

ESN Story: Түүнийг Kaz гэдэг. Тэр зогсдоггүй. Зогсохгүй! KAZEN
kaz 2019 оны MESA Pro Series Finals тэмцээний үеэр. Hooliganz багийн эсрэг Төв Цэнгэлдэх хүрээлэнд.

Тэгвэл энэ мөч яг тэр момэнт нь байлаа. Checkmate энэ жилийн хувьд D13-ийг тоглолтын агуулга, үр дүн, багийн тогтвортой байдал гээд бүхий л талаараа урд нь байж чадлаа. RMR тэмцээнд Монголоос хамгийн сайн тоглосон нь байлаа. 3 жилийн туршид урд нь явсан өрсөлдөгчийнхөө дээр гарлаа. Энэ бол үр дүн. Гэхдээ энэ бол түүний хувьд, тэдний хувьд зорилго биш. Түүний харсан өнцөг бол энэ багийн ирээдүй. Түүнээс суралцсан залуучууд, багийн одоогийн энэ түвшин, ирээдүй бүх талаараа түүний хүссэн хэмжээнд иржээ. Байгуулагдсан цагаасаа хойш хамгийн оргил дээрээ ирсэн энэ баг одоо зогсохгүй үргэлжлэхийн тулд, дээд потенциалдаа хүрэхийн тулд, зөвхөн Монголдоо биш олон улсын баг болох цаг нь ирж. Түүний тулд kaz дахиад л багийнхаа дутагдаж буй орон зайг нөхөх шаардлагатай болжээ. Энэ бол багийн арын алба, менежмэнт, ар талыг хариуцах явдал. Заавал багаа хөтлөхийн тулд өөрөө тоглох албагүй. Тиймээс тэр багийнхаа төлөө энэ шийдвэрийг гаргалаа. Kaz тамирчны хувиар, өөрийнхөө төлөө байсан бол хэзээ ч энэ шийдвэрийг гаргахгүй байсан юм. Түүнд дахиад маш их цаг хугацаа, нөөц бололцоо, боломж байсан. Гэхдээ тэр Checkmate-ийн төлөө, илүү их амжилт, үр дүнгийн төлөө, хөгжлийн төлөө энэ шийдвэрийг гаргалаа. Амаргүй!

ESN Story: Түүнийг Kaz гэдэг. Тэр зогсдоггүй. Зогсохгүй! kaz mps again
Kaz-ийн том тэмцээний карьер MESA Pro Series-тэй эхэлж, тамирчны карьер нь мөн л MESA Pro Series-ээр өндөрлөлөө. Гэхдээ зөвхөн тамирчны карьер. Түүний цаг дуусаагүй!

Финалд хүнд сэтгэлзүйтэй орсон Kaz-ийн баг 3:0-ээр хожигдож тоглолтоо дуусгасан. Дахин нэг удаагийн финалын хожигдол. Багийн залуучуудын нүдэнд 6 дараалан Renewal-д хожигдсон хүнд бодол харагдана. MESA-ийн машин тэднийг ирээд авахад ээлжит финалын хожигдлоо амссан Checkmate-ийн залуучууд суулаа. Энэ үед тэдэнд бүр ч том цохилтыг kaz өглөө.

“Би өнөөдрөөс тамирчны карьераа өндөрлүүлж байна. Та хэд алзахгүй ээ. Энэ бол нэг удаагийн ялагдал. Бид хэд цаашаа урагшилна. Түүний төлөө би энэ шийдвэрийг аль өмнө гаргасан юм. Гэхдээ би та хэдтэй хамт байх болно. Одооноос би энэ багийг ардаас нь удирдаж, дэмжиж, авч явах болно. Энэ бол Checkmate-ийн залуучуудын цаг.”

Энэ л бодол Kaz-ийн толгойд эргэлдэж байсан болов уу хэмээн таамаглана. Тэр сэтгэлзүйгээр багтаа энэ хэцүү шийдвэрээ хэлсэн байх. Багийнхан нь ч энэ үгийг төсөөлөөгүй байлаа. Яг энэ үед олон нийтэд MESA-ийн шууд дамжуулалтаар Kaz-ийн зодог тайлж буй мэдээ цацагдаж байв. Kaz ч өөрөө итгэж чадахгүй байсан гэдгээ сүүлд надад хэлсэн юм. Үнэхээр би тамирчны карьераа дуусгачихлаа гэж үү? Тийм. Гэхдээ энэ бол сэтгэл хөдлөлийн шийдвэр биш бодож гаргасан шийдвэр. Энэ багийн ирээдүйн төлөөх шийдвэр. 

Шууд дамжуулалтын анализ буйдан дээр сууж байсан Tamiraarita ч итгэж чадсангүй. Уг шийдвэрийг сонсоод итгэж чадахгүй, эргэлзсэн, гайхсан, харамссан царай зэрэг зэрэг харагдана. Олон жил зэрэгцэн, Монголын хоёр хүчтэй багийг удирдаж байсан хоёр тоглогчийн нэг нь нөгөөгөө яваад өгч буйг мэдрэх тэр мэдрэмж. Тамираад ч бас хүндээр туссан нь аргагүй. 

Би анх 29/90 багтай Lof-ийн тэмцээнээр таарч байсан гэдгээ санадаг юм. Тухайн үед аль ч баг нь PC-ны тэмцээнд тийм албан ёсны оролцож байсныг хараагүй. Жигд өмсгөлийн жигдрэлт, ардаас нь харахад тоглож буй цэгцтэй, зохион байгуулалттай байдал. Тэр мөчөөс л 29/90 гэдэг баг Монголд мэргэжлийн спортын жишиг, зохион байгуулалт, сахилга бат ямар чухал гэдгийг олон нийтэд ойлгуулж эхэлсэн. Одоо ч тэр соёл Checkmate-д хадгалагдаж байна. Энэ хүний, энэ багийн үлдээсэн соёл одоо ч Монголын испортын гол цөм нь болж байгаа. Тогтвортой байдал, сахилга бат, хөдөлмөр, зохион байгуулалт бол мэргэжлийн тамирчны, мэргэжлийн багийн амжилтын, хөгжлийн гол үндэс. Хэчнээн авъяас чадвар байгаад эдгээр чанар байхгүй бол явахгүй. Үүнийг л Kaz энэ хугацаанд олон нийтэд нотлон харуулсан. Цаашдаа ч энэ соёл бидэнд хадгалагдана.

ESN Story: Түүнийг Kaz гэдэг. Тэр зогсдоггүй. Зогсохгүй! AM JKLWXZrsMeV62 Y7CSq xTu7zXcbVImv oY1BpdukHrK4 Oqbc9QTAWkRT O3x36HjkMSQ9vqb8SHfuunMFqrEG2i09nUIegCF G4KCxsnAbdkngPFildUF5KUlqiX gSOaIvxXLJGrJJ2 PRIKYztRV7=w1319 h880 no?authuser=0
2019 онд MESA League-ийн үеэр. Дасгалжуулагч Kaine, багийнд xetn нар нь одоо ч түүнтэй хамт буй.

Түүнтэй харин нүүр тулж ярилцсан үе минь 2018 оны хавар. Гэгээнтэний Tom N Toms-д байсан санагдана. Яг л миний төсөөлж байсан шиг юмыг мэргэжлийн байдлаас хардаг, сахилга баттай, тууштай байрын хүн байлаа. Тэр үеэс л өөрийн зорилгоо итгэлтэй хэлж, мөрөөдлөө ярьж байсан нэгэн. Одоо ч түүнийгээ хэрэгжүүлээд явж байна. Түүний мөрөөдөл, зорилго, тууштай байдалд хүн болгон итгэдэг учраас түүнийг хүн бүхэн дэмжсээр байдаг. Үүнд түүний гэр бүл, ээж, хамт байсаар ирсэн найзуудыг нь дурдахгүй байхын аргагүй.

Kaz тэр өдөр итгэлтэйгээр надад хэлж байсан зүйлээ өчигдөрхөн MESA Pro Series Finals-ийн дараа, финалын тоглолтын дараа надад хэлж байлаа. Би тэр үед ч итгэсэн, одоо ч түүнд итгэж байна. Түүний тамирчны карьер ингээд зогссон байж болно. Гэхдээ түүний төлөвлөгөө, дараагийн алхам нүдэнд минь тов тодорхой, тодоос тод харагдаж байна. Би итгэж байна! Тэр зогсохгүй!

Учир нь түүнийг Kaz гэдэг. 

ESN Story: Түүнийг Kaz гэдэг. Тэр зогсдоггүй. Зогсохгүй! kaz mps 1
Kaz-ийн тамирчны карьер өндөрлөсөн ч испортын замнал нь үргэлжилсээр!

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img