Лхагва, 5 сар 25, 2022
Бусад

    Цахим спортын 1-2 төрөл олимпод орох боломжтой.

    Үзэгчид, төрлүүд, хамрах хүрээ, технологийн давуу тал нь цахим спортыг их спорт болгож олимпийн хөтөлбөрт орох тухай яриа гарсаар л байна.

    Видео тоглоом цахим спорт болон хөгжөөд хорь гаруй жил болжээ. Үзэгчдийн залуу нас, тоглоомын төрлүүд, мэргэжлийн болон сонирхогчдыг хамрах хүрээ, технологийн давуу тал, хил хязгааргүй хүртээмж, хөгжлийн хурд, ивээн тэтгэгчид, дэмжигчдийн тоо нэмэгдэж байгаа гээд олон талаараа их спорт болох нь тодорхой. 

    Хэдийгээр цахим спортын салбарын зарим нөлөө бүхий хүмүүс “өөрсдийн гэсэн үзэгч хөгжөөн дэмжигчид хангалттай, олон тэмцээнүүд, өндөр шагнал байгаа болохоор бидэнд хэрэггүй” гэдэг ч миний хувьд Олимпод орох ёстой гэдэг байр суурьнаас энэхүү тайлбарыг хүргэж байна. 

    олимп
    Image: IOC

    Яагаад цахим спорт Олимпийн хөтөлбөрт орох ёстой вэ? 

    • Өнөөгийн хүүхдүүд бөмбөг тоглож сурахаасаа өмнө компьютерийн гар, утсан дээрээ ажилладаг болжээ. Хурд, хүч, хөдөлгөөнийг спортын үндсэн шинж гэсэн ойлголт өөрчлөгдөж, чадвар гэдэг зүйл нэмэгдлээ. Тэгвэл цаашдаа энэхүү чадварыг зөв зохистойгоор хөгжүүлж, бүгдэд ойлгомжтой болгосноор цахим спортыг хүлээн зөвшөөрүүлнэ.
    • Цахим спорт нь олимпийн хөтөлбөрт орсоноор “gamer”-үүдийн дунд төдийгүй дэлхийд видео тоглоом гэдгээр бус СПОРТ гэдгээрээ танигдана.
    • Уламжлалт спортыг, дэлхийн улс гүрнүүдийг нэгэн дээвэр доор, нэгэн нэр доор цуглуулж чадсан Олимпийн тоглолтын уламжлал, арга туршлага, суурь, нэр хүнд, бий болсон бүтэц, дүрэм дээр тулгуурлбал үр дүн нь илүү хурдан гарна.
    • Цахим спортыг 2021 онд нийт 474 сая хүн үзсэн, 2024 онд 557 сая болно гэсэн тоог NewZoo-ээс гаргажээ. Цахим спортын үзэгчдийн дундаж нас 31, уламжлалт спортын үзэгчдийн дундаж нас 40-өөс дээш байгаа тул үзэгчдийн тоог нэмэх, хүртээмжийг тэлэх, зар сурталчилгааг зорилтот хэсэгт хүргэх шаардлагатай. ОУОХ 2032 он хүртэл comcast эзэмшилтэй NBCUniversal олон нийтийн телевизийн сувагтай 7.75 тэрбум долларын гэрээ хийсэн. 
    • Үзэгчдийн хувьд мэдээж залуу тул цаашид энэхүү демографикийг өөртөө татаж, шинэ залуу үзэгчдээр сэлбэх, технологит ойртох, дижитал шинэ эриний хүүхэд залуусыг ойлгодог болоход дөхөмтэй. 

    Цахим спорт нь олимпийн хөтөлбөрт орсоноор “gamer”-үүдийн дунд төдийгүй дэлхийд видео тоглоом гэдгээр бус СПОРТ гэдгээрээ танигдана.

    Ямар бэрхшээлүүд байна вэ?

    • Зуны хөтөлбөр 30-40 орчим төрлөөр, өвлийн хөтөлбөр нь арав гаруй төрлөөр явагддаг. Их Гурав болох Counter Strike: Global Offensive, DotA 2, League of Legends нь буудалцаантай, хүчирхийллийг илэрхийлдэг гэсэн шалтгаанаар олимпизмийн үзэл санаанд нийцэхгүй гэж үздэг. Буудалцаангүй, дэлбэлж шатаагаад байдаггүй маш олон тоглоомуудаас сонголтыг хэрхэн хийх вэ?
    • Дэлхий дээрхи нэг сая гаруй видео тоглоомууд спорт гэдэг нэршлийг авахын тулд хүчтэй өрсөлдөж, тоглоомын хөгжүүлэгч нар ч энэ чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Нийт тоглогчид үзэгчдийн дунд олонхийг дагуулж чадах тэр төрөл нь орох боломжтой. Гэхдээ аль нь?
    • Өнөөдөр хамгийн их эрэлттэй, тоглогч, үзэгч олонтой, дэд бүтэц нь бат бэх болж, эко систем нь сайн хөгжиж байгаа тоглоом дөрөв, найман жилийн дараа хэвээрээ байж чадах уу?
    • Хэрвээ цахим спортын аль нэгийг (title) сонгож чадахгүй бол MOBA, FPS, RTS, fighting, simulation гэх мэт ангилал дотроос сонговол ямар вэ?
    • Цахим (виртуал) төрөл рүү орж байгаа уламжлалт спортын төрлүүдээс сонгож болох ч үзэгчдийн тоо, хандлагат тэгтлээ их нөлөөлөх үү? 
    • Цахим спортын тамирчдын нас залуу ч карьерийн хугацаа бага, мэргэжлийн тамирчдын тоо өндөр байдаг зэрэг нь дөрвөн жилд нэг удаа болдог тоглолтонд тамирчин нэгээс хоёр удаа л оролцох боломжтой байх юм биш биз?
    • Багийн тамирчид (ихэнхи тохиолдолд) олон улсаас бүрддэг тул багийн эзэн орныг төлөөлөх үү, олонхи тамирчид тоглож байгаа орныг төлөөлөх үү?  
    • Тоглолтод орох багийг тухайн улсын Олимпийн Хороо нь тодруулдаг. Тэгвэл өнөөгийн байдлаар олон улсын түвшинд цахим спортын хувьд засаглалын шинжтэй. International Esports FederationGlobal Esports Federation энэхүү 2 байгууллагын аль нь шийдвэр гаргахад оролцох вэ?
    • Цахим спортын тэмцээний шагнал нь ивээн тэтгэгч, зар сурталчилгаа, хөгжүүлэгчдээс гаргасан маш өндөр мөнгөн шагнал байдаг бол, олимпийн шагнал нь медаль, түүнийг дагаж ирэх нэр хүнд, цаашдын ивээн тэтгэлт, зар сурталчилгааны эх үүсвэр болж, зарим улсын хувьд амжилттай оролцсон тамирчид улсаасаа өндөр цалин, шан харамж авдаг. Гэтэл энэ ялгаа тамирчдын хувьд хэрхэн нөлөөлөх вэ?
    • Уламжлалт спортоос ялгаатай нь тухайн тоглоомын зохиогчийн эрх нь хөгжүүлэгчдэд хадгалагдаж;тэмцээнийг зохиох, тэмцээний дүрэм журам, хэвлэл мэдээлэл нэвтрүүлгийн эрх, ивээн тэтгэгчид, зар сурталчилгааны бүхий л асуудлыг тоглоом хөгжүүлэгч буюу түүнтэй хатуу гэрээтэй гуравдагч этгээд хариуцдаг. ОУОХ тоглоом хөгжүүлэгчдийн хооронд ямар эрх зүйн харилцаа үүсч болох вэ?
    • Цахим спортын үзэгчид маш өндөр зардлаар аль нэгэн улс руу аялж тухайн тэмцээнийг үзэх огт шаардлагагүй. Тэд хаанаас л бол хаанаас тоглолтыг үзээд дасчихсан, өөрсдийн гэсэн платформтой, сүүлийн үеийн технологи metaverse орчинд ч үзэх боломжтой. Ямар аргаар тэднийг өрөөнөөс нь гаргаж, олимпийн цэнгэлдэхэд авчрах вэ?
    • Шийдвэр гаргагч нарын ихэнхи дижитал орчинд өсөөгүй тул өнөөгийн дижитал хүүхдүүдийг тэдний хэмжээнд хүртэл ойлгож, цахим спортыг хүлээн зөвшөөрхөд бэлэн үү?
    Цахим спортын 1-2 төрөл олимпод орох боломжтой. animajor

    Ямар арга замууд байж болох вэ?

    • Зөвхөн ОУОХ төдийгүй улс орнууд цахим спортыг СПОРТ гэдгийг хүлээн зөвшөөрөх;
    • Тоглолтын төрлийн хувьд уламжлалт спортоос цахим спорт болж байгаа тэр төрлүүдийг сонгох уу, шинэ үзэгчид, шинэ урсгал, шинэ технологи, эко систем, дэд бүтцийг бий болгож технологид тулгуурлах уу гэдгээ шийдэх;
    • Тоглоомын хөгжүүлэгчид маш их давуу эрхтэй өнөөгийн нөхцөлд нэг хөгжүүлэгчийн 1-2 тоглоомыг эхэлж суурьшуулан туршлага, дэд бүтэц, эко системээ бүрдүүлэх;
    • Энэ бүгдэд хугацаа хэрэгтэй ч, цаг нь болоогүй гэдэг шалтгаанаар хугацаа алдах,  алдах хугацааг угтаж үйлдэл хийхээ шийдэх;
    • Олон Улсын Олимпийн Хороо нь олон жилийн түүхтэй, бат бэх тогтсон дэд бүтэцтэй, тухайн улсынхаа засаг захиргааний нэгжтэй давхардсан засаглалын хэлбэртэй байдаг, шинэ спортыг олимпийн тоглолтод оруулахын тулд ОУОХ-ны хүлээн зөвшөөрсөн Олон Улсын Холбоод (IF- International Federation) 8-4 жилийн өмнө санал хүргүүлж, энэхүү саналыг Олимпийн тоглолтыг зохион байгуулах комисс 100 хувийн саналаар шийддэг тул ОУОХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах, эсвэл дээр дурдсан цахим спортын 2 байгууллагаас аль нэгийг нь хүлээн зөвшөөрөх;
    • Үзэгч, залуучуудыг ихээр татахын тулд зөвхөн тэмцээн гэлтгүй DreamHack, TwitchCon, GameDev шиг олон төрлийн арга хэмжээ, худалдаа, зар сурталчилгааг виртуал арга хэмжээ, метаверс орчинд ч болов хийж шинэ хуучин үзэгчдийн сонирхлыг татах. 
    • Технологи, дижитал хэвлэл мэдээллийн хэрэгсэл, метаверс, виртуал орчин гэх мэт сүүлийн үеийн аргачлалыг бүрэн ашиглах;
    • Олимпийн хөтөлбөрт оруулахад, дээрхи олон асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа бол Олимпийн тоглолтын дээвэр доор  Парaлимп гэдэг шиг Цахим Спортын Олимп гэж зохиож болох юм. 

    Цахим спорт, олимпийн тоглолттой жишээг дурдахыг хүсч байна. 

    2020 оны Токиогийн зуны Олимп цар тахлын улмаас хойшилж 2021 оны 7-р сарын 23-нд эхэлж, нийт 33 төрлөөр 339 медалийн төлөө уралджээ. Энэ удаагийн тоглолтонд карате, surfing, skateboarding, sport climbing гэсэн шинэ төрлүүд, сагсан бөмбөг, softball төрөл эргэн хөтөлбөрт орсон. 

    Токиогийн олимпийн өмнө цахим спортын Zwift- цахим дугуйн уралдаан, Virtual Regatta Inshore-цахим завины уралдааныг виртуал орчинд зохиохоор зарлаж, дэлхийн 95 орны 11 мянга гаруй тоглогчид 500 мянган долларын шагналын сантай Street Fighter V,  Rocket League тэмцээнд оролцож, Twitch талбар дээр 300,000 гаруй хүмүүс үзжээ. Цахим спортын төрөл анх удаа Олимпийн хөтөлбөрт үзүүлэх тоглолт хэлбэртэйгээр орсон нь  итгэл найдвар төрүүлсэн үйл явдал болсон. 

    2020 SportsPro report-д дурдсанаар цахим спортын орлого Хойд Америкт 252 сая долларын ашигтай бол, Хятад улсад 385 сая долларын орлоготой, өөрөөр хэлбэл Хятад улс нь цахим спортын хувьд дэлхийн хамгийн том тоглогч тул Бээжингийн өвлийн олимпийн хөтөлбөрт цахим спорт ямар нэг хэлбэрээр тусгагдах байх гэсэн хүлээлт талаар болов.  

    Цахим спортын 1-2 төрөл олимпод орох боломжтой. Unknown 1
    Image: Asian Games

    Гэхдээ 2022 оны Азийн тоглолтод FIFA (хөгжүүлэгч нь EA SPORTS), PUBG Mobile, Dota 2, League of Legends, Dream Three Kingdoms 2, HearthStone,  Street Fighter V зэрэг 8 төрлөөр цахим спортын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн төлөө анх удаа Хятад улсын Ганжоу хотод болох Азийн тоглолтонд өрсөлдөнө. 

    Олимп

    П.Кубертин эртний олимпийн энэрэнгүй үзэл санааг баяжуулан хөгжүүлж “Олимпийн хөдөлгөөн нь хүн төрөлхтний эрх чөлөөний үзэл санаа, найрамдалт тэмцээн, биеийн бүх талын хөгжлийг олгож, ард түмний найрамдал, соёл хамтын ажиллагаанд тусална” гэсэн үзэл бодлыг удирдлага болгож 1894 оны 6-р сарын 23-нд байгуулжээ. Өдгөө дэлхийн 150 орон Олон Улсын Олимпийн Хорооны Гишүүн юм. 

    П. Кубертин өөрийн санаачлан байгуулсан ОУОХ-г 1896-1925 онд 29 жил толгойлохдоо Швейцарийн Лозанна хотод 1915 онд нүүлгэн төвлөрүүлсэн бөгөөд 1937 онд 74 насандаа Женев хотод таалал төгссөн юм. Энэ хугацаанд орчин цагийн зуны олимпийн тоглолт нь 32 удаа, өвлийн олимпийн тоглолт 24 удаа болжээ.

    Харин МҮОХ 1956 онд байгуулагдаж, 1962 онд ОУОХ-нд гишүүнээр элссэнээр Монголын баг тамирчид 1964 оноос өвөл, зуны олимпийн наадамд оролцох бүрэн эрхтэй болжээ.

    Харин Монгол улсад 2003 оноос хойш цахим спортын үйл ажиллагаа явуулж байгаа ууган байгууллага Монголын Электрон Спортын Холбоо нь IEF, GEF, AEF, МҮОХ-ны гишүүн юм.

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу