Даваа, 1 сар 17, 2022
top banner

ESN 2021: Испортын оны онцлох үйл явдлуудаас

2021 оны сүүлийн өдрүүд тулан иржээ. Бусад мэргэжлийн спортыг бодвол харьцангуй сүүлд бий болсон испортын хувьд эдгээр он жилүүд, өдрүүд ирээдүйн хөгжлийн маш чухал цаг үе байх учиртай. Тэр ч утгаараа 2021 онд олон чухал үйл явдлууд болж өнгөрөв. Үүнээс ESN та бүхэнд заавал эргэн харах учиртай үйл явдлуудыг онцлон хүргэж байна.

PGL-ийн амбийц – TI10 x Stockholm Major

2020 онд цар тахлын улмаас явагдаагүй The International 10 тэмцээн энэ онд явагдахаар товлогдоод байсан. Жил завсарласан испортын хамгийн өндөр шагналын сантай, хүлээлт өндөртэй тэмцээнийг олон хүн өдөр тоолон хүлээж байлаа. Тэгвэл TI10-ийг PGL зохион байгуулах эрхийг авч, үүнийг зэрэгцээ 2 жилийн хүлээлтэд байсан CS:GO major-ийг ч гэсэн зохион байгуулна гэдгээ зарласан нь яахын аргагүй энэ оны хамгийн том мэдээнүүдийн нэг байлаа.

Team Spirit takes home $18.2M as winner of The International Dota 2  Championship | VentureBeat
CIS бүсийн хувьд 2021 он мөрөөдлийн жил байлаа. TI10 тэмцээнд Team Spirit-ийг аваргална гэж таамагласан хүнийг галзуу гэж нэрлэхээр байв. Тэд таамгийг эвдэж сенсаци дэгдээд чадсан.

Уг хоёр том тэмцээнийг 3 сарын зайтай нэг улсад, нэг хотод зохион байгуулах төлөвлөгөөг гаргаж олон тооны зардал, чирэгдлийг хэмнэх зорилготой байв. Гэвч төлөвлөгөө бүтэлгүйтэж зохион байгуулах хот Шведийн Стокхолм DOTA2-ийг спорт хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, тамирчдад виз гарха боломжгүй болсон юм. Ингэснээр PGL-ийн төлөвлөгөө өөрчлөгдөх шаардлагатай болж нэн даруй өөрсдийн удирдлага нь байрладаг Румыны Бухарэст хот руу TI10 тэмцээнийг шилжүүлсэн. Гэвч Бухарэст хот цар тахлын улаан бүст тооцогдож байсан тул тэмцээн үзэгчгүйгээр явагдахад хүрсэн билээ.

PGL Major Stockholm 2021 – Tournament Recap - Esports Betting Tips
CS:GO Major нь харин үзэгчтэй явагдаж чадсан ба бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй major болсон

Ингэснээр тасалбараас олох орлого хаагдаж, нөгөө талаас зардал хэмнэх төлөвлөгөөнүүд нэг талаар бүтэлгүйтсэн. Гэнэтийн өөрчлөлтийн улмаас төлөвлөгөөнүүд өөрчлөгдсөнтэй холбогдон PGL тэмцээний зохион байгуулалт, production зэрэг дээр бүтэлгүйтэлтэй тулгарч олны шүүмжлэлийг хүртээд амжсан юм. Гэхдээ ямартай ч аль нэгнийг нь хойшлуулалгүйгээр үзэгчиддээ CS:GO, DOTA2-ийн хамгийн том тэмцээнийг удаан хугацааны дараа авчирсаныг нь магтаад барашгүй.

Activision Blizzard-ийн скандал

7 сарын 20-нд олон улсын хэвлэл мэдээллээр Activision Blizzard компанийн ажлын байранд болдог зүй бус үйл явдлуудтай холбоотойгоор тус компанийг Калифорниагийн шүүх шалгаж байгаа талаар мэдээлэл цацагдсан юм. Ингэснээр компанийн ажлын байранд болсон зүй бус болох хүйсийн ялгаварлал, тэгш бус байдал, бэлгийн дарамт, шахалт олон нийтэд ил болж шүүхээр шалгагдаж эхэлсэн юм.

Нэгдүгээрт жендерийн тэгш бус байдал буюу ялгаварлал. Жишээ нь хурлын өрөөг зөвхөн эрэгтэйчүүдийн хурал байдлаар ашиглаж, эмэгтэй ажилчдыг оролцуулахгүй байх, эмэгтэй хүнийг өндөр албан тушаалд томилдоггүй зэрэг тохиолдлууд дурдагдсан байна.

Activision Blizzard Under Investigation By SEC Over Allegations Of  Workplace Discrimination

Бэлгийн дарамт. Үүний жишээ нь эмэгтэй ажилчдыг эрэгтэй өндөр албан тушаалын хүмүүс нь харилцаанд орохыг шахдаг. Эрэгтэй ажилчид эмэгтэй ажилчдын биеийн галбир, төрх байдал дээр байнга сэтгэгдлээ хэлдэг. Цаашилбал “эмэгтэй ажилчдын хөхний хэлбэр, хэмжээнд хүртэл коммэнт хэлж байсан тохиолдлууд” гэж онцолжээ.

Мөн шүүхээр шалгагдаж буй онц ноцтой тохиолдлууд дээр байгууллагын амралт, зугаалгаар эмэгтэй ажилчдад алкохол өгч, биеэ хамгаалах чадваргүй болсон үед бэлгийн харьцаанд орсон байз болзошгүй фактууд, нүцгэн зургийг нь авч сүрдүүлэг хийсэн байж болзошгүй зэрэг төсөөлөгдөмгүй муухай хэргээр Activision Blizzard-ийнхан шалгагдсан юм. Үүний үр дүнгээр компанийн хувьцаа унаж, удирдах албанаас маш олон хүн шинэчлэгдэж, халагдаж, тэдний төлөвлөж байсан олон төслүүд 2-3 жилээр хойшлогдсон. Мөн хамтрагч байгууллагууд хамтын ажиллагааны гэрээгээ цуцалж, тэдний эсрэг хөдөлгөөнүүд өрнөсөн зэрэг нь испортын ертөнцийг донсолгосон том үйл явдлуудын нэг мөнөөс мөн байв.

ESN Explained: Activision Blizzard дахь жендерийн тэгш бус байдал, бэлгийн дарамтын дуулианыг тайлбарлах нь

S1mple-ийн гайхамшиг + Na’Vi-ийн эрин үе

Counter-Strike үүссэн цагаас л хамгийн том фаворитуудын нэг байсаар ирсэн баг бол Украины Na’Vi юм. Гэхдээ тэднийг эзэгнэхийг бид төдийлөн харж байгаагүй. Магадгүй Markeloff, starix зэрэг тамирчдын 1.6 үеэс хойш тийм хүчтэй байхыг нь хараагүй. Тодорхой цаг үеүдэд хүчтэй байж, major-ийн финалд үлдэж, дэлхийн топ тэмцээнд түрүүлэхийг нь харж байсан ч энэ жил шиг төгс байхыг нь харсангүй.

Natus Vincere - NAVI are the champions of the PGL Major Stockholm 2021!

Тэд IEM Katowice тэмцээнээс эхлээд IEM Cologne, BLAST, PGL Major гээд авч болох бүх том тэмцээнүүддээ аваргалж тухайн тэмцээнүүдэд дийлдэшгүй тоглолтыг харуулсан. Мөн major тэмцээний анхны түрүүгээ авсан төдийгүй тухайн тэмцээнд нэг ч мап хожигдолгүй түрүүлсэн нь давтагдашгүй амжилт байв.

Багийн од тоглогч s1mple ч карьерынхаа хамгийн ялгуусан улирлыг үдэж 9 mvp шагналыг түүхэн дэх хамгийн олон MVP болсон тамирчин боллоо. Түүний төгс тоглолт зөвхөн CS:GO-оор зогсохгүй бусад испортын тамирчдаас ч ялгарахуйц ондоо байж чадсан юм.

PGL Major-ийн финалд Niko-ийн алдсан shot хэзээ ч мартагдашгүй. Тэр үүнийг алдаагүй бол юу болох байсан бол? Магадгүй Na’Vi-ийн мөрөөдлийг тэд дахин нэг жилээр хойшлуулах байсан уу?

IESF vs GEF, Олон улсын холбоодын ирээдүй

Испорт бусад спортоос ялгаатай нь засаглах байгууллагын талаас арай зохион байгуулалттай. Бусад спортод нэг олон улсын холбооны дор байж, тухайн холбооны шийдвэрийг дэлхийн нийтээр дагадаг. Тэгвэл испортод тоглоом хөгжүүлэгчдэд тоглоомоо хүссэнээрээ өөрчлөх эрх нь байдаг тул хүч, эрх мэдэл холбоодын гарт бус тоглоом хөгжүүлэгчдэд байдаг гэж хэлж болно. Үүн дээр нэмээд испортод олон холбоод зэрэгцээ үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд дэлхий дээр Global Esports Federation, International Esports Federation гэсэн хоёр холбоо зэргэлдээ оршдог.

Харин энэ жилийн тухайд хоёр холбоо нилээд дорвитой алхмуудыг хийж хоорондын өрсөлдөнөө хурдасгав. Мэдээж хоёр талд байгаа гэдэг утгаараа өрсөлдөж, испортын талбарт эерэг өөрчлөлтүүдийг авчирч буй. Яваандаа аль нэг нь давамгай байдлыг авч шийдвэрүүд нэгнээс нь гардаг болох биз.

Энэ жил IESF-ээс ээлжит IESF World Championship-ээ зарлаж 13 дахь удаагаа зохион байгууллаа. Мөн энэ онд тэд 100+ улсыг гишүүнээр элсүүлсэнээ зарлаж хамгийн өндөр тоотой гэдгээ зарласан. Дэлхийн аваргаа Израйл улсад DOTA2, Tekken, PES, CS:GO зэрэг төрлүүдээр зохион байгуулсан. Монгол улс гишүүн статусынхаа эрхээр DOTA2, CS:GO төрөлд багаа илгээхээр болоод байсан ч Израйлын засгийн газар манай тамирчдыг хүлээн авахаас татгалзсан нь харамсалтай. Мөн тэд WSL нэрийн дор Өмнөд Солонгос улсад Steam PUBG, Street Fighter зэрэг тоглоомуудаар тэмцээн зохиох байсан ч ирэх жилийг болтол хойшлогдосон байна.

Харин Global Esports Federation нөгөө талд илүү импакт өндөртэй төслүүдийг эхлүүлж зохион байгуулав. Үүний нэг манай улсын DOTA2, Street Fighter, eFootball PES тамирчдын оролцсон Global Esports Games 2021 байлаа. Тэмцээн Сингапур улсад зохион байгуулагдаж манай улсын DOTA2 эрэгтэй эмэгтэй баг хос хүрэл медалийг хүртсэн.

Дэлхийн esport-ийн холбоо 3 жил дараалан Global Esports Games зохион байгуулна

Үүнээс гадна Global Esports Federation нь Faceit-тэй томоохон хамтралыг эхлүүлж ирэх онд $250,000 шагналын сантай олон улсын тэмцээн хийхээ зарласан байна. Үүнтэй ижил нэртэй буюу Global Esport Tour нэрийн дор PUBG Mobile, Rocket League-ийн тэмцээнүүд Лос Анжелос болон Рияад хотод тус тус зохион байгуулагдлаа. Тэмцээн Global Esports Games-ийг бодвол харьцангуй өндөр зохион байгуулалттай болсон ба Global Esports Tour нь олон шилдэг багуудыг тэмцээндээ татах төлөвтэй байна.

ESN 2021: Испортын оны онцлох үйл явдлуудаас Global Esports Tour
11 сард явагдах байсан Дубайн тэмцээн 2022 оны 3 сар хүртэл хойшлогдоод буй

Lilgun-ийн гэнэтийн бэлэг, Zeus-ийн үргэлжлэл Stalwart1

2021 оны эхлэл Монголын испорт сонирхогдын хувьд маш том гэнэтийн бэлгээр эхэлсэн. Энэ нь мэдээж DOTA2-ийн DPC тавцанд Монгол баг өрсөлдөх эрхтэй болсон явдал юм. Монгол улсын Lilgun баг нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгарч DPC Lower Division-д шалгарсанаар Монгол багийн өмнө гаргаж байгаагүй амжилтыг гаргав. Улмаар Lower Division-доо аваргалж Upper Division руу гарсанаар үзэгчиддээ барьж буй гэнэтийн бэлгээ үргэлжлүүлсэн. Харин 2021 оны хоёрдугаар хагасыг Монголын PUBG Mobile-ийн залуу хүч Astra Academy үргэлжлүүлсэн бөгөөд олон улсын тэмцээнүүдэд удаа дараа өндөр амжилтыг гарган Stalwart Esports organization-ийн дор тоглох болсон. Улмаар оны эцэст Монголчууддаа өөрсдийн цаг үе ирсэнийг нотлон харуулж PUBG Mobile Global Championship тэмцээний эрхийг Монгол улсаас ганцаараа авлаа. Энэ нь мэдээж 2021 оны дэлхийн аваргад Монгол түмнээ нэг дор нэгтгэж, олимпийн алтан медалийн дайтай баясгаж чадсан Zeus-ийн амжилтыг жил алгасалгүй үргэлжлүүлнэ гэсэн дохио байлаа.

Үүнээс гадна олон улсын тавцанд амжилт гаргаж буй D13 Esports, Renewal, Checkmate, IHC Esports, Seal, Kobolds, The Black Company, Aravt гээд дурдаад дуусашгүй Монгол баг тамирчдаа онцлохгүй байхын аргагүй байлаа. 2022 оны та нарын жил байх болно залуусаа!

May be an image of 2 people and airplane

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img