Dreamhack Open Asia, MESA Pro Series Finals зэрэг том тэмцээнүүдэд дараалан финалд үлдсэн ч аль алинд нь Renewal багт 3:0-ийн харьцаатайгаар ялагдаад байсан Checkmate баг бүрэлдэхүүний өөрчлөлтөд орох нь тодорхой болоод байсан билээ. Багийн үүсгэн байгуулагч, ахлагч Kaz бүрэлдэхүүнийг орхиж зодгоо тайлахаа зарлаад байсан бөгөөд түүнийг хэн орлох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байлаа.
Тэгвэл Kaz-ийг даган H4wk үндсэн бүрэлдэхүүнээс гарсан нь ил болж шинэ бүрэлдэхүүн зарлагдлаа. Багийн брэнд, лого шинэчлэгдсэнтэй зэрэгцэн багийн шинэ бүрэлдэхүүнд hasteka, cool4st нар нэмэгдсэн байна. Өмнө нь Checkmate-д хэсэг хугацааг өнгөрөөж байсан cool4st ийнхүү дахин бүрэлдэхүүндээ эргэн ирлээ. Харин hasteka Checkmate-д анх удаа орж байгаа юм.

Хоёр тоглогч аль аль нь Монголын олон том багуудад тоглож байсан. Гэвч аль нь ч урт хугацаанд багтаа байж чадаагүй бөгөөд үргэлж бүрэлдэхүүний өөрчлөлтөөр тухайн багаа орхиж байлаа. Энэ удаа хамтдаа Checkmate руу орсон нь сонирхолтой үйл явдал болж байна. cool4st, hasteka нар хамгийн сүүлд Aravt баг руу орж, MESA Pro Series Finals тэмцээнд хамгийн сүүлийн байранд орсон юм.
Hasteka анх nin9-ийн хамтаар The MongolZ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан ч өөрийн хүсэлтээр багийг орхиж байв. Үүний дараа хэд хэдэн багт тоглосны дараа Machinegun-ийн тоглож байсан Хятадын Eclipse багт туршилтаар харъяалагдаж байсан. Гэхдээ тодорхой үр дүнд хүрээгүй. Дараа нь Machinegun Монголд ирсэн даруй Mazaalai багт харъяалагдаж MESA League-ийн эхний шатуудад тоглосон билээ. Гэвч удалгүй багаа орхиж, өрсөлдөгч D13 баг руу нь шилжиж тэмцээний аваргыг хүртсэн. Гэсэн ч тэмцээний аварга авсанаас хэдхэн хоногийн дараа мөн л багаа орхисон. D13 түүний хамгийн амжилттай он сарууд байсан бөгөөд түүнээс хойш амжилтыг олж чадахгүй байсан юм.
Cool4st-ийн талаас гэвэл тэрбээр анх LAN Esports багийн нэрээр олонд танигдсан. Авъяаслаг залуу тоглогч үүний дараа Born In Mongolia, Go On, Checkmate, Tiger, Aravt зэрэг багуудад харъяалагдаж байсан ч маш хурдан багаа орхидог. Checkmate багт хоёр ч удаа харъяалагдаж байсан ба ийнхүү гурав дахь удаагаа багийн үндсэн бүрэлдэхүүнд орж байгаа нь энэ. erkaSt, ncl нар гарсан даруйд Tiger-т орсон нь түүний хувьд хамгийн том боломж нь байсан ч багийн бүрэлдэхүүнд удаан тэсч чадаагүй.
Ямартай ч чадварын талаас Монголд маш удаан өндөр үнэлэгдэж буй хоёр тамирчин bLitz, Techno, bart4k нар дээр нэмэгдлээ. Гэхдээ сахилга бат, тогтвортой байдал, мэргэжлийн тал дээр олон нийтийн талаас эргэлзээ төрж буй нь ойлгомжтой. Энэ бүхний эргэлзээг тайлж, дахиад л өнөөх “цувралаар” том багуудыг хэсэлгүй эндээ тогтвортой тоглож амжилтад хүрэх нь hasteka, cool4st нарын даалгавар болж байна.