Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

ESN Explained: Испорт тамирчин төвтэй байхаа болих цаг айсуй + Монголчууд бэлэн үү?

Монголын испортын эхлэл одоогоос олон жилийн өмнөөс эхлэлтэй ч нийтийн дунд цахиур хагалж эхэлсэн нь 2016 он орчим гэж хэлж болно. Түүнээс өмнө Монголын баг тамирчид олон төрлөөр олон улсын тэмцээнд оролцож, тодорхой хэмжээгээр амжилтыг үзүүлж байлаа. Гэхдээ Монгол тамирчид азид төдийгүй дэлхийн тавцанд ч өрсөлдөх боломжтой, энэ бол зүгээр нэг тоглоом биш гэдгийг олон нийтийн ярианы сэдэв болгосон нь The MongolZ багийн олон улсын амжилтаас эхлэлтэй. Түүнээс хойш Zeus, Lilgun, Renewal, Checkmate, D13 гэх мэт олон олон багууд олон улсын амжилтыг үзүүлж Монголын испортын тамирчдын нэр хүндийг өсгөжээ. Мэдээж тамирчдын амжилтыг харвал Монгол улсын испорт гэрэлтэй харагдаж байгаа боловч, бүхэл зургаар нь харвал зарим нэг хүний нөөцийн асуудлыг дурдахгүй байхын аргагүй.

Испорт аз болоход одоогоор тамирчдын нөлөөллөөс бүрэн салаагүй байна. Мэргэжлийн спортуудын хувьд олон арван жилийн явцад зөвхөн ур чадвар, багийн зохион байгуулалт, хичээн зүтгэл, тамирчны хөдөлмөр зэргээс зөвхөн шалтгаалахаа болиод удаж байна. Мэдээж дээрх хүчин зүйлүүд чухал, суурь нь хэвээрээ хэдий ч дэлхий даяар уг дадлыг, суурийг суулгахад хялбар болсон гэхэд болно. Үнэхээр тамирчдын нөөцөө таслалгүй ихэсгэж, тэр дундаас авъяастнууд төрж байвал тэдгээрийг хэрхэн нэг баг болгох, хэрхэн дээрх сууриудыг нэмж суулгах эсэх нь асуудал биш болсон гэхэд болно. Дэлхий нийтээрээ тийм болоогүй ч спортын тухайлсан төрлөөсөө хамаараад тэргүүлэх гүрнүүдэд энэ асуудал биш болоод байна. 

Нэг ёсондоо тамирчин гэдэг олон нийтийн дунд төв нь юм шиг харагдавч нөгөө талаар спортын клубууд, тухайн багийн хүний нөөц, уламжлал, санхүү, урт удаан нас зэрэг нь төв болсон. Манчэстэр сити, Реал Мадрид, Байерн Мюнхэн, Лос Анжелес Лэйкэрс гээд төв нь, амин сүнс нь болж байгаа болохоос нийт тамирчид биш. Нийт тамирчид дээр дурдсан багийн зэрэглэлийн топ багууд руу явахыг очихыг хүснэ. Тамирчид ч багаасаа Барсэлонад, ПСЖ-д тоглохыг мөрөөдөж эхэлнэ. Түүний хэрээр тэр клубын хэв маяг, сонголт, арга барил, хүний нөөц, систем зэрэг нь спортынх нь цөм болж ирнэ. Хэрвээ тэр нь оршин тогтнохгүй болсон бол амьд байхаа болино. Өрсөлдөөнөөс гарна. Энэ өрсөлдөөн, энэ тогтвортой байдал одоогийн мэргэжлийн спортын гол агуулга болж байна. Харин тамирчид, одууд, тоглогчид тэдгээрийг тойрон эргэлдэнэ. Нэг ёсны чимэг юм уу даа. 

Тэгвэл испортод энэ бүхэн арай тогтож амжаагүй байгаа нь манай улсын хувьд аз. Хэчнээн хүчирхэг Team Liquid, Team Secret байгаад тамирчид нь бүрэлдэхүүнээрээ явчихвал тэр баг дахин өөр сүпэр бүрэлдэхүүн хайхаас аргагүй болно. Хайж оллоо гэж бодсон ч өмнө хардаг байсан агуулга, систем, уламжлал үнэртэхгүй. Нэг ёсондоо шал өөр агуулга, шал өөр зүйл болчихно. Харин хөлбөмбөгт бол тамирчид солигдлоо ч Барсэлона бол Барсэлона, Чэлси бол Чэлси л байдаг. Мэдээж 10 жилийн өмнөхтэй нь харьцуулвал тэс өөр байж болох ч өмнөх таван жилтэйгээ амжилтаас бусдаар бол ялгагдах юм багатай. Тиймээс испортод тамирчин төвтэй хэвээр байна гэсэн үг. Ердөө бизнесийн байгууллагууд л санхүүжүүлж, цалинжуулж өөрсдийн нэр дор тоглуулж байгаа болохоос биш бүтэн системийг нь удирдаж байгаа, хүссэн тамирчдаа авчраад хүссэн агуулга, хэв маягт оруулж байгаа гэвэл худлаа болно. Германд очсон Англи хөлбөмбөгч Герман хөлбөмбөг тоглож, Англи хэв маяг дээрээ Герман арга барилд суралцаж нэг ёсондоо Герман агуулгатай болно. Харин Англи испортын тамирчин Герман organization-д орсон ч Англи испортын тамирчин хэвээрээ байгаа нь үүний илрэл. 

Тэгвэл энэ бүхэн цаашдаа тийм ч удаан үргэлжлэхгүй. Galaxy Racer саяхан Nigma-тай хамтарч Nigma Galaxy болов. Etihad-аар дэмжүүлсэн Арабууд мэргэжлийн спортын, тэр дундаа хөлбөмбөгт хийхийг хүсдэг зүйлээ, хүсдэг системээ бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ бол тамирчин төвтэй испорт удахгүй алдагдаж эхэлнэ гэдгийн дохио. Тамирчдаас шалтгаалсан зүйлс байхгүй болно гэж хэлээгүй. Бусад мэргэжлийн спорт шигээ цаана нь өчнөөн цөм эргэлдэнэ гэсэн дохио. 

Nigma Galaxy дэлхийн хамгийн баян, өндөр санхүүжилттэй испортын байгууллага болж байна. Цаашдаа ямар “эзэнт улс”-ийг цогцлоох нь сонирхол татаж буй.

Үүний жишээ, үүний эхлэл нь CS:GO-ийн Astralis байсан. SK Gaming Бразил бүрэлдэхүүнийг өргөж аваад хэдэн жилийн дараа нь гэрээ дуусаад чөлөөлсөн. Зүгээр санжүүжүүлж л байгаа хэрэг. Өөрсдийн брэндийн нэрийг өсгөх үйлдэл болохоос холын систем байсангүй. Дараагийн SK-ийг өөр тамирчдаар үүсгэлээ ч үр дүн үзэхгүй. Харин Astralis бол тамирчид дээрээ суурилж байсан ч тамирчдаасаа систем, арга барил, уламжлалыг зохиосон. Одоо Astralis-аас gla1ve-ээс өөр хэн ч явсан арга барил нь хэвээрээ л байх болно. 2023 он дуусаад gla1ve гэрээ дуусах үед альхэдийн бусад тойрсон шинэ тоглогчид нь gla1ve-гүйгээр яг өмнөх Astralis шиг тоглох болно. Энэ бол Astralis-ийн мэргэжлийн спортоос хуулж буй өөрсдийн систем. Систем төгс ажиллаж, түүхэн амжилт бүтээсэн. Цаашдаа үүнийгээ олон арван жил хадгалах ажлыг Astralis-ийн арын алба хийж байна. CEO-оос эхлээд хүний нөөцийн алба, бэлтгэл хангагчид гээд бүх талаараа үүнд хамаатай. Боловсон хүчин!

Astralis Group becomes a public company | Esportz Network

Энэ мэтчлэн Nigma Galaxy, PSG (LGD), Natus Vincere, Team Liquid, Team Vitality гээд агуулгаа хадгалж, тамирчин төвтэйгээс байгууллага төвтэй, клуб төвтэй систем руу жилээс жилд шилжиж байна. M0nesy-ийн мөрөөдөл s1mple шиг болох байсан бол өдөр ирэх тусам Na’Vi-ийн дараагийн лидер гэдэг мөрөөдөл руу шилжих болно. S1mple хаана байх нь хамаагүй, Украин хүүхдүүдийн мөрөөдөл Na’Vi л байх болно. 

Тэгвэл Монгол улс энэ шилжилтэд хэр бэлэн байгаа вэ? Dobu, Kabal, ErkaSt, Sanctity, Hishgee, Zyol, Godless гээд дурдаад дуусахгүй их авъяастнууд Монголд байна. Өмнө нь Machinegun, Ariuka, Sanke, Zilk эд нарын үе дуусахад яах бол гэдэг байлаа. Ардаас нь Skor, Rate, Anhil гээд гараад л ирсэн. Магадгүй илүү үе ч байж магадгүй. Энэ мэтчлэн тамирчны нөөц, авъяастны нөөц хэсэгтээ бол тасрахгүй бололтой. Харин тэдгээр тамирчдын орчин нөхцлийг бүрдүүлэх хүний нөөц яваандаа бэлэн байх уу гэдэг асуулт болно. Зөвхөн тамирчдын арын алба, клубын хүний нөөц биш, тэр чигтээ экосистемээр нь харвал бидэнд хүний нөөц гэх боломж тун хомс байна.

Одоогоор байгаа тамирчдын ардах арын албыг л бодоход нэг ч испортын сэтгэлзүйч, эмч, бэлтгэл хангагч, хуульч, менежер алга байна. Нэг талаас зөвхөн испортод хорхойтой, нөгөө талаас мэргэжлийн боловч испорт сайн мэдэхгүй гэсэн асуултууд хоёр талаас тулж байгаа. Яахав арын албаны асуудлыг ингэсгээд явуулахаас өөр аргагүй байж болно. Цаашдаа том хүрээний хүний нөөцийн талаар ядаж ярилцдаг, гаргалгаа хэлэлцдэг, шийдэл эрэлхийлдэг, гаднаас мэргэжилтэн авчирах уу, өөрсдөө бэлдэх үү, бэлдвэл яахав, боломжтой юу гээд олон талаар хэлэлцэх, ярилцах шаардлага иржээ.

Үргэлжлэ бий…

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img