Мягмар, 12 сар 7, 2021
top banner

ESN Explained: Монгол улсын баг яагаад IESF-д оролцох боломжгүй болсон бэ?

Олон улсын испортын холбооноос жил болгон зохион байгуулдаг IESF World Championship тэмцээн 2020 онд цуцлагдаж, 2021 онд дахин Израйл улсын Эйлат хотод товлогдоод байсан билээ. Монгол улсаас CS:GO, DOTA2 төрлүүдэд Renewal, Lilgun багууд Team Mongolia-ийг төлөөлөн оролцох эрхтэй болоод байсан юм. Гэвч өнөөдөр буюу нислэгээс хоёр өдрийн өмнө Израйлын засгийн газрын зүгээс Монголын багийг хүлээн авах боломжгүй гэдгийг мэдэгдсэнээр манай улс тус тэмцээнд оролцох боломжгүй болжээ.

MESA-ийн зүгээс хийсэн мэдэгдэл дээр Израйлын засгийн газрын зүгээс манай баг тамирчдын COVID-19 тусаад эдгэсэн гэсэн материалыг ОХУ, Беларус зэрэг улсын адилаар хүлээн авах боломжгүй гэсэн тул IESF-ийн зүгээс манай багийн онгоцны тасалбарыг цуцалжээ. Ингээд бид Монголын Электрон Спортын Холбооноос тухайн нөхцөл байдлын талаар нарийн тодруулга авлаа.

Тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлэг, материал, тэр дундаа вакцинжуулалт, тусаад эдгэсэн бичиг баримтыг 10 сарын 14-ны дотор мэдүүлэх ёстой гэж заагдсан байсан. Түүнийг дагаж бид бүх материалаа 10 сарын 14-өөс өмнө бүх зааврын дагуу хүлээлгэн өгсөн. Удалгүй хэд хоногийн дараа Израйл руу нэвтрэх журмууд өөрчлөгдсөн тул зарим тамирчдыг booster тунд хамруулах, тусаад эдгэсэн тамирчдын тусаад эдгэсэн хэмээх нотлох баримт бичгийг явуулахыг шаардсан. Тухайн материалуудыг гэнэт л шөнийн цагаар whatsapp-аар нэхээд 12 цагийн дотор вакцин хийлгэ, нэг өдрийн дотор ийм бичиг баримт бүрдүүл гэх мэтээр шахуу байдалд оруулсан. Бид ч холбооны зүгээс, цаашлаад засаглах байгууллагын түвшинд ч яаралтай ажиллаж, баг тамирчид, клубууд ч шаргуу ажиллаж материалыг нь өгсөн.

Ninjtsolmon, MESA Operation Manager

MESA-ийн зүгээс тухайн үед цагт нь багтан нэмэлт материалуудыг бүрдүүлж, тамирчид ч шаардлагатай вакцинжуулалтад хамрагдаж, бүх материалаа хүлээлгэн өгсөн байна. Ингээд IESF-ийн зүгээс оролцох баг тамирчид, арын албаны хүмүүсийг баталгаажуулжээ. Үүнд IESF-ийн олон улсын хуралд оролцох холбооны албаны хүмүүс, дасгалжуулагч, менежер зэрэг хүмүүс мөн багтжээ. Гэхдээ IESF-ийн зүгээс тэдгээр хүмүүсийн болон дасгалжуулагчийн хүртэл зардлыг даахаас татгалзжээ.

Манай зүгээс зохион байгуулагчид маш боломжгүй мэт материалуудыг богино хугацаанд гэнэт гэнэт шаардсан. Бид тодорхой асуултуудыг тавьж яагаад гэнэт шаардлагууд өөрчлөгдөөд байгаа вэ? Бид нэхсэн журмын дагуу юмнуудаа бүрдүүлсэн, амжихад хэцүү гэхэд тэгвэл танайх оролцох боломжгүй, бид та нарын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна, цаанаас журам байнга өөрчлөгдөж байна, та нарт 15 цаг л байна, вакцинд хамрагд, бичиг баримтуудаа дахин явуул гэсэн шаардлага тавьж байсан. Бид хүссэн бүх материалыг явуулаад, албан ёсоор зохион байгуулагчдаас тэмцээнд оролцох хүмүүс баталгаажсан тухайн ам авсан. Гэвч нөхцөл байдал намжаад, бид бүх бэлтгэлээ хангаад, холбооны зүгээс нэмэлт зардлуудаа гаргаад, зарим баг тамирчдын төлөөлөл, албаны хүмүүс Турк улсад очоод байтал гэнэтийн мэдээг хүлээн авсан. Биднийг нэг ёсондоо гарах гарцгүй л байдалд оруулсан.

Тэмцээн болохоос 3 хоногийн өмнө тус мэдээ ирсэн бөгөөд мэдээллээ ирүүлэхдээ альхэдийн Монголын баг тамирчдын нислэгийг цуцалсан байжээ.

Бидний хувьд дахиад л шаардлагатай арга хэмжээг авч, оролдох боломжтой гэж бодож байсан. Гэвч мэдээг ирүүлэхтэй зэрэгцээд альхэдийн манай баг тамирчдын нислэгийг цуцалчихсан байсан. Өөр аргаар оролдьё гэхэд та хэд өөрсдөө бүх зардлаа даагаад, бүх зөвшөөрлөө өөрсдөө хөөцөлдөөд, буудлаа ч өөрсдөө хариуцна гэвэл оролцох тамирчдыг чинь сольж өгч болно, бусдаар ямар ч боломжгүй гэж зохион байгуулагчид мэдэгдсэн. Тиймээс 72 цагийн хугацаанд дахин нислэг олж, хилээр нэвтрэх зөвшөөрөл дахин хайх зэрэг нь цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй байсан.

Израйлын дотоодын зохион байгуулагч болох Израйлын испортын холбооны ерөнхийлөгчийн зүгээс Монголын баг тамирчид, үзэгчдээс хүлцэл өчсөн бөгөөд мэдээллийг аль болох эрт хүргэх байсан, IESF-ийн зүгээс харилцаа холбоон дээр алдаа гаргаж тус асуудал үүссэн гэдгийг мэдэгдсэн байна.

Мэдээж нөгөө талаас COVID-19 нөхцөл байдлаас хамааран улсуудын гадны хүн нэвтрүүлэх журам байн байн өөрчлөгдөж байгаатай холбогдож байгаа ажээ.

Ингэснээр Монголыг төлөөлөн оролцох Renewal, Lilgun багууд тэмцээнд оролцох боломжгүй болсон байна. Үүн дээр ОХУ-ын шигшээ баг, Беларусын Nemiga, ОХУ-ын 1Win зэрэг багууд багтаж байгаа юм.

Renewal-ийн хувьд энэ тэмцээнийг дууссаны дараа Европтоо үлдэж ESL Pro League Conference тэмцээнд оролцох хуваарьтай байсан. Тэд энэ зун Dreamhack Open Asia тэмцээнд аваргалсан бөгөөд тус тэмцээний LAN цуцлагдсан тул Renewal-д хариуд нь энэ тэмцээний эрхийг өгсөн юм. Тус тэмцээний ялагч нь ESL Pro League-д орох эрхийг авна.

Харин Lilgun багт дахин нэг LAN тэмцээн байгаа нь 12 сарын дундуур явагдах өөр нэгэн холбоо буюу Global Esports Federation-ийн Global Esports Games 2021 тэмцээн юм. Тэд тус эрхийг мөн MESA-ийн Nomadic Masters эвентийн National Championship-д түрүүлж авсан билээ.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img