Лхагва, 10 сар 27, 2021
top banner

DOTA, CSGO, PUBG төрлүүдийг Монголд хаах тухай хүсэлтийн алдаатай фактуудыг онцлох нь

Цагдаагийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Будзаан өнөөдөр ЦЕГ болон СЭМҮТ хамтран харилцааа холбооны зохицуулах хороонд DOTA2, PUBG, CSGO тоглоомуудыг Монголд хориглох тухай хүсэлтийг илгээсэн мэдээлэл цахим орчин тарав. Асуудлыг шийдэж чадахгүй болох үедээ бурууг өөр зүйлээс хайдаг, амьгүй биетэд бурууг тохдог, түүнд шийдэл хайхаасаа урьтаж хааж боох л гэдэг зүйл толгойд нь орж ирдэг байдал ээлжит удаа харагдав. Энэ талаасаа энэхүү логикгүй мэдэгдэл, худал фактууд нь олон хүний эгдүүцлийг хүргэв. Тэгвэл манай сайтын зүгээс тус мэдэгдэл, ярилцлагын үеэр дурдагдсан худал фактууд, зөрүүтэй ойлголтуудыг онцолж сөрсөн асуултуудыг тус хүсэлт гаргагчдад гаргаж байна.

“БНСУ, Япон, БНХАУ улсуудад DOTA2, CSGO, PUBG Mobile гэсэн төрлүүдийг хориглосон” гэдэг мэдээлэл худлаа

DOTA2, PUBG, CS:GO тоглоомуудыг хориглох хэрэгтэй гэсэн мэдээллийг гаргасан эрхэм үүнийг онцлохдоо олон улсын жишиг байдаг хэмээн ярив.

Д.Будзаан: “Дээрх тоглоомыг гадаадын бусад орнуудад хэрхэн хязгаарлаж, зохистой хэрэглээг бий болгож байгаа талаар судлахад Энэтхэг, Япон Ирак, Пакистан, БНХАУ, БНСУ-ууд энэхүү тоглоомыг бага, өсвөр насны хүүхдэд аюултай, хэт их цус асгаруулсан, харгислал харуулсан, донтуулах шинж чанартай, тэдний бие, оюун санаанд сөрөг нөлөөтэй, улсын эрх, батлан хамгаалах, аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзээд хориглосон байна” гэж ярьсан ч дээрх мэдээллүүд худал мэдээлэл байлаа.

Учир нь Япон, Хятад, Өмнөд Солонгос улсуудад тус төрлүүдийг хориглох нь байтугай үндэсний хэмжээнд дэмждэг. Хятад улсын хувьд DOTA2 төрөлд дэлхийн хамгийн олон тоглогчтой, тамирчидтай, хамгийн том тэмцээнийг өөрсдөө зохион байгуулдаг гүрэн юм. Үүний жишээ нь The International тэмцээн бөгөөд 2019 оны тэмцээн БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдаж Шанхай хотын барилгууд дээр DOTA2 багуудын логог лед дүрс байдлаар тэмцээний өдрүүдэд орой болгон гаргаж байлаа. Мөн дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн клубуудын нэг PSG баг Хятадын LGD DOTA2 багтай хамтран ажилладаг гэдгийг онцольё. Цаашлаад дээр дурдсан TI тэмцээнийг Perfect World хэмээх Хятадын групп компани зохион байгуулсан бөгөөд Шанхай хотын удирдлагуудын зүгээс бүрэн дэмжлэг үзүүлсэн байна.

Мөн PUBG Mobile-ийг Хятад улсад хорих ямар ч үндэслэл байхгүй бөгөөд угтаа бол тухайн тоглоомын эрхийг эзэмшигч байгууллага нь Tencent юм. PUBG Mobile-ийн том тэмцээнүүд, хөгжүүлэлтүүд бүгд Хятад улсаас хийгддэг зохион байгуулагддаг тул тухайн улсад хориглосон гэсэн гэдэг нь мөн л худал.

Was Dota 2's TI9 Shanghai Skyline image real? Opening Ceremony highlights  and more - Dexerto
БНХАУ, Шанхай хот. 2019 оны 8-р сар. Шанхай хотын барилгууд дээр DOTA2-ийн багуудад хүндэтгэл үзүүлж буй нь.

Мэдэгдэл хийсэн эрхмийн дурдсанаар БНСУ буюу Өмнөд Солонгосын хувьд PUBG-ийг хорих нь байтугай тухайн тоглоомыг анх бүтээсэн газар нь бөгөөд 2017 онд Өмнөд Солонгосын Krafton-оос PUBG-ийг анх компьютерийн хувилбараар олон нийтэд танилцуулж байсан юм. Тиймээс БНСУ-д хорьсон гэдэг мэдээлэл мөн л худал. Цаашлаад Өмнөд Солонгос нь esport-ийн, gaming талыг үндэсний хэмжээнд дэмждэг улс бөгөөд League of Legends тоглоомын топ багууд бүгд Солонгосын толгой групп компаниудын нэр дор харъяалагддаг.

Энэ мэтчлэн та бүхэн хэрвээ өөрсдийн үзэл бодлоороо шийдвэр гаргах гэж байгаа бол ядаж олон улсын жишиг, олон улсад нотлогдсон зүйлс хэмээн худлаа ярьж мэдээлэлгүй хүмүүсийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсмээр байна. Мөн олон нийт эдгээр мэдээллүүдийг интернэтээс хайгаад үзчих хангалттай хэмжээний анхан шатны мэдлэг, гадаад хэлтэй учраас худал мэдээллийг цагдаагийн ерөнхий газар, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргаж буй нь харамсалтай.

Цахим тоглоомын хүчирхийлэл, гэмт хэргийн шалтгаан болж байна гэсэн үндэслэлээ баталсангүй

Ярилцлагын туршид хошууч маань ЦЕГ, СЭМҮТ-ийн судалгаа гэсэн үгсийг олон дурдсан бөгөөд та бүхэн нийтлэлийг уншвал тоглоомуудыг хорих гол үндэслэл нь цахим тоглоом хүчирхийллийн гол шалтгаан болж байна, гэмт хэргийн сэдэл үүсгэж байна, хүүхдэд хулгай дээрэм хийх, хүмүүжил төлөвшилгүй болох гол шалтгаан болж байна гэдэг дүгнэлтүүд байв. Түүнийгээ ч тун зоригтойгоор судалгаан дээр үндэслэсэн гэж дурдав.

Д.Будзаан: “Цагдаагийн ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран “2018-2020 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийг судлахад цахим тоглоом, дэлгэцийн донтолтын улмаас болон эцэг, эхийн хараа хяналт сул байдлаас үүдэн бусдын эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх, залилан мэхлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ихэвчлэн үйлддэг гэсэн дүгнэлт гарсан.” хэмээн ярьсан.

DOTA, CSGO, PUBG төрлүүдийг Монголд хаах тухай хүсэлтийн алдаатай фактуудыг онцлох нь 279863 03062021 1622690973 1128411278 budzaan2
ЦЕГ, СЭМҮТ хамтран PUBG, DOTA2, CSGO төрлүүдийг Монголд хориглох хүсэлт гаргав

Эдгээр болон бусад онцолсон дүгнэлтүүд, судалгаа, материалын агуулгуудыг цахим орчинд хайн үзэхэд хаана ч уг материалууд байсангүй. Үнэхээр энэ тоглоом нь ингэж нөлөөлсөн гэдэг нь үүгээр батлагдсан гэсэн ч нэг ч нотлох баримт, үг үсэг, судалгааны материал цагдаагийн ерөнхий газрын, СЭМҮТ-ийн цахим хуудсууд вебүүдэд байсангүй. Зөвхөн ингэж нөлөөлж байна гэсэн үзэл бодол гэмээр мэргэжилтнүүдийнх нь амаар хэлсэн ярианууд л байв. Нэг ч нарийн судалгаа, судалгаа хэрхэн хийгдсэн, ямар баримтууд дээр суурилсан, ямар тоонуудыг барьсан тухай баримт алга. Зөвхөн өөрсдийн хар ухаанаар, толгойд орсоноороо шийдсэн үү гэлтэй үгсээс өөр нотлох баримт байсангүй.

Цаашлаад олон улсын хувьд харах юм бол тоглоомонд донтох гэсэн эмгэгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага өвчин гэж бүртгэснээс өөрөөр ямар нэгэн баримт алга. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр олон улсын ямар ч байгууллага эдгээр тоглоомоос болоод хүмүүс гэмт хэрэг үйлдэх сэдэл төрдөг, эдгээр тоглоомуудаас болоод дээрх сөрөг нөлөөллүүд гарч байгаа гэсэн тайлан, баримтууд байсангүй. Тэр ч утгаараа олон улсад эдгээр тоглоомыг хориглосон тохиолдол бараг байдаггүй. Энэтхэг, Пакистан улсад л PUBG Mobile-ийг хорьсон байдаг бөгөөд Өмнөд Солонгос, Хятад улсууд тус тоглоомуудыг тухайн улсад хориглох нөхцөл байхгүй гэдэг дээр маргалдсаар буй.

Гэхдээ дээрх үндэслэлүүд мөн л хүмүүсийн итгэлийг төрүүлэхүйц байсангүй. Та бүхэн ярилцлагыг бүтэн уншвал тухайн тайлангуудын нэг ч холбогдох материал нь байхгүй, тухайн судалгаанууд хэрхэн хийгдсэн, яаж нотлогдсон зэрэг яриа логик холбоос байхгүй. Угтаа бол хэн ч ийм өгүүлбэрийг хэлээд мэргэжилтний тайлбар, судалгаа, факт гэж хэлж болно. Үнэхээр судалгаа, факт хөдлөшгүй үнэн юм бол аливаа логик үндэслэлтэй, холбоостой, судалгааны үндэслэлтэй, тоо баримттай, тодорхой бодит кэйсүүдтэй, тэдгээр нь шинжлэх ухааны хувьд хэрхэн нотлогдож байгаа зэрэг бодитойц байх ёстой. Гэтэл зүгээр л худал баримтуудыг эвлүүлээд түүнийгээ судалгаа, олон улсын жишиг гэж яриад байж болохгүй шүү дээ гэдгий онцлох нь зүйн хэрэг болов уу.

Бусад тоглоомуудыг яах вэ?

Мэдэгдэлд зөвхөн PUBG, DOTA, CSGO гэсэн тоглоомуудыг онцолсон байлаа. Тэгвэл Rainbow Six Siege, Call Of Duty, League of legends, Apex Legends, Valorant, Street Fighter, Tekken зэрэг тоглоомуудыг дурдаагүй бөгөөд эдгээр тоглоомууд бол тоглоход эрсдэлгүй гэсэн дүгнэлт гарсан бололтой. Учир нь дээр дурдсан тоглоомууд мөн л тулааны шинжтэй, бие биенийгээ алдаг, устгадаг агуулгатай тоглоомууд. Гэвч судалгааны багийнхан сургаар судалгаа хийсэн гэмээр зөвхөн гурван тоглоомыг л хорих хүсэлт гаргав. Бусад тоглоомуудыг тоглох нь нээлттэй юм бол энэ шийдвэрээр Монгол улсад хүчирхийлэл буурах үндэслэл юу билээ гэдэг асуулт ургана. Тэгэхээр энэ хүсэлт өөрөө ямар ч логик дагуулахгүй байгаа нь харагдана.

Гэтэл олон улсын олимпийн хороо esport-ийг удахгүй олимпийн төрөлд бүртгэж магадгүй нөхцөл байдал үүсгээд байгаа. Үүнд тулааны шинжтэй буюу Street Fighter тоглоом нь багтчихсан Tokyo 2020 зуны олимпийн өмнөх тест буюу медалийн бус төрлөөр орчихсон байна. Олон улсын хувьд тулааны шинжтэй тоглоомыг хүний сэтгэцд муугаар нөлөөлж хорино гэсэнгүй, бүр олон нийтэд үзүүлэх төрөл болгон олимпийн нэг хэсэг болгов. Цаашлаад өнөөх gaming-ийг хорьсон улс гэж Будзаан хошуучийн онцолсон Япон улс нь тус төрлийг улсдаа дэмждэг бөгөөд ийнхүү олимп руу нэг хэсэг болгохоор зохион байгуулж байгаа юм.

Intel World Open Street Fighter V Series | Esportz Network
Intel World Open энэ оны 7 сард олимпийн нээлт байдлаар Street Fighter, Rocket League төрөлд зохион байгуулагдах гэж байна

Хориглосон ч эрэлт нь байгаа бол арга зам нь гарч ирсээр байх болно

Аливаа зүйлийн хариултыг хаах, боох, хориглох гэдэг байдлаар шийддэг нь хэзээ болих вэ? Хэрвээ үнэхээр бүх зүйлийг хаагаад хориод л шийдэгдчихдэг байсан бол энэ дэлхий дээр хүн төрөлхтний шийдэж болох асуудал гэж үлдэх билүү?

Асуудлыг гаргалгаа олж, учир шалтгааныг олж, нотолж шийддэг учраас тухайн асуудлыг шийдэх хороо, яам, байгууллага, эвлэл, эвсэл, бүлэг байгуулагддаг. Өвчин гарвал хэзээ ч битгийг гэрээсээ гар тэгвэл тусахгүй гэж шийддэггүй. Түүний эсрэг вакцин гаргаж авч, эм, эмчилгээг нь олж ялан дийлж шийддэг. Аливаа олон улсад тулгамдаж буй асуудлыг шийдэхээр маш олон эрдэмтэд, судлаачид ажиллаж олон жилийг зарцуулдаг. Гэтэл манай бүх асуудлын хариулт нь амьгүй зүйл бөгөөд түүнийг нь буруутгаад тухайн зүйлийг хорих байдлаар асуудлыг шийдэх гэж үздэг нь ямар бүдүүлэг зүйл гэдгийг та бүхэн харж байна.

Үнэхээр олноороо татагдаад байгаа бол тэнд эрэлт байна гэсэн үг. Эрэлтийг шууд хаалаа ч далд байдлаар оршин тогтносоор л байна. Хариулт бол ердөө л амархан. VPN хэрэглээд л бүгд хориглосон ч тоглочихно. Харин үүний үр дүнд тухайн төрөлд амьдралаа зориулж байгаа боловсон хүчнүүд, тамирчид, багууд л хохироод дуусна. Чадварлаг залуус нь улсаа орхихоос өөр аргагүй болно, амжилттай ирээдүйтэй багууд нь амжилтаараа алдагдсан боломжоор хохироод дуусна.

Манай улсын бүх шийдвэрүүд ямар ч судалгаагүй, энэ мэтчлэн судалгаа олон улсын жишиг гэж худлаа ярьдаг, тэрийг нь шалгахаар бүр эсрэгээрээ байдаг байдал хэзээ арилах вэ? Логикгүй шийдвэрүүдээс болж хохирч дуусдаг нь хэзээ зогсох вэ? Хүний эрхийг хэзээ хүндэлдэг болох вэ?

Бид бүгд esport-ийн гэр бүл, gamer-үүд. Бид Gamer гэдгээрээ бахархдаг.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img