Технологийн салбарт танил болсон “crowdfunding” гэсэн нэр томъёо нь испортод ихэвчлэн тэмцээний шагналын сантай холбогдон тайлбарлагддаг. Crowdfunding гэдэг нь зохион байгуулагчид эсвэл тухайн хөрөнгийг үүсгэж буй газар олон нийтээс хөрөнгөө босгож буй хэлбэр юм. Хандив гэж хэлж болох ч яг нэг утгаараа хандив гэж ойлгож болохгүй. Crowdfunding-ийг зөвхөн хандиваар бус аливаа зүйлийг зарж борлуулан түүний тодорхой хувийг тухайлсан сан руу оруулах байдлаар үйлдэж болдог.
Анх хэд хэдэн тэмцээн зохион байгуулагчид энэ боломжийг олж харсанаар испорт дахь crowdfunding суурь тавигдсан. Үүний хамгийн сайн алдартай тоглогч бол Valve юм. Тэд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Dota 2 тэмцээний ихэнх шагналыг crowdfunding замаар босгодог. Үүнд мэдээж та бүхний сайн мэдэх Battle Pass-ийн худалдан авалт нөлөөлдөг. The International -ийн 2021 оны хүрээнд нийт 38 сая доллараас давсан хөрөнгийг Battle Pass-ийн худалдан авалтаас босгожээ. Үүгээрээ түүхэн дэх хамгийн том crowdfunded тэмцээнийг өрнүүлж, шагналын сангийн энэ арга барилаар тэргүүлжээ. Үүнд Valve 1.6 сая доллар нэмж оруулсан байна. Гэсэн хэдий ч Battle Pass-ийн худалдан авалтаар цугларсан нийт орлогын ердөө 25% нь шагналын санд төвлөрдөг бол Valve 75% -ийг халаасалдаг.
Сүүлийн жилүүдэд компаниуд хөрөнгө босгох шинэ арга замыг хайж олохын хэрээр краудфандинг хийх бусад хэлбэрүүд esport-ийн экосистемд нэвтэрч байна. Олон нийтийн санхүүжилтийг ихэвчлэн онлайн платформоор дамжуулан өргөн хүрээний хүмүүсээс цуглуулж буй. Үүнд бизнес, төслүүдийн санхүүжилтийг босгох, шагналын санг босгох краундфандинг гэх мэт төрлийг онцолж болно. Valve-аас гадна сүүлд BLAST-ийн тэмцээн мөн шагналын сангаа crowdfunding хийж босгосон билээ. Мөн цаашлаад тоглоом тоглож, түүний тоглогчдын бооцооноос хөрөнгө босгодог хэлбэрүүд ч байна.
Esports Crowdfunding сул тал ба давуу тал
Нэг талаас esports crowdfunding хийснээр тухайн байгууллага санхүүжилтийн бусад боломжуудаа өөр зүйлст ашиглах боломжтой болдог. Испортын шагналын сангийн өрсөлдөөн ширүүсч өдрөөс өдөрт шагналын сан өндөр байхыг зохион байгуулагчдаас шаардаж буй энэ нөхцөлд crowdfunding-аар шагналаа босгож чадвал бусад санхүүжилтээ илүү өөр үр дүнтэй зүйлд ашиглах боломжтой болох юм. Мэдээж crowdfunding нэг эх үүсвэрээс их хэмжээний мөнгийг шаарддаггүй бөгөөд тал талаас босдог тул хэнд ч санхүүгийн дарамтыг үүсгэхгүй.
Одоогийн нөхцөл байдалд их өндөр шагналын сан амлахгүй бол олны анхаарал, багуудыг хүчийг төвлөрүүлж чадахгүй учраас испортын байгууллагууд аль болох мөнгө их эргэлдэж байгаа бүс рүү, улс руу төвлөрөх болсон. Ингэснээр анхаарал дутагдаж буй, дөнгөж хөгжиж буй бүсүүдэд тэмцээний дутагдал үүсэх, олон улсын өрсөлдөөнд нэгдэх боломж нь хомс болж ирж байгаа юм. Тиймээс энэ нөхцөлд crowdfunding-ээр шагналын санг шийдэх нь тун ухаалаг шийдэл байх болно.

Маш их хэмжээний зардлыг нөхөх гэж, тэмцээн уралдааныхаа шагналыг босгох гэж спонсор компаниудтай байнга уулзаж их энерги, цагийг золиослохын оронд компаниуд өөрсдийн бизнес төлөвлөгөөнд анхаарлаа төвлөрүүлж, видео контент, сошиал медиа кампанит ажил гэх мэт esports экосистемийн сувгуудаар өөрсдийн санаа бодлоо хуваалцах боломж үүсч бас болно. Мөн дээр дурдсанчлан илүү бүтээлч, мөнгөний ардаас биш гол зүйл рүүгээ анхаарах боломж нь санхүүгийн ачааллаа багасгаснаар үүсэх билээ.


Нэмж дурдахад, аливаа төсөл дээр хамтран оролцож буй бизнес эрхлэгчдийн санхүүгийн эрсдлийг бууруулж, төсөл эсвэл брендийн зах зээлийн чадавхийг шалгаж, олон зуун брендийн төлөөлөгч нарыг испортын салбарын ирээдүйн хөлөг онгоцонд суулгаж, жижиг дагалдан бизнес эрхлэгчдэд хөрөнгийн хүртээмжийг бий болгож чадна
Харин нөгөө талаас crowdfunding хийхийн эрсдэл гэж бас бий. Crowdfunding зөв системээ олж чадахгүй бол тийм ч урт удаан настай биш. Учир нь ихэвчлэн кампанит ажлаар crowdfunding хийдэг бөгөөд ихэнх санаачлагууд сүүлийн жилүүдэд хийгдээд дуусч байна. Үүнд хүмүүсийн сэтгэл хөдлөл, эрмэлзэл чухал нөлөөтэй байдаг тул үүнийг үүрд гэж ойлгож болохгүй. Тиймээс хэдий чинээ испортын байгууллага crowdfunding дээр тогтоно төдий чинээ хөрөнгө оруулагчдад нь эрсдэлтэй гэж үздэг. Хэзээ нэг өдөр crowdfunding өгөөж доошоо утга руу явж эхлэхэд компани нэгэнтээ спонсоршип, хамтын ажиллагаанаас босгодог ашгууд бусад компанитай харьцуулахад бага байна гэж тооцогддог тул эрсдлүүд үүсч эхэлдэг. Тиймээс нөгөө талаар анхнаасаа crowdfunding-ээр биш багаас нь өөрсдөө хөрөнгөө босгоод, зардал болон хөрөнгө оруулалтаа тэнцүүлээд, яваандаа ашгаа нэмж эхэлсэн байгууллагууд урт хугацаанд хожоо авах магадлалууд байдаг.
Нөгөө талаар бодоход хамгийн амжилттай, хэзээ ч зогсохгүй гэгддэг TI тэмцээн л гэхэд дээд утгатаа хүрч болно. Battle Pass-ийн худалдан авалт унаж эхлэхэд, нэгэнтээ тэмцээний шагналын сан дээд хэмжээндээ хүрсэн бол бууралт хийж эхлэх үед тэмцээний үнэ цэн өөрөө унаж эхлэх аюултай. Тэр үед TI-аас доошоо тэмцээнүүд ямар байдалд хүрэх вэ? Одоо ч гэсэн TI-аас болж үнэ цэн нь алдагдаж эхэлсэн тэмцээнүүд ямар нөхцөлд хүрэх вэ? ДОТА өөрөө яах вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Харин байгалийн жамаараа өөрсдөө үнэ цэнээ өсгөж буй байгууллагууд урт хугацаандаа хожоо хийж мэдэх юм.