Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Clubhouse: MESA Монголын цахим спортын хөгжлийн талаар юу хэлэлцэв?

Өчигдөр МESA буюу Монголын Электрон Спортын Холбооноос Clubhouse дээр “MESA Монголын Цахим Спортын Хөгжил” сэдвээр Монголын цахим спортын талбарт ажиллаж буй мэргэжилтнүүд санал бодлоо хуваалцлаа. Үүнд түлхүүтэйгээр MESA-ийн удирдлагууд буюу удирдах зөвлөлийн гишүүд оролцсон бөгөөд холбооны талаар олон нийтэд мэдээлэл өгч шинэ санаачлагуудын талаар хүмүүсийн саналыг сонссон юм.


Ингээд та бүхэндээ уг хэлэлцүүлгийн үеэрх онцлох яриануудыг түүвэрлэн хүргэж байна.


MESA-ийн ерөнхийлөгч Г.Эрдэнэчулуун: “Бидний хувьд аль болох мэргэжлийн тамирчид олноор боожин гарах орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Одоогоор MESA Pro Series цувралыг эхлүүлээд өмнөх оны 12 сарын сүлд хоёр тэмцээн, энэ оны эхэнд нэг тэмцээн зохион байгуулсан. COVID-ийн нөхцөл байдлаас болж өнгөрсөн жил тоотой хэдэн тэмцээн зохиосон бол энэ жилийн хувьд харьцангуй юмс жигдэрч байгаа тул энэ мэтчлэн шахуу хуваариар маш олон тэмцээн зохиохоор төлөвлөөд байна. Энэ сард CS:GO Pro Series #2 болох байсан ч хөл хорионоос болоод хойшлоод байгаа. Хорио тавигдангуут шууд тэмцээнүүд үргэлжлээд явна.”


MESA-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхжаргалан: “Өмнөх жилүүдэд бид MESA-аас хоёр ч удаагийн нилээд өргөн цар хүрээтэй эвент зохион байгуулсан. Нэг нь төв цэнгэлдэх хүрээлэнд XMF-ийн үеэр MESA Pro Series Grand Final зохион байгуулж байлаа. Тухайн үед мөн оддын showmatch болж Ginjin, Lil Thug-E, Tsetse тэргүүтэй олон уран бүтээлчид esport-ийн хөдөлгөөнд нэгдсэн байгаа.

Clubhouse: MESA Монголын цахим спортын хөгжлийн талаар юу хэлэлцэв? DSC01724
Төв Цэнгэлдэх Хүрээлэнд – Counter Strike 1.6-ийн шоуматч, CS:GO-ийн мэргэжлийн тамирчдын финалын тоглолт явагдав


“Мөн өнгөрсөн онд Zaisan Hill Event Hall-д Electronic Sports Festival-ийг амжилттай зохион байгуулж нэг дор 1000 гаруй фанатуудыг цуглуулж чадсан байгаа. Тухайн үеэр Vandebo, Choi Joo, Kai, AM-C зэрэг олон уран бүтээлчид манай showmatch-д оролцсон. Цаашдаа хөл хорио тавигдангуут энэ мэтчлэн том арга хэмжээнүүдийг esport-ийн хүрээнд төлөвлөөд байна даа.”

Clubhouse: MESA Монголын цахим спортын хөгжлийн талаар юу хэлэлцэв? 53751C2A 6083 4724 AE36 1907E15AF339
Esports Festival – Celebrity Showmatch – Ebo&AM-C

Esport-ийн экосистем Монголд дөнгөж бүрэлдэж эхэлж байгаа гэж хэлж болох байх. Тэгвэл яг энэ эгзэгтэй мөчид бид юун дээр гол анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ?


MESA-ийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтүвшин: “Esport-ийг хамгийн гол хөдөлгөж байгааа зүйл нь спонсоршип болов уу. Дэлхий даяар esport-ийн эргэлдэж буй мөнгөний 69%-ийг нь спонсоршип бүрдүүлж байна гэсэн тооцоо бий. Тэгэхээр Монголд яаж спонсоршипийг илүү өргөжүүлэх вэ гэдэг дээр анхаарч, нэмэгдэх тусмаа оролцогч талууд тогтвортой үйл ажиллагаа явуулахад түлэхц болно гэж бодож байна.”


MESA-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Esportsnewsmn-ийн үүсгэн байгуулагч Ю.Ариунзаяат: “Хуулийн заалт маш чухал болов уу гэж бодож байна. Мэдээж юу юугүй маш том дэмжлэг гэхээсээ илүү зүгээр л хуулийн нэг заалтан дээр “цахим спорт” гэсэн үг орчиход л маш олон зүйл өөрчлөгдөнө гэж бодож байгаа. Ийм зүйлсээс л маш олон зүйл өөрчлөгдөх, сайжрах эхлэл тавигдах болов уу.”


The MongolZ багийн үүсгэн байгуулагч Л.Түвшинбилэг: “Анх The International гээд сая долларын шагналын сантай тэмцээн болдог гэж интернэтээс хараад, цахим спортын баг байгуулъя гэж бодсон. Тэгээд шууд DOTA2, CS:GO төрлүүдээр баг байгуулж хамгийн сайн тоглогчдыг л цуглуулсан даа. Гэтэл DOTA-аараа биш CS:GO-ийн баг маань азийн аварга болж IEM Taipei тэмцээнд аваргалж чадсан. Тухайн үед одоогийнх шиг ийм боломжуу байгаагүй. Өөрсдөө л яаж тэмцээнд оролцох, яаж гадагшаа явахав гээд бүх юмаа өөрсдөө болгодог байсан. Одоо харин сая гэхэд л Zeus Clan хөл хорионы үед гадагшаа явах болоход MESA буюу холбооноос нь бүх юмыг нь бэлдэж өгөөд, гадагшаа явах хүсэлтийг нь төрийн байгууллагууд руу илгээгээд багаа явуулчихаж байна. Ер нь одоо бол өмнөхийг бодвол хамаагүй их боломжууд нээгдчихсэн гэж харж байгаа.”


“Мөн тоглогчдын холбоо гэж байгуулах ёстой юм болов уу гэж бодож байгаа. Аль ч спортод, аль ч улсад албан ёсны холбооны дэргэд тоглогчдын холбоо гэж байдаг. Үүгээр тамирчид өөрсдийн үзэл бодол, болж байгаа болон болохгүй байгаа зүйлсээ илэрхийлж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалдаг. Цаашлаад тамирчид тоглогчид болон холбоо гээд олон харилцааг албажуулах боломжтой.”


Мөн энэ үеэр Zeus Clan багийн менежер Эрдэмхишиг болон багийн аналист Ronin нар MESA буюу Монголын Электрон Спортын Холбоо Zeus Clan багийг Дубай хотноо болсон дэлхийн аваргад оролцоход маш их туслалцаа үзүүлж, тэмцээнд оролцох боломжуудаар хангасанд талархсанаа илэрхийлсэн юм. 


MESA-ийн зүгээс Монголын esport дахь оролцогч талуудыг хэрхэн нэг “шүхрийн” дор байлгах вэ? Тал талд өөр өөрсдийн ашиг сонирхлыг хөөгөөд явчихвал esport дахь боломжууд, хөгжил зэргээ хуваачих юм болов уу?


MESA-ийн ерөнхийлөгч Г.Эрдэнэчулуун: “Бид заавал бүх үйл ажиллагааг удирдан явуулна, бүх газруудыг хамруулж авч явна гэсэн бодол байхгүй. Мэдээж хамтын ажиллагаа, нийлээд хийх, бие биендээ нөлөөлөөд явах юмнууд дээр үргэлж нээлттэй. Угаасаа ч хамтын ажиллагааны хүчээр л бид хамтдаа урагшлах учиртай. Гэхдээ тал талд нь хүмүүс юм хийж буй нь сайшаалтай. Esport өөрөө дотроо хоорондоо өөр өөр маш олон төрлүүдтэй учраас тэр бүрт нь чаддаг мэддэг залуус нь юм хийгээд, хөгжүүлээд явж байх нь асуудалгүй гэж бодож байна. Холбооны хувьд ч гэсэн бүх төрлүүд дээр удирдаад, бүх төрлүүдийг ижил тэнцүү авч явна гэдэг нөөц бололцооны хувьд жаахан учир дутагдалтай. Тиймээс залуус дор дороо өөр өөрсдийн чадахаар хөрөнгө оруулаад, тал талд үүсгэсэн үнэ цэнээрээ нэгдэж юм хийвэл илүү үр дүнтэй болов уу гэж хувь хүний хувьд боддог.”


MESA аль төрлүүд дээр илүү анхаарал хандуулах гэж байна вэ? Дэлхийд тренд төрлүүдийг хөөгөөд байдаг, гэтэл өөр шинэ төрлүүд гарч ирээд бид хоцорчихвол яах билээ?
MESA-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Амаржаргал: “Мэдээж шинээр гарч буй төрлүүдийн талаар мэдээлэлтэй байж, өөрсдийн боломжуудаа судалж байх нь зүйтэй. Гэхдээ хаана бүүм болж байна гээд шинэ төрлүүд рүү хүчээ хаяаад байвал жаахан эрсдэлтэй. Хэчнээн өндөр шагналын сантай, хүмүүс шуурч байгаа гээд ирээдүй esport-ийн төрөл гээд шууд харвал өрөөсгөл. Тиймээс аль болох аль төрлүүд ирээдүйтэй байна, манай улсын тоглогчдын нөөц бололцоо зэргийг бодолцон бодлогоо гаргах нь зүйтэй болов уу.”


Clubhouse дээр байгууллагуудын маркетерууд олон байгаа байх, мөн esport-ийн салбарыг сонирхож байгаа хүмүүст хандан яагаад esport-ийн салбарт хөрөнгө оруулах хэрэгтэйг тайлбарлаж болох уу?


MESA-ийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтүвшин: “Юуны өмнө байгууллагуудад хандаж хэлэхэд байгууллага дотроо esport-ийн тэмцээн зохион байгуулах нь esport-ийн цар хүрээг тэлэх нэг боломж гэж харж байгаа. Өмнө нь MCS дотоодын тэмцээн хийхэд манай MESA их туслалцаа үзүүлсэн. Харин маркетингийн албаныханд хандаж хэлэхэд esport маш ирээдүйтэй салбар учраас одоохондоо худалдан авалтын чадвар тийм өндөр биш ч ирээдүйн худалдан авагч болон ирээдүйн хэрэглэгчээ бэлдэж байгаа хэрэг юм болов уу гэж бодож байна.”

Clubhouse: MESA Монголын цахим спортын хөгжлийн талаар юу хэлэлцэв? DSC3719
2020 онд Esports Festival-ийн үеэр #ThingsHaveChanged хэлэлцүүлэг явагдаж байлаа


Мөн MESA-ийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Бөртэ-Үжин COVID-19 цар тахал, хөл хориотой холбоотойгоор цахим спортын төвүүдийн нөхцөл байдлын талаар үзэл бодлоо хуваалцав. Түүний удирддаг The Lof франчайз төвийн хувьд өнгөрсөн онд маш олон ажлыг төлөвлөж байсан хэдий ч цар тахал, хөл хорио зэргээс хамааран ихэнх нь биеллээ олж чадаагүй талаар онцлов. 

Clubhouse: MESA Монголын цахим спортын хөгжлийн талаар юу хэлэлцэв? us elchin dr
2020 онд Монголын Esport-ийн төлөөллүүд АНУ-ийн элчин сайдын яамаар зочилсон билээ. Зурган дээр: Dobu, Бөртэ-Үжин, Мөнхчулуун, Эрдэнэчулуун


Цаашлаад холбооны дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин MESA ойрын жилүүдэд DOTA2, CS:GO, Mobile Gaming, Console гэсэн комиссуудад хуваагдан илүү нарийвчилсан байдлаар төрлүүдэд анхаарал хандуулна гэдгийг мэдэгдлээ. Түүний хувьд одоогоос 10 жилийн өмнө Монголоос анх удаа DOTA төрөлд олон улсын тэмцээнд шигшээ баг хилийн чанадыг зориход уг багийг удирдан явж байсан талаараа түүхээсээ хуваалцав. Цаашлаад тэрбээр ирэх онуудад MESA-ийн DOTA2 төрлийг тусгайлан хариуцаж уг төрөлд дэлхийн өрсөлдөх олон улсын багуудыг гаргаж ирэхэд ихээхэн анхаарал хандуулах талаар мэдэгдэв. 
Уг хэлэлцүүлгийг хоёр долоо хоногт нэг удаа илүү нарийн, тогтсон сэдвийн дор явуулж, олон талын санал бодлыг хуваалцаж байх талбар болгоё гэсэн санаачлагыг холбооны удирдлагуудын зүгээс гаргаснаар тус оройн хэлэлцүүлэг өндөрлөлөө. 

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img